-Энэ жил 33 настай нэрт теннисчин Серена Уильямс "Их дуулга"-ын 19 дэх цомоо хүртлээ.-
Талбайн теннисний энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс түрүүллээ.
Мельбурн хотноо болж буй тус тэмцээний 13 дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт АНУ-ын Серена Уильяма, ОХУ-ын Мария Шарапова нарын хооронд болоход 6:3, 7:5 (7:5)-аар дэлхийн манлай теннисчин ялалт байгууллаа. Тоглолт 1 цаг 51 минут үргэлжилсэн байна.
Серена Уильямсын хувьд тус тэмцээнд түрүүлснээр "Их дуулга"-ын 19 дэх цомоо хүртэж байна. Мөн тэрээр "Австралийн нээлттэй тэмцээн"-ий зургаа дахь түрүүгээ хүртлээ.
Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Мария Шарапова 11 жилийн ялагдлаа зогсоож чадсангүй. Тэрээр хамгийн сүүлд буюу 2004 онд шилдэг найман теннисчин оролцдог “WTA Championships” тэмцээний финалд Серенаг хожиж байжээ. Харин түүнээс хойш тэд 15 удаа таарахад бүгдэд нь Серена хожиж байсан бол энэ удаа ч түүнийг барсангүй. Одоо тэдний тоглолтын харьцаа 17-2 болж, Серена түүнээс илүү гэдгээ дахин харууллаа.
103 дахь удаагийн "Австралийн нээлттэй тэмцээн"-ий нийт шагналын сан 40 сая австрали долларт багтаж байгаагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга 3 сая 100 мянган австрали доллар хүртэж, чансааны 2000 оноог авч байна. Харин дэд аварга 1 сая 550 мянган австрали долларын шагнал хүртэж, 1300 оноог чансаандаа нэмэрлэж буй.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолтод дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, дэлхийн чансааны зургаад бичигдэж буй Их Британы Энди Маррей нар шалгарсан. Тус тоглолт ням гаригт болно.
№1. Серена Уильямс: (Их дуулгын 19 түрүүт )
"Австралийн нээлттэй тэмцээн" – 2003, 2005, 2007, 2009, 2010, 2015.
"Францын нээлттэй тэмцээн" – 2002, 2013.
"Уимблдон" – 2002, 2003, 2009, 2010, 2012.
"Америкийн нээлттэй тэмцээн" – 1999, 2002, 2008, 2012, 2013, 2014.
№ 2. Мария Шарапова: (Их дуулгын 5 түрүүт)
"Австралийн нээлттэй тэмцээн" – 2008.
"Францын нээлттэй тэмцээн" – 2012, 2014.
"Уимблдон" – 2004.
"Америкийн нээлттэй тэмцээн" -2006.
Ч.БОЛОР