Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхамтай ярилцлаа.
-Өмгөөллийн үйлчилгээний нийгмийн ач холбогдлын талаар яриагаа эхлэх үү?
-Өмгөөллийн үйлчилгээ манайд бий болсон нь социализмын үетэй холбоотой боловч нийгмийн тогтолцоог ардчилж өөрчилсөн 1990-ээд оноос хойш түүний агуулга, хэлбэрт зарчмын шинжтэй өөрчлөлт гарсан. Зах зээл гэдэг ойлголтыг зөвхөн эдийн засгийн утгаар бараа бүтээгдэхүүнд хамааруулж үзэх хандлага байдаг. Ардчилсан чөлөөт нийгмийн харилцаанд шилжсэнээр эрх зүйн үйлчилгээний чөлөөт зах зээл шинээр нээгдсэн. Өмгөөлөгч нар энэ шинэ зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хувийн хэвшлийн шинжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Зарчмын өөрчлөлт гэдэг бол үндсэндээ үүнтэй холбоотой. Социализмын үед цөөхөн хуультай, төр нь яллагаагаа болон өмгөөллөө аль алиныг хариуцдаг, одоогийнхтой харьцуулбал шүүхэд хүрэх маргаан харьцангуй цөөн ч байсан. Одоо бол манай улсад олон зуун хууль, тогтоомж, түүнийг дагалдаж гарсан өчнөөн мянгаар тоологдох дүрэм, журам үйлчилдэг боллоо. Үүнийг жирийн иргэн байтугай, эрх зүйн мэргэжилтэй бүхэн бүрэн судалж хэрэглэхэд бэрхтэй болсон. Гол харилцаа нь эрх зүйгээр зохицуулагддаг, хуулийг дээдлэн захирагдах зарчимд суурилсан нийгэмд иргэд алхам тутамдаа эрх зүйн харилцаанд орж, тэр болгонд эрх зүйн зөвлөгөө, тусламж хэрэг болдог боллоо. Ийм нөхцөлд мэргэшсэн өмгөөлөгчдийн чанартай, хүнлэг, шуурхай үйлчилгээ улам л чухал болсоор байна. Цаашид ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөх тал нь эрх зүйн үйлчилгээ үзүүлэх арга хэлбэртэй холбоотой байх төлөвтэй.
-Чанартай гэдэг бол ойлгомжтой сонсогдож байна. Харин өмгөөлөгчийн хүнлэг чанар гэдэгт юуг багтааж ойлгох ёстой вэ?
-Юуны өмнө би түрүүнд өмгөөлөгч эрх зүйн зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн зах зээлийн зарчмаар ажиллагдаг гэж хэлсэн шүү дээ. Зах зээл өөртөө өрсөлдөөний хатуу зарчмыг агуулдаг. Гэхдээ өмгөөлөгчид хандаж байгаа хүмүүс ямар нэгэн тулгарч тулгамдсан асуудалтай, түүнийгээ зөв шийдвэрлэхэд нь тусалж чадна гэж горьдож, итгэл тээж очдог. Энэ нөхцөлд өмгөөлөгч хуульч гэдгээ харуулахаас өмнө өөрийгөө шударга хүн гэдгээ харуулах ёстой. Дараа нь үйлчилгээний шинж чанар, авах төлбөрийн асуудал дээр ойлгомжтой, үндэслэлтэй ярилцаж тохиролцох учиртай. Үйлчлүүлэгчийг мөнгө гэж харж болохгүй. Хүний зовлон гачлан дээр тоглож болохгүй гэсэн үг л дээ. Өмгөөлөгчид ашиг орлого мэдээж чухал, үүний төлөө явж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хүний зовлонг өөрийнх шиг ойлгож хандаж чаддаг байх нь өмгөөлөл явуулж байгаа хүний гол ноён нуруу байх учиртай. Гадаадын орнуудад том өмгөөлөгчид ч тодорхой хувьд нь төлбөрийн боломж муутай хүмүүст буяны буюу өрөвч сэтгэлийн үйлчилгээ үзүүлдэг сайхан туршлага, соёл байдаг юм билээ. Өмгөөлөгч хүн барьц алдсан үйлчлүүлэгчийн жинхэнэ өмөг түшиг нь байх ёстой.
-Өмгөөллийн үйлчилгээний шуурхай байдал, арга хэлбэрийн өөрчлөлтийн талаар та түрүүнд дурдсан. Тэр талаар дэлгэрүүлж хэлэх үү?
-Шуурхай байдал гэдэг бол цаг хугацааны үнэ цэнэтэй холбоотой ойлголт. Одоогийн бидний амьдарч байгаа эрин үед цаг хугацааны үнэ цэнэ улам өсч байна. Аж үйлдвэрийн дөрөв дэх үеийн хувьсгал бодит байдал болсныг сүүлийн жилүүдэд бид харж байна. Шинжлэх ухааны хүрч байгаагүй өндөр түвшин, урьд өмнө төсөөлж байгаагүй цахим технологит суурилсан үйлдвэрлэлийн хувьсгал явагдаж байна. Үүнийг хуучин зүйл шинэчлэгдэж байгаа хувьсал биш, бүр бүх зүйлийг өөрчлөх шинжтэй хувьсгал гэж нэрлээд байгааг анхаарах хэрэгтэй. Энэ хувьсгал өөрөө бүхий л тэргүүлэх, үр ашигтай технологиудыг нэгтгэн хөгжих шинэ боломжуудыг нээж өгч байна. Шинэ технологийн энэ хувьсгал бүхий л улс орнууд, төрийн, хувийн хэвшлийн бүх байгууллагуудыг өөрийн эрхгүй хамарч, үүнийг дагаад хүмүүсийн хандлага, сэтгэлгээнд ч өөрчлөлт гарч байна. Энэ дөрөв дэх үеийн хувьсгал гэж нэрлэж байгаа үйл явцтай хөл нийлүүлэхийн тулд орчин үеийн өндөр үр ашигтай технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн дижитал шилжилтийн бодлогыг улс орон бүр боловсруулж мөрдөж, туршиж эхэлж байна. Даяаршлын нөхцөлд үүнээс үлдэж хоцрох арга байхгүй. Энэ шилжилтийг цаг алдалгүй хийх ёстой. Манай улс ч гэсэн энэ талаар бодлогоо тодорхойлоод явж байгаа. Эрх зүйн үйлчилгээ гэдэг бол бас л нэг төрлийн үйлдвэрлэл шүү дээ. Англи хэлээр “Legal industry” гэж нэрлэсэн байдаг даа. Тэгэхээр маш хурдан өөрчлөгдөж байгаа энэ нөхцөл байдлыг мэдэрч дижитал шилжилт хийх зайлшгүй шаардлага эрх зүйн үйлчилгээнд ч нэгэн адил тавигдаж байгаа юм.
-Эрх зүйн үйлчилгээний арга хэлбэр энэ чиглэлээр цаашид ямар чиглэлээр өөрчлөгдөнө гэж та төсөөлж байна вэ?
-Энэ хурдтай өөрчлөлтийг дагаад эрх зүйн үйлчилгээ авах хэрэглэгчдийн мэдээлэл шуурхай солилцох, зайнаас харилцах боломж, цаг завын үнэ цэнэ бүгд өөрчлөгдөж байна. Бид бага анзаарч байгаа болохоос өөрөөсөө эхлээд л сайн анзаарвал хэдхэн жилийн өмнөхөөс энэ байдал эрс гэж хэлж болохоор өөр болсон байгаа. Нэгэнт үйлчлүүлэгчид, үйлчилгээ хэрэглээний зах зээл өөрчлөгдсөн бол тэрнийг дагаад өмгөөллийн үйлчилгээ шинэ арга хэлбэрийг сонгох зайлшгүй шаардлага тулгарсан гэсэн үг. Үйлчлүүлэгч тохирох өмгөөлөгчөө хайгаад баахан цаг алддаг, уулзаж ярилцах гэж өчнөөн юм болдог, зөвхөн ажлын байран дээр нь очиж зөвлөгөө, үйлчилгээ авдаг гэх мэт хуучин арга барилтай зууралдаад байвал хол явахгүй болж байна. Интернетийн мэдээлэл, ухаалаг гар утасны өргөн хэрэглээ, нийгмийн цахим сүлжээ, энэ чиглэлийн технологийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг ашиглаад өмгөөллийн үйлчилгээний цар хүрээ, хүртээмж, хурд, үр нөлөө, ашиг орлогыг нэмэгдүүлэх алхмыг зарим орнууд хийгээд эхэлсэн байна. Үүнийгээ англиар “Legal technology” товчоор “Legal tech” гэж нэрлэдэг болж. Өөрөөр хэлбэл орчин үед өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх технологи шинэчлэгдлээ гэсэн үг. Өмгөөллийн үйл ажиллагааны шинэчлэл энэ чиглэлээр явагдах нь маш тодорхой боллоо. Боломжтой хэсэгт нь хиймэл оюун ухааны талаарх ололтыг ч хэрэглэх нөхцөл бүрдэх байх.
-Энэ шинэчлэл төр, нийгэм, өмгөөлөгч, үйлчлүүлэгчид ямар ач холбогдолтой тусах бол?
-Өмгөөллийн үйл ажиллагааг цахим технологит шилжүүлэх нь улс орны хөгжлийг дижитал шилжилттэй холбон тодорхойлсон төрийн бодлогын хэрэгжилтийн нэг хэсэг нь болно. Шинэ технологит суурилсан үйлчилгээ нь илүү өргөн хүрээг хамарч, үйлчлүүлэгчид хүрэх хүртээмж нэмэгдсэнээр нийгмийн харилцаанд эрх зүйн соёлтой оролцох хандлага нэмэгдэнэ. Олон хандагч, хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байгаа өмгөөлөгчдийн мэдлэг ур чадвар өндөр байхаас аргагүй болно. Үүнийг дагаад орчин үеийн хэрэгцээг мэдэрч чаддаг, мэргэшсэн сайн өмгөөлөгчдийн эгнээ өргөжнө. Хамгийн гол нь хэрэглэгч буюу үйлчлүүлэгч шүү дээ. Хаана байгаа газраасаа өмгөөлөгчөө судалж сонгох, зайнаас харилцаж зөвлөгөө мэдээлэл авах, үйлчилгээгээ заавал нүүр тулсан хэлбэрээр авахгүй болсноор цаг зав нь хэмнэгдэхээс гадна илүү шударга, өөрийн эрэлтэд нийцсэн чанартай үйлчилгээг технологийн дэвшил ашиглан илүүдэл чирэгдэлгүй авах боломж бүрдэнэ. Эрх зүйн үйлчилгээний технологийг ашиглаж зөвхөн өмгөөлөл ч биш, эрх зүйн холбогдолтой мэдээлэл, мэдлэгийг түгээх өргөн боломж бий.
-Саяхан ilaw.mn гэсэн цахим хуудас нээж, түүгээр эрх зүйн үйлчилгээ үзүүлэх платформ бий болсон талаар Заяа энд Золоо ХХНөхөрлөл танилцуулга хийсэн. Энэ таны сая ярьсан эрх зүйн технологийн чиглэлд хийж байгаа алхам мөн үү?
-“Заяа энд Золоо” ХХНөхөрлөлийн залуучуудад үүгээр дамжуулан баяр хүргэж байна. ilaw.mn цахим хуудас руу ороход “Хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлэгч ухаалаг платформ” гэсэн нүүр хуудасны бичиг их содон харагдаж байна билээ. Хэн нэгэн энэ чиглэлд түүчээ болж түрүүлж хөдлөх ёстой. Хэдийгээр гадны зарим туршлага байгаа боловч манай хөрсөн дээр дасаж дадаагүй шинэ технологи гардаж нэвтрүүлнэ гэдэг мэдээж амаргүй. Тэгэхдээ болзошгүй эрсдэлээс эмээхгүй, хийе бүтээе гэсэн эрмэлзлээр өмгөөллийн үйлчилгээний хүрээнд дижитал шилжилт хийх алхмыг зориглон хийж байгаад нь талархаж байна. Энэ залууст урам өгөх ёстой, юу чаддагаараа дэмжиж туслах ёстой гэж бодож байна. Миний энэ ярилцлага ч гэсэн олон нийтэд эрх зүйн технологийн шинэчлэлийн ач холбогдлыг сурталчлахад дэм болох болтугай. Аливаа шинэ зүйл нэвтрүүлэхэд түүнийг олон нийтэд ойлгуулах, мэдээлэл түгээх ажлыг хангалттай сайн хийх хэрэгтэй байдаг. Эхэлж байгаа учраас шинэ технологиор хүргэх үйлчилгээний чанарыг анхнаас нь бодож бэлтгэлээ сайн базаахад анхаарах хэрэгтэй. Энэ бол өмгөөллийн нэг нэгж нуруун дээрээ үүрээд дангаараа хийчих төдий ажил биш, төрийн бодлогын нэг хэсэг учраас цаашдаа төр засаг, Хуульчдын холбоо, өмгөөллийн байгууллагын туслалцаа дэмжлэг чухал гэдгийг зориуд нэмж хэлье.
Холбоотой мэдээ