ТҮЦ-д худалдаалж байсан хиам, өндөгтэй хавчуургатай талханд хордсон 25 иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ. Одоогоор зургаан хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн хоёр нь сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжсэн байна. Тодруулбал, ТҮЦ-ээс долдугаар сарын 18-22-ны өдрүүдэд хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч идсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдсэн байдаг. Үүний дараа дахин 45 хүн хордсон оноштой хандсаныг тус эмнэлгээс мэдээлсэн.
Хордлогод орсон иргэд Тэнгис кино театр, Хүүхдийн урлан бүтээх төв болон Багшийн дээд, Бөхийн өргөөний автобусны буудлын ойролцоох ТҮЦ-үүдээс хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч идсэн байна. Ийн олон хүн хордож, эрүүл мэндээрээ хохирсны эцэст нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 6,507 хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн 270 нь зах худалдааны төвүүд хамрагдаж, 88 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс 200 дээж авч лабораторид шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс хадгалалтын горим зөрчигдсөн, чанарын шаардлага хангаагүй, муудсан 84 нэр төрлийн 2,454 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан аж.
Иргэдийн хувьд ТҮЦ-ийн хавчуургатай талх, хуушуур, кимбаб, дэлгүүрт худалдаж байсан мах, pepsi ундаа зэрэг хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний тохиолдлоор маш их хандаж буйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж буй юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