УБТЗ-ын “Хөдөлгөөнт оношилгооны төв” иргэдийн талархлыг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын “Хөдөлгөөнт оношилгооны төв” иргэдийн талархлыг хүлээж байна

УБТЗ-ын “Хөдөлгөөнт оношилгооны төв” иргэдийн талархлыг хүлээж байна

УБТЗ орчин үеийн дурангийн болон цахилгаан, хэт авианы оношилгоо, эмчилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглосон анхны “Хөдөлгөөнт оношилгооны төв”-ийн 2 вагоныг өнгөрсөн сард урд чиглэлд төмөр зам дагуу аялуулж, төмөр замчид, тэдний гэр бүл, үр хүүхэд болон орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийсэн юм. 17 эмч мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажилласан энэхүү “Хөдөлгөөнт оношилгооны төв” нь Замын-Үүд зангилаанаас Авгын гол, Улаан-Уул, Сайншанд, Зүүнбаян, Айраг, Бор-Өндөр, Олон-Овоо зэрэг өртөө зөрлөгүүдэд ажиллаж, давхардсан тоогоор 2073 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Алслагдсан орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулж, төмөр замчид, тэдний гэр бүл, орон нутгийн иргэдэд хүрч ажилласан нь маш үр дүнтэй ажил боллоо. Тухайлбал, дотрын эмчид 752, мэдрэлийн эмчид 331, эмэгтэйчүүдийн эмчид 210, шүдний эмчид 243 хүн тус тус үзүүлж, эмчилгээ үйлчилгээ авсан байна. Мөн ходоодны дуранд 95, зүрхний цахилгаан бичлэгт 390, тархины цахилгаан бичлэг 28, уушгины багтаамж шалгах төхөөрөмжид 10, умайн хүзүүний дуранд 14 хүн тус тус хамрагдаж, оношлуулсан байна.

Лабораторийн шинжилгээнд 461 хүн хамрагдсанаас биохимийн шинжилгээ 5364, иммунологийн шинжилгээ 706, цусны ерөнхий шинжилгээ 5768, шээсний ерөнхий шинжилгээ 1608, сахарын шинжилгээ 86, цусны бүлэгнэлтийн шинжилгээ 53, бамбай булчирхайн даавар 135, элэгний В, С вирус 112, хеликобактери 96, элэгний хавдрын маркер 55, түрүү булчирхайн хавдрын маркер 8, Д витамины хэмжээ тодорхойлох 115 шинжилгээг хийсэн байна.

Нийт 28 хүнийг төв эмнэлэгт хэвтүүлэхээр шийдвэрлэн хоёр хүнийг яаралтай илгээж, үлдсэн хүмүүсийг хэвтэн эмчлүүлэх дараалалд оруулжээ.

Хүндээ зовиур өгөөгүй элэгний болон бөөрний хавдар тус бүр нэгийг эрт шатанд нь илрүүлжээ.

Ийнхүү төмөр замчид, тэдний гэр бүл, орон нутгийн иргэдэд хүрч, уртасгасан цагаар ажилласан нь тэдний талархлыг хүлээж, үзлэг, оношилгоонд маш идэвхтэй хамрагдсан байна. “Хөдөлгөөнт оношилгооны төв”-өөр  үйлчлүүлсэн хүмүүсийн 1677 нь төмөр замчин, өндөр настан 146, хүүхэд 50 байлаа. Харин орон нутгийн 200 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан орон нутгийн иргэдэд ийнхүү түргэн шуурхай, чанар, хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээ маш их байгаа нь энэ удаагийн үзлэгийн явцад харагдлаа.

“Хөдөлгөөнт оношилгооны төв”-ийг маргаашаас хойт чиглэлд төмөр зам дагуу аялуулж, үзлэг оношилгоо хийлгэхээр товлоод байна. Цаашдаа “УБТЗ” ХНН нь дахин 4 вагоныг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглож, иж бүрэн “Хөдөлгөөнт эмнэлэг”-ийг байгуулах юм. Энэхүү хөдөлгөөнт эмнэлгийг байгуулснаар УБТЗ-ын 1800 гаруй километр урт төмөр замын дагуух өртөө зөрлөг, суурин газруудын 15 мянга гаруй төмөр замчид тэдний гэр бүл, үр хүүхэд болон орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хурдан шуурхай хүргэх бололцоотой болно.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж