Банкуудын нээлттэй өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Банкуудын нээлттэй өдөрлөг болж байна

-Дэлхийн хуримтлалын өдрийн хүрээнд “Өнөөдрөөс хуримтлуулцгаая” өдөрлөг болж байна-

Өнөөдөр “Дэлхийн хуримтлалын өдөр” тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорациас “Өнөөдрөөс хуримтлуулцгаая” нээлттэй өдөрлөгийг “Блю скай” цамхагт зохион байгуулж байна. Энэ өдрийг 1924 оноос хойш дэлхий нийт тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэж, улс орнууд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулсаар иржээ.

“Өнөөдрөөс хуримтлуулцгаая”  өдөрлөгт 10 банк банкны төлөөлөл оролцон иргэдэд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, хадгаламжийн бэлгийн карт бүхий сугалаа явуулж, иргэдэд сонирхсон бүхий л төрлийн мэдээллийг өгч байна. Мөн Эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун хуримтлалын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн бол арга хэмжээний хүндэт зочноор уригдсан  Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч өдөрлөгт ирсэн хүмүүст өөрийн зохиолын дээжсээр бэрэг барьж байлаа.

Банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдлын талаар товч дурдвал, Монгол Улсад одоо 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт 10.8 их наяд төгрөгийн харилцах хадгаламж байгаа ажээ. Хамгийн сүүлд хуучнаар “Эрэл” банк одоо “Ариг” банк болон өөрчлөгдсөн. Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 20 гаруй жилийн түүхтэй банк, санхүүгийн салбарын “амин сүнс” нь хадгаламж байсаар ирсэн. Одоогоор нийт хадгаламж эзэмшигчдийн 98 хувь нь 20 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай байна. Тиймээс нийтийн эрх ашгийг хамгаалахаар Хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдаад нэг жил өнгөрч байна. Тус корпорацид арилжааны банкууд харилцагчдынхаа хадгаламжийг даатгуулахаар шимтгэл төвлөрүүлэх юм. Одоогийн байдлаар энэ хэмжээ 55 тэрбум төгрөгт хүрээд байгааг тус корпорацийн дэд захирал Ч.Сайнбилэг хэлсэн юм. Корпорацид төвлөрсөн хөрөнгөөр  банкинд санхүүгийн ямар ч эрсдэл гарахад иргэдийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж бат найдвартай буюу нөхөн төлбөрийг иргэдэд олгох тогтолцоо бүрдсэн нь банк, санхүүгийн салбарт том дэвшил болж чадлаа.

Ийнхүү банк, санхүүгийн салбар харилцагчдынхаа эрсдлийг хааж нийт хадгаламж эзэмшигчдийн 98 хувь хадгаламжиндаа санаа зоволтгүй боллоо. Харин цаашдаа хүмүүсийг санхүүгийн мэдлэгтэй болгохын тулд бага, дунд боловсролын системд санхүүгийн боловсролыг тусгах хэрэгтэй талаар албаныхан хэлж байна.

У.БОЛОР 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж