Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сомнат Гошийг өчигдөр / 2014.08.14 / хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ноён Сомнат Гоштой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд өргөжин хөгжиж байгааг хэллээ. Мөн Ази, Номхон далайн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэж, энэ хүрээнд түүх соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш орон гэдгийг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын гуравдагч хөршийн нэг болох БНЭУ-тай бүх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байдгийг дуулгаад хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа хоёр орны ард түмний эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байдгаа илэрхийллээ. Ноён Сомнат Гош Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархаад хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Мөн маргааш БНЭУ-ын тусгаар тогтнолын өдөр тохиож байгааг дуулгаад УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл нарыг баярын арга хэмжээнд урьж буйгаа мэдэгдсэн юм. Улсын Их Хурлын дарга уулзалтын төгсгөлд ноён Элчин сайдын ажилд амжилт хүслээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.