Нэгдсэн үндэсний байгууллагын Гамшгийн аюулыг бууруулах газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал”-ыг Япон улсад гуравдугаар 13-18-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд тус хуралд Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэ удаагийн бага хуралд дэлхийн 18 орны төрийн тэргүүнүүд, 100 гаруй орны сайд нар дугуй ширээний ярилцлага, дээд түвшний салбар дундын түншлэлийн хэлэлцүүлэг, сэдэвчилсэн хуралдаануудад оролцож байгаа аж. Энэ сарын 14-нд Шадар сайд У.Хүрэлсүх гамшгийн шинэ эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлэх, гамшгийн өртөнгө, эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, соёл, хүрээлэн буй орчны арга хэмжээг хэрэгжүүлэх замаар одоо байгаа гамшгийн эрсдэлийг бууруулж, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Ирэх 20 жилд гамшгийн улмаас хүний амь нас эрсдэх байдал, ард иргэдийн аж амьдрал, олон нийт цаашлаад улс орны нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үнэт зүйлст учрах хохирлыг бодитоор бууруулахад олон улсын түншлэлийг өргөжүүлэх нь нэн чухал болохыг Шадар сайд өөрийн илтгэлдээ онцолжээ.
С.ОТГОН