Наймдугаар сарын 17-ны 19 цагийн орчим Бангкок хотын төв “Эраван” шүтээний дэргэд тэсэлсэн бөмбөгний улмаас 20 хүн нас барж, 125 хүн бэртсэн байна. Амь насаа алдсан 20 иргэний тав нь Тайланд, хоёр нь БНХАУ, хоёр нь Хонгконг, хоёр нь Малайз, нэг нь Сингапурын иргэн байсан бөгөөд найм иргэний нэр, харьяаллыг тогтоогоогүй байна.
Бэртсэн иргэдийг Бангкок хотын 11 эмнэлэгт байрлуулж эмчилж байгаа бөгөөд эдгээр 125 хүн дотор Тайландын 42, БНХАУ-ын 28, Малайзын хоёр, Хонконгийн хоёр, Сингапурын хоёр, Индонезийн нэг, Филиппиний нэг, Оманы нэг, Мальдивийн нэг, Японы нэг иргэн тус тус байгаа бөгөөд нэр, харьяалал нь тогтоогдоогүй 44 хүн байна.
Уг халдлагад манай иргэдээс өртсөн тухай албан ёсны мэдээ байхгүй байна. ЭСЯ-наас цагдаагийн газар руу цаг тутам утсаар холбогдож мэдээлэл авч байна.Түүнээс гадна, Бангкок хотноо ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгийг цахим шуудангаар хүргүүлээд байна хэмээн МУ-аас Тайландын вант улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Дээр дурдсан үйл явдал болоод 24 цаг өнгөрөөгүй байхад 2015 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 13.20 цагт Бангкок хотын Саторн усан завины зогсоолд тэсрэх бодис дэлбэрсэн байна. Азаар хүн бэртэж, хүний амь нас эрсдээгүй байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар тэсрэх бөмбөгийг завийг онилж шидсэн боловч онолгүй голд унана дэлбэрсэн ажээ.
Тайландын цагдаагийн байгууллага иргэдийн ажил тарах цагт, хөл хөдөлгөөн ихтэй газар алан хядах ажиллагааг дахин зохион байгуулж болзошгүй тул онцын шаардлагагүй тохиолдолд дараах газруудаар зорчихгүй байхыг Тайландын вант улсад суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна. Үүнд:
-Ратчапрасонг 4 замын уулзвар /Ratchaprasong intersection/
-Силом зам /Silom Road/
-Као Сан зам /Khao San Road/
-Наративат 4 замын уулзвар /Narathiwat intersection/
-Ялалтын хөшөө /Victory Monument/
-Түык Чай 4 замын уулзвар /Tuek Chai Intersection /
-Бэнжасири хүрээлэн /Benjasiri Park/
-Тонг Ло гудамж /Soi Tong Lor/
-Сүкүмвит зам /Sukhumvit Road/ зэрэг газруудаад болж өгвөл явахгүй байхыг сэрэмжлүүлжээ.