УИХ-ын дарга &#34Кино инкубатор” төсөл санаачлагчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга &#34Кино инкубатор” төсөл санаачлагчидтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.11/ бүтээлч аж үйлдвэрийн кластерийн эхлэл болох “Кино Инкубатор” төслийн удирдлагуудтай уулзав.

Монголын кино урлагийн шинэ үеийг нээн илрүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай, уран бүтээлчид баг хамт олныг төлөвшүүлэх зорилготой Инкубатор төслийг Монголын Кино Урлагийн Зөвлөлийн “Кино урлагийн хүрээлэн”, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран хэрэгжүүлэх юм байна.

Кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудад 125 мэргэжил байдаг бол манай улсад ердөө найруулагч, жүжигчин, зураглаач, зураач зэрэг 6 мэргэжлийн уран бүтээлч бэлтгэдэг. Тиймээс олон улсын жишигт нийцсэн чандварлаг боловсон хүчнийг бэлтгэх нь Монголын кино урлагийг хөгжүүлэх хамгийн эхний алхам хэмээн төслийн багийнхан Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Түүнчлэн өдөр өдрөөр шинэчлэгдэн хөгжиж байгаа дэлхийн кино урлаг зардал өндөртэй хальсны технологиос татгалзаж, дижитал технологи руу шилжиж байгаа. Монголын уран бүтээлчид дижитал технологийг өргөн хэрэглэж байгаа боловч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлт бүхий мэргэжлийн техникүүдийг худалдан авах боломж байхгүй байна. Жилд 40 гаруй шинэ кино үзэгчдийн хүртээл болж байгаа ч чухал ач холбогдол бүхий зарим төрөл, жанруудыг зах зээлийн өрсөлдөөний хуульд даатган орхих аргагүй болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, олон улс кино урлагаа төрийн бодлогоор дэмждэг. Хүний хөгжлийг хэрхэн анхаарч байгааг артхаус төрлийн кино хэрхэн хөгжиж байгаагаас харах түгээмэл жишиг дэлхий нийтэд тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс кино урлагийн хүч, нөлөөг ашиглан залуусын хүмүүжил танин мэдэхүйд ашигтай хүүхдийн болон түүхэн, баримтат кино, олон улсын тавцанд Монголыг сурталчлах хэмжээний артхаус киног бодлогын түвшинд дэмжих зайлшгүй шаардлага үүсээд байна хэмээсэн.

Инкубатор төслийн үр дүнд монголын кино урлагт шинэ стандарт нэвтэрч, зөв гольдрилоор бие даан хөгжих тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ удаан хугацаанд алдагдсан кино урлагийн боловсон хүчний бодлого шинэ агуулгаар баяжиж, шинэчлэгдэнэ. Инкубаторт хэрэгжиж баяжсан мэдээлэл болон сургалтын хөтөлбөрийг Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах хэтийн зорилготой төсөл юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж