-Дубайн нээлттэй тэмцээний шигшээд тэмцээний тэргүүлэн тоглож буй Румыний Симона Халеп, Чехийн Каролина Плискова нар шалгарлаа-
АНЭУ-ын Дубайн хотноо болж буй нээлттэй тэмцээний шигшээд Румыний Симона Халеп, Чехийн Каролина Плискова нарын теннисчид шалгарлаа. 2 сая 513 мянган ам.долларын шагналын сантай "Dubai Duty Free Tennis Championships"-д дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдгүүдээс бусад нь оролцсон. Тодруулбал дэлхийн чансааны топ арван теннисчнээс долоон хүрэлцэн ирсэн.
Тэмцээний хагас шигшээ тоглолт өнгөрсөн шөнө болж, тэмцээнийг тэргүүлэн тоглосон дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Румыний Симона Халеп Данийн Вознияцкийг 2:6, 6:1, 6:1-ээр хожжээ. Харин нөгөө хэсгээс тэмцээнд 17-д эрэмбэлэгдсэн Чехийн Каролина Плискова шалгарсан байна. Тэрээр шөвгийн наймд нутаг нэгт Сафароваг, хагас шигшээд Испанийн Гарбине Мугурузаг 6:4, 5:7, 7:5-аар хожиж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан.
Шигшээ тоглолт бямба гаригт болно.
2 сая 513 мянган ам.долларын шагналын сантай "Dubai Duty Free Tennis Championships" тэмцээний аварга 456 мянган ам.доллар хүртэж, чансааны 900 оноог хүртэх юм. Харин дэд аварга 227 мянган ам.доллар хүртэж, чансааны 585 оноог авах юм.
Тус тэмцээний өнгөрсөн жилийн аваргаар АНУ-ын Винус Уильямс шалгарч байсан бөгөөд энэ жил аваргаа хамгаалахаар ирсэн түүний хувьд гуравдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүлжээ.
Ч.БОЛОР