Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй Гранд Тур ангиллын 3 (Жиро д’Италиа, Тур де Франс, Вуэльта Испаниа) уралдааны нэг болох Вуэльта Испаниа уралдааны 10 дахь гараа өчигдөр явагдлаа. Тэмцээний 10 дахь гараа Францын баруун өмнөд нутагт 36.2 км-н хувийн ганцаарчилсан цагийн уралдаанаар үргэлжилсэн бөгөөд тус гараанд Словени дугуйчин П.Роглич нийт замыг 47 мин 05 сек-н амжилтаар түрүүлж барианд орсноор Вуэльта Испаниа уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлэн улаан цамцны эзэн болов.
“Jumbo-Visma” багийн Словени дугуйчин энэ удаагийн Вуэльта Испаниа уралдаанд тун амжилттай оролцож байгаа бөгөөд нийлбэр дүнгээр 36 цаг 05 мин 29 сек-н амжилтаар тэргүүлж байгаагаас гадна 89 оноотой оноогоор тэргүүлж байна. Өнөөдөр тэмцээний 11 дэх өдрийн гараа талын замд 180 км-н зайд явагдана.
Б.БЯМБАБАЯР