Утасны зардлыг танаж бодлогын байгууллагад зарцуулна

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Утасны зардлыг танаж бодлогын байгууллагад зарцуулна

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Сангийн яам нь хуулийн байгууллагуудын урсгал зардлыг танахдаа болгоомжтой хандах ёстойг хуралдаан даргалагч анхааруулж байсан бөгөөд гол шүүмж саналууд ч таналтаас болж хүний эрхийн зөрчил, бодлогын хувьд алдаа дутагдал гарч болзошгүй, хуулийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах тухай байлаа.

Тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнг аж ахуйн тооцоонд шилжүүлж төсвөөс хуваарилах мөнгийг тэглэх тухай заалтыг байнгын хорооны гишүүд эсэргүүцэж байв. Ц.Нямдорж гишүүний хувьд “Хууль зүйн үндэсний хүрээлэнг өөрийнхөө орлогоор санхүүж гээд орхиж болохгүй. Энэ бол Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл. Хуулийн судалгаа, сургалт, сурталчилгаа хийдэг байгууллага. Нэг тэрбум төгрөгийг нь хэвээр үлдээх саналыг гишүүд хамтран гаргаж байгаа. Хууль зүйн сайдын багцаас нь зохицуулалт хийсэн ч болно” гэв.

Мөн Х.Тэмүүжин түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэн “Төрийн удирдах албан тушаалтнуудын гар утасны ярианы төлбөрийг төсвөөс  гаргадаг. Урьдчилсан тооцоогоор тэрбум гаруй төгрөгийг хувийн утасны төлбөрт зарцуулдаг гэнэ. Үүнээс хэмнэсэн мөнгөнөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнг санхүүжүүлэхэд зориулъя” гэсэн юм.

Ц.Нямдорж гишүүний хэлсэн Дэлхийн банктай хамтан хэрэгжүүлж буй төсөл гэдгийг тодотговол, анх Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассосиацийн хооронд байгуулсан Зээлийн гэрээ ба УИХ-аас соёрхон баталсан 2002 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуулиас эх үндэстэй ба зээлийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнг байгуулжээ. Мөн 2041 он хүртэл хүрээлэнгийн гүйцэтгэж буй чиг үүрэг, зорилгыг хэрэгжүүлэхэд хүрээлэнгийн материаллаг баазыг ашиглах үүрэг хүлээсэн аж.

Түүнчлэн өөрсдийн орлогоор санхүүжих боломжтой гэж тооцсон судалгаа нь үндэслэлгүй бөгөөд улсын төсөвт жилд 100-200 сая төгрөгийн орлого бүрдүүлж ажилладгийн гол орлого нь Хуульчдын үргэлжилсэн сургалт, ном хэвлэл борлуулалтын орлого байсан. Гэтэл хуульчдын үргэлжилсэн сургалтыг хийх чиг үүрэг нь 2013 оны хуулиар Монголын хуульчдын холбоонд шилжсэн. Номын хэвлэлт, борлуулалт буураад байгаа, байраа өөр чиг үүргээр түрээслэх боломж нь Олон Улсын хөгжлийн ассосиацийн гэрээтэй зөрчилдөх зэрэг байдал үүсээд буй гэнэ.

Уг хүрээлэнг аж ахуйн тооцоонд шилжүүлснээр тухайн байгууллага боловсон хүчнээ алдахаас эхлээд хууль төрөхөөс өмнөх бодлогын судалгааг хийх бүтэц алдагдах зэрэг сөрөг нөлөөлөл ч гарах аж.

Ингээд байнгын хорооны хуралдаанд Ц.Нямдорж нарын гишүүдийн өргөн барьсан зарчмын зөрүүтэй саналаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зардлыг Хууль зүйн сайдын багцаас гаргах санал, З.Энхболд, Х.Тэмүүжин нарын гаргасан “Мөн адил санхүүжилтийг аж ахуйн тооцоонд оруулалгүйгээр төрийн албан хаагчдын утасны зардлаас танасан мөнгөөр санхүүжүүлэх саналууд тус тус дэмжлэг хүлээсэн байна. Одоо эдгээр ойролцоо саналыг нэгтгэн Төсвийн байнгын хорооны хуралд оруулан хэлэлцүүлэх юм.

Б.МАНД

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж