Намрын чуулган эхлээд сар ч болоогүй байтал гишүүдийн ажил тасалдаг зан нь хөдлөв.
Хэлэлцэх асуудал нь чухал биш байдаг юм уу, эсвэл улс төрийн ямар нэг хор найруулаад завгүй явав уу, өнөөдөр товлогдсон УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо даргаа оруулаад тавуулаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн л таван гишүүнтэй хуралдлаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал одоо болтол эхлээгүй байна.
Монгол Улсын бусдаас ялгарах онцлог бол мал аж ахуй. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд мал нь эрүүл байх ёстой. Эл бодлого УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж байхад гишүүдийнх нь ирц 50 хувьд хүрэхгүй нь үнэхээр эмгэнэл. Улс төр хийх болохоор мал аж ахуйн салбараа хөгжүүлэх ёстой, ашиг шимийг нь нэмэгдүүлэх ёстой гэж улигладаг байтлаа бодлого нь ороод ирэхэд таван гишүүн л сууж байна шүү дээ. Монгол төрийн эмгэнэл энэ биш гэж үү. Сайд огцруулах эсэх тухай хэлэлцэх байсан бол хэчнээн олуулаа ирсэн бол… Байнгын хороонд нь харьяалагддаггүй хэрнээ мууд дурлаад ороод ирдэг гишүүн олон. Гэтэл энэ удаад хаалгаар нь шагайх ч гишүүн байсангүй.
Хог хаягдал улсын толгой өвтгөсөн асуудлын нэг. Статистик мэдээллээр 2013 онд хог хаягдал 2.4 сая тоннд хүрч байж. Дөрвөн жилийн өмнөхтэй нь харьцуулахад, дөрөв дахин нэмэгдсэн байгаа юм. Монголоос бусад орнууд хог хаягдлаа дахин боловсруулж, мөнгө болгодог. Харин бид энэ тал дээр юу ч хийж чадалгүй өнөөдрийг хүргэсэн. Шүүмжлэх болохоороо ам уралдуулж ярьдаг атлаа, бодлогынх нь асуудал байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэхээр ороод ирэхэд хууль тогтоогчдын оролцоо тавхан гишүүнээр хязгаарлагдаж байна. Ийм байж таарах уу. Хог хаягдал хүн бүрт хамаатай, цаашлаад улс орны аюулгүй байдал ч хөндөгдөх анхаарал татах сэдэв. Хөгжлийг дагаад химийн олон төрлийн найрлагатай хог хаягдал бий болж, хоргүйжүүлэн устгах асуудал улс бүрийн тулгамдсан асуудал болж байхад хууль тогтоогчдын санааг ер зовоосонгүй. Аягүй бол хууль нь УИХ-аар батлагдаад гарсны дараа “Амьдралгүй хууль баталлаа” гэж цэцэрхэх биз.
Хуулийн төсөл хэлэлцэх болоход зугтааж, алга болчихоод батлагдаад гарсных нь дараа шүүмжилж, “доош“ хийх үзэгдэл энэ парламентын өнгөн дээр бүр гаарах болсон. Ингэж гишүүд ажлаа “халтуурдах”-аа больё. Ажлаа хийвэл хийсэн шиг хий, хийж чадахгүй юм бол ингэж халтуурдах юм хэрэг байна.
Хуулийн төсөл хэлэлцэх болоход зугтааж, алга болчихоод батлагдаад гарсных нь дараа шүүмжилж, “доош“ хийх үзэгдэл энэ парламентын өнгөн дээр бүр гаарах болсон. Ингэж гишүүд ажлаа “халтуурдах”-аа больё. Ажлаа хийвэл хийсэн шиг хий, хийж чадахгүй юм бол ингэж халтуурдах юм хэрэг байна.
Амьдралд хэрэгжих боломжгүй хууль батлагддагийн хар гай бол гишүүдийн оролцоо бага, хэсэг бүлэг хүмүүсийн лоббид зориулсан хууль баталсантай л холбоотой байдаг. Эцсийн дүнд лай ланчгийг нь ард түмэн үүрч, ард нь хууль тогтоогчид “Үүрэхийг нь та нар үүр, аахилахыг нь бид аахилъя" гэсэн шиг аягладаг.
Улс орон сүйрлээ, Та нар асуудлыг ялгаж дугаарлалгүй хуралдаа суудаг болцгоо. Ард түмэн нүдтэй шүү. Хэн нь хууль хэлэлцдэг, хэн нь шоу хийдэг болсон бэ гэдгийг ялгахтайгаа болсон.
Төрийн ажлыг, тэр тусмаа хууль тогтоох байгууллагаар багахан шиг л тоглож, бүрэн эрхээ дуусгаасай билээ, энэ Их хурал.
Г.ХОРОЛ