Газын зурвасыг сэргээх тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Газын зурвасыг сэргээх тусламж хүсчээ

Палестины тэргүүн Махмуд Аббас 2014-IX-22 Нью-Йорк хотноо Ерөнхий Ассамблейн “Cooper Union” сангийн хуралдаан дээр

 

Палестины Ерөнхий сайд Рами аль-Хамдаллах Газын зурвасыг сэргээн босгоход зориулан 3.8 тэрбум ам.долларын яаралтай тусламж хэрэгтэй гэж Норвегид болсон хандивлагч орнуудын уулзалтад мэдэгджээ. Тэрээр Газын зурвасыг сэргээн босгоход Саудын Араб улс 500 сая ам.доллар өгөхөө амласан гэдгийг дурьдаж, бусад орнуудыг тусламжийн гараа сунгахыг хүсчээ. Израиль, Палестины хооронд 50 хоног үргэлжилсэн зөрчил, сөргөлдөөний улмаас Газын зурвас энэ зун ихээр сүйдсэн юм.

 

Үүний зэрэгцээ Палестины тэргүүн Махмуд Аббас Баруун эргээс Израилийн арми цэргээ татах гурван жилийн хугацаа дуусах дөхсөн тул асуудлыг шийдвэрлүүлэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандахаар зэхжээ. Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг ирэх баасан гаригт Ерөнхий Ассамблейн хуралдаанд Махмуд Аббас үг хэлсний дараа танилцуулах гэнэ. Махмуд Аббас Аюулгүйн зөвлөлөөр дамжуулан Газын зурвас, Баруун эрэг, зүүн Йерусалим дахь Израилийн эзэрхийллийг төгсгөхөөр төлөвлөж буй аж. Эдгээр газруудыг Израиль 1967 онд эзэмшилдээ авсан бол НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд Палестинд ажиглагчийн статус олгосон юм. Махмуд Аббас өчигдөр болсон Ерөнхий Ассамблейн хуралдааны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан байна. АНУ-ын зүгээс Израиль, Палестины хоорондох зөрчлийг хоёр талын нүүр тулсан уулзалт, хэлэлцээгээр шийдвэрлэхийг зорьж буй юм.

 

Газын зурваст өрнөсөн хоёр талын зөрчлийн улмаас Махмуд Аббасын хүч дотооддоо буурсан бол Израилийн эсрэг тулаанаас шалтгаалан ХАМАС бүлэглэлийн нэр хүнд палестинчуудын дунд өссөн аж. Махмуд Аббас АНУ-аар зуучлуулан Израильтай хэлцэл хийж, Палестины тусгаар улсыг байгуулах гэсэн удаа дараагийн оролдлого нь бүтэлгүйтсэний дараа улс төрийн шинэ стратеги хэрэгжүүлэх болжээ.

 

Б.АНХТУЯА

 

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж