Л.Болд: Нуугдаж тоглодог улс төр хол явдаггүй

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Л.Болд: Нуугдаж тоглодог улс төр хол явдаггүй

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хэд хоногийн өмнө УИХ төсвийн тодотголыг баталлаа. Эдийн засгийн бодит байдалтай харьцуулахад хэр боломжийн тодотгол болов?  

-Аливаа Засгийн газар улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, хөрөнгө санхүүгийн бололцоог нь бүрдүүлнэ, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж байгуулагддаг. Энэ удаа төсвийн төслийг өргөн барихдаа төсвийн мөнгийг зарцуулах эрэмбээ алдсан юм уу даа гэж харагдсан. Засгийн газарт хөрөнгө мөнгө дутагдах үе ирдэг. Ийм үе Засгийн газарт анх удаа тохиолдож байгаа юм биш. Өмнө нь ч гэсэн тийм нөхцөл бий болдог л байсан. Гэхдээ Хүүхдийн, Эхчүүдийн, Оюутны тэтгэлгийн мөнгө гэх мэт нийгмийн халамжийн гол алхмуудаа танасан байдлаар оруулж ирсэн нь зөв байгаагүй. УИХ-аар хэлэлцэх явцад түүнийг засаж залруулаад, баталлаа. УИХ-аар засаж болж байгаа шиг Засгийн газар анхнаасаа энэ асуудлыг зөв өргөн барьж болох байсан. Заавал УИХ-д хэрүүлийн алим шиг зүйл хэлэлцүүлж,  тэтгэвэр тэтгэмжийг нь хасна гэсэн  буруу дохио олон нийтэд өгөх хэрэггүй юм. Бид зөв ойлголцоод, ажиллавал мөнгө ч байгаа, бололцоо ч бий. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлийг айхтар гүнзгийрүүлчихгүй аваад явчих боломж байгаа юм.  

-Төсвийн тодотголыг УИХ нэлээн өөрчилж баталсан. Баталсан тодотголоос Монгол Улсын эдийн засагт өгөх өгөөж нь хэр байна?  

-Төсөвт орлого, зарлагаа танаж баталсан. Гэхдээ энэ Засгийн газар зөв л бодлого оруулж ирэхгүй бол 73 гишүүнээс бүрдсэн олонхитой ч ирц бүрдэхгүй байхаас эхлээд оруулж ирж байгаа хуулийг нь парламент дэмжихгүй, гол бодлогыг  нь хүлээж авахгүй байна л даа. Энэ бол Засгийн газар олонхийн дэмжлэгтэй байж чадаж байна уу, үгүй юү, хэр тогтвортой вэ байх нь вэ гэдэг талдаа бол нэг ёсны дохио юм. Тиймээс  Засгийн газар  үүнд  анхаарч ажиллах хэрэгтэй.

Тэгэхгүйгээр Засгийн газар гэж цаанаа нэг хаалттай групп байдаг, “Их хурлын 73 гишүүнийг багтаасан намууд эвссэн юм чинь яадаг  юм бэ” гэсэн байдалтай харагдаад байна. Энэ бол маш буруу.  

-Уг нь энэ удаагийн Засгийн газарт УИХ дахь бүх нам, эвсэл хамтарч орсон.  Гэвч УИХ-д өргөн барьсан төслүүдийг нь парламент хэлэлцэх явц удаан, бодлогыг нь өөрчилж баталдаг, зарим асуудлаар Бүлгүүд завсарлага авах байдал ажиглагдаж байна. Үүнийг таны хэлж байгаачлан Засгийн газарт УИХ-аас өгч байгаа дохио гэж харж болох уу?

-Засгийн газар цаасан дээр нэг юм буулгадаг, түүнийгээ тайлбарлахдаа өөрөөр ярьдаг. Энэ байдал нь эргээд мухардалд орох, тал талдаа үл ойлголцол үүсэх нөхцөлийг бий болгоод байна. Ер нь Засгийн газарт УИХ-аас бүрэн дэмжлэг байна уу, үгүй юү гэх мэт олон асуудал эргэлзээтэй байна.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үед улсын өрийн хязгаарыг ДНБ-ий хэдэн хувьд хүргэх вэ гэдэг асуудал намын бүлгүүдийн дунд зөвшилцөл шаардсан сэдэв байсан. Гэхдээ УИХ 58.3 хувь байхаар өрийн хязгаарыг баталлаа. Энэ бол манай улсын өрийн одоо байгаа, тулсан  хэмжээ. Тэгэхээр цаашид  Засгийн газар  хаанаас хямд  санхүүжилт олох вэ?

-Засгийн газар анх байгуулагдахдаа улсын өрийн хязгаарыг нэмэх тухай яриагүй.  Өмнө нь нэг зүйл  ярьдаг, дараа нь түүнийгээ өөрчилдөг байж таарахгүй. Би Засгийн газрыг байгуулах зөвшилцлийн Ажлын хэсэгт орсон. Зөвшилцөл хийж байх үед “Өрийн хязгаарыг нэмэх тухай яриа байхгүй. Одоо байгаа нөхцөл байдалдаа зохицуулаад  ажиллана” л  гэсэн.

-Өрийн хязгаарыг нэмэхгүй гэсэн хатуу тохиролцоог гэрээн дээр тусгасан гэж үү?

-Тийм. Гэтэл маргааш нь “Өсгөхөөс өөр арга алга” гэдэг. Энэ бол улс төрд их явуургүй арга. Анхнаас нь асуудлаа үнэнээр нь ярих хэрэгтэй. Гэтэл одоо ард түмнийг,  зөвшилцөл хийсэн талуудаа, өөрийн намаа хуурсан болчих гээд байдаг. Нуугдаж тоглодог ийм улс төр хол явдаггүй юм.

-Ардчилсан намын ҮЗХ-ноос Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр  дэвшүүлэхдээ УИХ-ын гуравны хоёроор баталдаг гол хуулиудыг урагшлуулах үүргийг өгсөн. Үүнд өрийн хязгаарыг өсгөх асуудал ч бий гэж хэлдэг  л  дээ.  Энэ  үнэн  үү?

-Тийм зүйл байхгүй. Ч.Сайханбилэг мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Р.Амаржаргал гишүүнтэй өрсөлдөж, олонхийн санал авсан.  “УИХ дахь бүх улс төрийн хүчнүүдийг нэгтгэж,  хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэнэ. Тэгэх арга,  бодлого нь бий” гэсэн. Тиймээс тэр амлалтынх нь  хэрэгжилтийг  л  харж байна.  

-Өрийн хязгаарыг нэмэхгүйгээр эдийн засгаа тэтгэх ямар арга байгаа гэж та хардаг вэ?

-Бололцоо бий. Ер нь  бид  эргээд коммунист, социалист нийгэм рүүгээ яваад байна. Бүх зүйлийг төр шийддэг, төвлөрүүлдөг болчихсон. Ардчилсан нам үзэл баримтлал, үндсэн бодлогоосоо улам л хазайгаад байна. Олон нийт ч гэсэн засаг төр лүү ойртохгүй бол ажил хэрэг нь бүтдэггүй, бизнес нь урагшилдаггүй гэсэн ойлголттой болчихож.

Уг нь манай улс ямар нэгэн өрийн хязгаараас санхүүжилт хайх  шаардлагагүй юм.  Монгол Улсад хөрөнгө оруулалтын арга, хэлбэр, хөгжлийн төслүүд хангалттай байна. Мөнгө олох хамгийн амархан арга нь зээл. Улс орон, ард түмнээ барьцаалж байгаад урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явах нь Засгийн газарт хөлс урсгахгүй амар байж болно. Гэхдээ амьдрал тийм  биш. Ийм замыг түрүүлж сонгодог улс орон дэлхийд байхгүй. Цэргийн дэглэмтэй улсууд л тэгдэг байх. Тиймээс бид иргэддээ итгэж, тэдэнд эрхийг  нь,  өмчийг  нь  өгөх хэрэгтэй.  Иргэдээ баялгийн,  газрын  эзэн болговол Монгол Улс маш хурдан босоод ирэхээр харагдаад байгаа юм.  

-Гадаадын хөрөнгө оруулалт 2012 оноос хойш  үнэмлэхүй унасан. Энэ байдал  чухам юунаас болсон гэж та боддог вэ?  

-Аливаа хөрөнгө оруулагчид юун түрүүнд ашигтай газар очдог. Харин бид бизнесийн салбараа нухачсаар байгаад ашиггүй болгочихлоо. Хоёрдугаарт ашиг бага ч хууль эрх зүйн  орчин тааламжтай газар л хөрөнгө оруулагчид очдог. Гэтэл энэ тал дээр ч манайх маш их алдаа гаргаж байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчид байж суух аргагүй болоод гараад явчихлаа л даа. Энэ байдлыг засах  нь одоогийн Засгийн газрын нэн  тэргүүний хийх  ёстой ажил.  

-Засгийн  газар хөгжлийн замаа сонгох хоёр хувилбартай санал асуулгыг ард түмнээс авч эхэллээ. Эхнийх нь Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох, нөгөөх нь зардал хэрэглээгээ бууруулах  байдлаар ханшаа тогтоох хоёр сонголтоос хамгийн олон санал авсныг  нь хэрэгжүүлэх юм байна.  Та аль сонголтыг  нь дэмжих  вэ?  

-Энэ бол хоёр  зам биш, нэг л зам. Аль аль  нь  байх ёстой. Нэг бол  өр  тавьж,  бүх асуудлыг шийдээд, ард түмэн  хараад сууж байх коммунист сэтгэлгээгээр хандаад  байдаг, эсвэл нэг том төслийг шүтчихдэг. Тэгж болдоггүй л байхгүй юу. Нийтээрээ ажилладаг, санаачилдаг, эрх нь нээлттэй байх нийгмийн  шинэчлэлийг хийхгүй бол төр засаг зардлаа хэмнээд ч, гаднаас мөнгө олж ирээд ч бүтэхгүй. Бүтэхгүй гэдгийг  нь хангалттай харлаа шүү дээ. Нэг  том төсөлд  найдах  нь эрсдэлтэй. 90-ээд онд зэсийн үнэ шалдаа хүртлээ буусан шиг байдал бий болчихвол яах вэ. Хамгийн чухал нь аль болох олон компани, хүмүүс санаачилга гаргадаг, тэдний эрхийг төр нь баталгаажуулж өгдөг, иргэд нь хөрөнгө өмчтэй болж байж улс орон урагшилна. Тэгэхгүйгээр зүгээр л  “А”,  “Б” гэсэн зам гаргах  нь оновчтой биш.  

-Засгийн газар Өршөөлийн хуулийг  боловсруулаад  өргөн  барилаа. Ийм арга эдийн засагт үр  дүнгээ өгч чадах  болов уу?

-Ямар цаг үед, ямар нөхцөлд гаргаж байгаагаас шалтгаалдаг. Эдийн засгийг дэмжих олон аргын л нэг. Гаргаад үзэг, үр  дүн нь яаж гарах нь вэ гэдгийг харъя.  Гэхдээ би ийм  зүйлд нэг их итгэдэггүй. Хуулийн зөрчилтэй эд хөрөнгийг хуулийн дагуу болгох гэсэн оролдлого л юм даа. Гэхдээ анхнаасаа хуулийн дагуу ажиллаж байсан хүмүүст ямар урамшуулал өгөх юм бэ. Үнэн зөв, шударгаар явсан нь хохироод дампуурдаг,  татвараас бултаж, нууж хааж явсан нь хождог байж таарахгүй. Тиймээс Өршөөлийн хуулийн хамт чин шударгаар явж байсан хүмүүсээ дэмжих урамшуулах бодлого нь гараасай гэж бодож байна.  

