Шинэ жил дөхөхөөр манай урлаг соёл, рок попын уран бүтээлчид бусдыг баярлуулах, тэр далимдаа орлогоо нэмэгдүүлэх гээд тун завгүй явдаг хүмүүс. Тиймээс ч шинэ он гарах торгон мөчид гэр бүлийнхэнтэйгээ дулаан гэртээ оргилуун дарс буудуулах нь тэдний хувьд бараг л мөрөөдөл байдаг гэхэд хилсдэхгүй. 2014 оныг үдэж, 2015 оныг угтах мөчид л гэхэд Чингисийн талбайд “Sweetymotion” хамтлаг, “Шар айраг” хамтлагийнхан гэхэд л “Bee Gees” tribute концертоо толилуулсан юм. Шинэ жилийн баяраар хамгийн завгүй ажилладаг рок попын уран бүтээлчид маань өнөөдөр шинэ оныхоо баярыг халуун ам бүлээрээ тун нижгэр баярлах гэнэ шүү. Жилийн жилд шинэ оны хоёр дахь өдрийг тэд зөвхөн өөрсдөдөө зориулдаг уламжлал тогтжээ. Тэдний болзоот газар “Хүүхдийн зуу” орчимд байрлах нэгэн тансаг ресторан байх бөгөөд чухам хаана гэдгийг нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаа ажээ.
Э.ТЭКҮ