-Эдийн засгийн чуулга уулзалтаар уул уурхайн салбарт нүүрлээд байгаа асуудлуудыг багагүй хөндлөө. Гарц олж чадав уу?
-Эдийн засгийн чуулга уулзалт ганц уул уурхайн салбарынханд биш монголчуудад бүгдэд нь хэрэгтэй, чухал асуудлыг хөнддөг. Энэ чуулга уулзалтын гол сэдэв нь монголчууд бүгдээрээ бүтээлч болох ёстой. Хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх хэрэгтэй. Энэ бол хөгжлийн гарц. Төр нь хөгжлийнхөө стратегийг тодорхойлж, төлөвлөх хэрэгтэй. Үүний дагуу хувийн хэвшлийнхэн ажиллах боломжийг төр бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар хөгжлийн зорилтыг тодорхойлж, хуульчлахаар болсон.
-Хөрөнгө оруулалтын байдал яагаад сайжрахгүй байна вэ?
-Хөрөнгө оруулалтын байдал энэ оны хоёрдугаар улирлаас сайжрах болов уу гэж харж байгаа. Өнгөрсөн онд эдийн засагт чухал хэд хэдэн хуулийн төслийг баталсан. Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчиллээ. Алтны рояльти татварыг буурууллаа. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо тодорхойллоо. Өнгөрсөн онтой харьцуулахад Монголбанкинд тушаах алтны хэмжээ хоёр дахин өсөх бололцоо харагдаж байна. Энэ нь монгол төгрөгийн ханшийг тогтворжуулахад эергээр нөлөөлнө гэж бодож байгаа. Хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгахын төлөө бид ажиллаж байна. Монгол Улсын хууль эрх зүйн орчин тогтвортой, татварын таатай орчинг бүрдүүлж чадвал хөрөнгө оруулалт нэмэгдэх нь гарцаагүй.
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглоод удаж байгаа. Энэ нь уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг хязгаарлаж байна гэсэн шүүмжлэл гарсан. Харин УИХ-ын дарга удахгүй хоригийг цуцална гэж амалсан?
-Хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгээд байна. УИХ-ын дарга хайгуулийн лиценз шинээр олгохыг хориглосон хоригийг чөлөөлнө гэдгээ хэлсэн. Ингэснээр уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Энэ мэдээ уул уурхайн салбарынханд эерэг сурталчилгаа болно гэж бодож байгаа.
-Монголын нүүрсний салбар тун хүнд байдалд орсон. Үүнээс гарах арга зам олсон уу?
-Засгийн газар нүүрсний жишиг үнийг чөлөөлчихлөө. Одоо гэрээгээр нүүрсний үнэ зохицуулагдана. Энэ жил, хэд хэдэн стратегийн ордыг ашиглалтад оруулна. Тавантолгой төслийг урагшлуулна. Нүүрсний тээврийн зардал асар их байна. Тиймээс боомтын төмөр зам барих асуудлыг хятадуудтай ярьсан. Ерөнхий сайдын айчлалын хүрээнд яригдсан энэ асуудлыг ажил хэрэг болгоно. Хятадын Шинхуа зэрэг гурван компанитай хамтарсан Хятад-Монголын хөрөнгө оруулалттай компани байгуулж, боомтын төмөр зам барих ажлын энэ онд эхлүүлнэ.
Ж.ЭРХЭС