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албан дахь халаа сэлгээ нам хамаарахгүй хавтгайрлаа. Ардчилсан намаас томилогдсон сайдууд хүртэл хайр найргүй халаа сэлгээ хийж байгааг танай Бүлгийн хуралдаанаар ярьсан. Таны тэргүүлж байсан Гадаад хэргийн яаманд ийм байдал нэлээд хүчтэй байх шиг.  Үүнийг  та юу гэж бодож байна?  

-Яаманд очихдоо сайд нь багаа бүрдүүлдэг байсан. Энэ багт ажлын  алба,  туслах, зөвлөхүүд нь ордог. Одоо бол тэр орон тоо байхгүй болсон. Тиймээс Сайдын  баг гэж байхгүй. Энэ Засгийн газар урт хугацаанд ажиллахгүй. Тиймээс боломжит бүх цагаа эдийн засгийн хүндрэлийг давахад зориулах хэрэгтэй. Гэтэл ганц жил гаруй хугацаанд ажиллахын төлөө яаманд бүтцийн  өөрчлөлт  хийж, олон арван хүн халаад байх шаардлагагүй. Энэ асуудлыг  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр ч нухацтай ярьсан. Маш олон баримтыг дэлгэсэн. Удахгүй Намын бүлэг болон Байнгын хорооны дүгнэлт гарна. Дүгнэлтийн хүрээнд яамдад шалгалт хийж, хариуцлага тооцно. Хариуцлага хүлээх хүмүүс нь тодорхой.

-Хариуцлага хэн дээр яригдах вэ.  Шинэ сайдуудад гэсэн үг  үү?  

-Томилгоог сайд шууд хийдэггүй. Гэхдээ оролцоо байж болно. Үнэхээр сайд  нь чиглэл өгөөд яамыг  бужигнуулж байгаа бол хариуцлага яригдах л болно.  

-Ардчилсан нам бас удирдлагын түвшиндээ  нэлээн  өөрчлөлт  хийж байна.  Нарийн бичгийн дарга нараар УИХ-ын гишүүдийг томиллоо. Гүйцэтгэх зөвлөлийн  бүрэлдэхүүн ч өөрчлөгдөх чигтэй байгаа. Энэ бүхэн юутай холбоотой юм бэ?  

-Шийдвэр гарах үед би оролцож чадаагүй. Нам дээр гарсан шийдвэрийг миний зүгээс ямар нэгэн тайлбар  өгөөд байх шаардлага байхгүй болов уу.  

Үйл явцын өрнөлөөс Ардчилсан нам сонгуульдаа бэлдээд эхэлчихлээ гэж ойлгож болох уу?

-Ер нь сонгуулийн бэлтгэл сонгуулийн маргаашаас л эхэлдэг. Улс төрийн намын зориулалт, оршин тогтнож байгаа шалтгаан  нь тэр юм чинь. Одоо бол сонгууль дөхсөн гэдэг нь үнэн.  

-УИХ-ын даргын захирамжаар Намуудын тухай хууль, Сонгуулийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулсан. Та Үндсэн хуульд өөрчлөлт  оруулах Ажлын хэсэгт байгаа. Ажил хэр урагшилж байна?

-Мэдээж хэрэг асуудлыг бүх талаас нь  ярина.  Ер нь бол  Үндсэн хуулийг шууд өөрчилнө гэсэн үг биш. Юу нь болж бүтэхгүй байгааг УИХ-аар ярина. Өөрчлөхөөр  болбол нийгмийн харилцаа, тогтолцоог улам сайжруулсан, улсын хөгжлийг  түргэсгэхэд чиглэсэн шийдвэр гаргах ёстой. Сонгуулийн, Намуудын гэх мэт гол хуулиудыг ирэх чуулганаар батлах байх гэж найдаж байна. Удаан хугацаанд  хэлэлцлээ шүү дээ.

-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.


Б.ЭНХЖАРГАЛ

Эх сурвалж: "ЗАСГИЙН МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж