“The Hu” хамтлаг наадмын арга хэмжээнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг наадмын арга хэмжээнд оролцохгүй

“The Hu” хамтлаг наадмын арга хэмжээнд оролцохгүй

“Хүннү” рок хэмээх цоо шинэ урсгалаар Монгол төдийгүй дэлхийг шуугиулж буй “The Hu” хамтлаг Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, эх орондоо ирлээ. Тэд Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн билээ. Хамтлагийн тухай Европын орнуудын мэдээллийн сайтууд онцолж, тэдний бүтээлийг дэлхийн сая сая сонсогчдод хүргэжээ.

Ийн дэлхийд Монгол өв соёл, урлагаа сурталчилж яваа “The Hu” хамтлагийг өнөөдөр /2019.07.08/ нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.

Ц.ГАЛБАДРАХ: БИДНИЙГ ОЛОН ЖИЛ СОНССОН ФЕНҮҮД ШИГ Л ДОТНООР ХҮЛЭЭН АВСАН

Уг ёслолын арга хэмжээний үеэр “The Hu хамтлагийн ахлагч Ц.Галбадрахтай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Аян замдаа сайн явж ирэв үү?

-Манай хамтлагийнхан өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Сая гэртээ хальт амсхийгээд л нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнах ёслолын арга хэмжээ ирж байна. Цагийн зөрүү сайн гараагүй байна.

-Европын орныг байлдан дагуулсан аялан тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Бид Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгууллаа. Мөн албан ёсны рок фестиваль болох Францын “Sama rock”, Английн “Download festival”,  “Rock аm Ring” зэрэг алдартай найман наадамд амжилттай оролцлоо. Хамтлагийн тоглолтын тасалбар эрэлт ихтэй, үзэгчдээр дүүрэн байсан нь гайхалтай санагдсан. Биднийг маш олон жил сонссон фенүүд шиг л маш дотноор хүлээн авч, “Хү, Хү Хү” хэмээх орилцгоож байсан. Тэр тоглолтын эмоци, цугласан олны баяр хөөр бидэнд маш их урмыг өгсөн. Хамтлагийн тухай Европын орнуудын мэдээллийн сайтууд онцолж, ярилцлага авсан. Тэр дундаа АНУ-ын алдарт “National public” радио онцолсон явдал байлаа.

-Аялан тоглолтын тасалбар ч маш их эрэлттэй байх шиг байсан?

-Бид аялан тоглолтоо хийхээс хоёр сарын өмнө зараа тавиад, тоглолтоо эхлүүлэхэд тасалбар хэдийнэ дуусчихсан байсан. Зарим үедээ тоглолтын заалаа томруулахаас өөр аргагүй байдалд орж, өөрчлөх тохиолдол гарсан. Зарим хотуудад 300-400 суудалтай байсан газруудад 800-1000 суудалтай болгон заалаа өөрчилсөн. Аялан тоглолтын үеэр хамтлагийн лого бүхий цамц, малгай, цамц худалдаалж, борлуулалт ихтэй долоо, найман удаа Монголоос авч ирж байсан.

-Хамтлагийн анхны “Гэрэг” пянзны нээлт хэзээ болох вэ?

-Бид ирэх есдүгээр сарын 13-нд дэлхийн хэмжээнд анхны “Гэрэг” пянзныхаа албан ёсны нээлтийг хийнэ.

-Сонсогчдын зүгээс та бүхний уран бүтээлийг сонсоод, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн тохиолдол хэр их гарсан бэ?

-Тийм зүйл асар их байгаа. Бидний анхны уран бүтээлийн клип гарахаас эхлэн сонсогчид маш сайхан сэтгэгдлийг хэлж байсан. Гадаадад нэг залуу хосын гэргий нь хорт хавдартай болж, маш хэцүү байдал байхдаа манай “Чонон сүлд” дууг сонсож, эрч хүч авч, бага багаар бие нь сайжирч байна гэдгийг бичиж байсан.

Б.ДАШДОНДОГ: “THE HU ХАМТЛАГ ДЭЛХИЙН РОК ХӨГЖМИЙН УРСГАЛД ЦОО ШИНЭ ХУУДСЫГ НЭЭСЭН

-Монголын “The Hu хамтлагийн уран бүтээлийг гаднын экспертүүд хэрхэн дүгнэсэн нь сонин байна?

-Монголын “Хүннү” рок урсгалаар тоглодог “The Hu” хамтлагийн уран бүтээлийг гаднын экспертүүд маш сайхнаар дүгнэсэн. Ерөнхийдөө “Дэлхий дахинаа рок хөгжмийн урсгал нэг хэв шинжинд орж, хөгжил нь зогсох тал руугаа орж байсан. Гэтэл Монголын “The Hu” хамтлаг дэлхийн рок хөгжмийн урсгалд цоо шинэ хуудсыг нээж өгсөн” гэж дүгнэсэн нь маш үнэ цэнэтэй байлаа.

-“The Hu хамтлагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу?

-Одоо есдүгээр сараас АНУ-д тоглолттой. Латин америк орнуудаар одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаагийн аялан тоглолтоор арванхоёрдугаар сар хүртэл явах байх. АНУ-д очихдоо есдүгээр сарын дундаар анхны “Гэрэг” пянзныхаа албан ёсны нээлтийг хийнэ. Хамтлагийн дараагийн цомгийн талаар одоохондоо нууцалж байгаа.

-Хамтлагийн залуус Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд оролцох уу?

-Үгүй. Хамтлагийн залуус маань саяхан аялан тоглолтоо дуусгасан учраас эх орондоо хэсэг амрах хэрэгтэй. Амралтын дараагаар ирэх есдүгээр сард аялан тоглолтоо үргэлжлүүлнэ.

 

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж