“Боловсрол” хотхон байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.01.26-нд нийтлэгдсэн

“Боловсрол” хотхон байгуулна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн М.Зоригт нар өчигдөр Сүхбаатар аймагт ажилласан бол өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Орон нутагт ажиллах хугацаандаа түшээд төсөвт өртөг нь нэмэгдсэн, хугацаа удааширсан барилгуудтай танилцаж байгаа юм.

Сар шинийн дараа УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж, 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх чигтэй байгаа. Энэ үед хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилгуудаас алийг нь төсвийн тодотголд суулгах вэ гэдгийг Аудитын газрын дүгнэлтийг үндэслэн УИХ-аас шийдэх учиртай. Тийм учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат амралтын өдрүүдийг ашиглан орон нутагт ажиллаж байна. Өнгөрсөн даваа гаригт тэрээр Сэлэнгэ аймагт ажилласан юм.

640 хүүхдийн сургууль барих гэж зургаан жил болжээ 

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлаа танилцуулж, шилдэг аймаг болох болзол хангасан өнгөрөгч оны ажлаа тайлагналаа. Мөн ирэх онуудад хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудаа ч танилцуулж, төсөвт өртөг, газар зохион байгуулалт, дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

Шилдэг аймгийн туршлагаас суралцахаар Хэнтий, Дорнодын Засаг даргын тамгын газраас ч хүмүүс ирсэн байлаа. Сүхбаатар аймаг 56.347 мянган хүн амтай. Энэ нь өнгөрөгч оныхоос 699 мянган хүн амаар нэмэгдсэн гэсэн үг юм. 

Түүнчлэн малын тоо толгой нь өнгөрөгч оныхоос 210 мянган тоо толгойгоор нэмэгдсэн гээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр тус аймгийн иргэд орон нутагтаа ирж суурьших нь ихэссэн байна. 

Аймгийн Засаг даргын тамгын газраас хөгжлийн төлөвлөгөөгөө 2020 он хүртэл гаргасан бөгөөд энэ хүрээнд “Олимп” цогцолбор, олон улсын стандартад нийцсэн усан бассейн, хөл бөмбөгийн талбайг барихаар төлөвлөжээ. Мөн 900 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгтэй “Боловсрол” хотхон байгуулахаар газрыг нь чөлөөлж эхний 50 гаруй канад хаусыг угсарч дуусчээ. 

Аймгийн иргэд газар чөлөөлөх асуудлыг хамгийн сайн ойлгосон аж. Тиймдээ ч өнгөрөгч онд 300 гаруй айлын газрыг чөлөөлсөн нь түүхэн үйл явдал болсон аж. Аймгийн ерөнхий төлөвлөгөөгөөр Сүхбаатар аймаг тойргоор хөгжиж байгаа. Энэ мэт бүтээн байгуулалтын хажуугаар тус аймагт хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа сургуулийн барилга зургаан жилийн турш баригдахгүй “цүнхтэй” компанийн халаасанд явж байгааг Ж.Батсуурь дарга Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад учирлав.

Тодруулбал, зургаан жилийн турш хөрөнгө мөнгө нэхэж суугаа энэ барилга царцаасан барилгуудын нэгд тооцогдож өнөөдрийг хүртэл баригдаагүй аж. Дараагийн төсвийг нь царцаасан барилга бол 700 хүний суудалтай Спорт цогцолборын барилга. Мөн л тав зургаан жил татварын мөнгөнөөс суулгаж ирсэн ч урагш ахихгүй барилга болж хувирсан байна.  

Зүүн бүсийн аймгууд Нарантуул руу явахгүй гэв 

Сүхбаатарчууд Ардчилсан намын бүлгийн даргыг нэг баярт мэдээтэй угтлаа. Тодруулбал, орон нутгийн хамгийн том бүтээн байгуулалт болсон чанар, аюулгүй байдлаа хангасан худалдааны төвөө тэд нээжээ. 

Бүлгийн дарга царцаасан төсвийн барилгуудтай танилцсаны дараа Зүүн бүсийн худалдааны төвийн нээлтэд оролцлоо. Энэ үеэр Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. 

Төр хувийн хэвшлийг хослуулж тун хямд зардлаар боссон энэхүү худалдааны төв нь Дүнжингарав худалдааны төвийн жижигрүүлсэн хувилбар аж. Газрыг нь үнэгүй өгч, аймаг орон нутгийн төсвөөр ус дулаан, дэд бүтцийг нь дэргэд нь авч ирсэн энэхүү худалдааны төвийн онцлог нь зүүн гурван аймгийн иргэдийн бүх хэрэгцээг нэг дороос хангах зорилго юм. 

Өөрөөр хэлбэл, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын иргэд Нарантуул руу явахгүй, бүгдийг нэг дороос авч чадахаар болжээ. Худалдааны төвийн нээлтэд Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрээр, “Худалдааны төвийг нээж байгаа явдал нь Монгол Улсад зах зээл яаж хөгжих ёстой юм бэ гэдгийг яруу тодоор харууллаа. Би долоон жилийн өмнө Сүхбаатарт ирж байсан. Харин эргээд ирэхэд тэр үеэс тэнгэр газар шиг ялгаатай болжээ. Би үнэхээр сүхбаатарчуудаар бахархаж байна. Өөрсдөө сэтгэл гаргавал ямар хөгжилд хүрч болдог юм бэ. 

Төр хувийн хэвшлийн ялгаа нь юундаа байна вэ гэдгийг улс орон даяар тод томруун харууллаа. Амьдралын үнэн жишээг тавхан алхамын зайд харлаа. Төрийн мөнгө идэж, төсвөөс зулгааж зургаан жил балгас болж байгаа барилга яг энэ худалдааны төвийн дэргэд байна. 

Гэтэл энд төр хувийн хэвшлийн хамтын хамгийн хямд үнээр боссон тавхан сарын хугацаанд барьж байгуулсан олон улсын жишигт нийцсэн том худалдааны төв баригдсанд би хувьдаа маш их баярлаж байна. Улс орны эдийн засагт том түлхэц болсон, төрдөө санаж сэрэхийн үлгэр жишээ болсон худалдааны төвийг бүтээж босгосон зүүн бүсийн аймгуудын удирдлага, иргэд та бүхэнд баярлаж байна.  Чин сэтгэлийн талархал дэвшүүлье” хэмээлээ.

Энэ худалдааны төв баригдахад маш том үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын гишүүн М.Зоригт юм. М.Зоригт гишүүн худалдааны төвийн нээж үг хэлэхдээ “Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Худалдааны төвөө бид нээчихлээ.  Сар шинийн баяраа тэмдэглэх гэсэн иргэд маань дулаахан тохилог орчинд сар шинийн бэлэг, идээ шүүсээ бэлтгэж сэтгэл өндөр байна. Мөн аймгийн бүтээн байгуулалт, бидний хийж бүтээж байгаа ажлыг Засаг дарга маань нэгбүрчлэн танилцууллаа. Гадна дотны зочид, хэвлэлийнхэнд бид хийж байгаа ажлаа танилцууллаа. Бас бэрхшээлтэй байгаа асуудлаа ч ярилаа. Бид Монгол Улсыг зүүн Азийн орнуудтай холбох, монголын далайд гарах гарц нь болохоор ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ жил, ирэх жил баригдах бүтээн байгуулалтууд дандаа олон улсын стандартад нийцсэн байх болно. Баруун-Уртаас бичигтийн боомт хүртэлх 277 км замын зураг төсвийн ажил хийгдээд дууссан. Бид ОХУ, Азийг холбосон тэнхлэг дээр оршиж байна. Тиймээс энэ аймагт баригдах бүтээн байгуулалтууд дандаа олон улсын жишигт нийцнэ” хэмээлээ. 

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж