Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Хятад-Орос-Монгол

Монголын эрдэс баялгийн зах зээл өрсөлдөөн ихтэй байна. Ялангуяа Хятадын зах зээлд нүүрсээ шахах гэсэн улс орнуудын өрсөлдөөн, Монголын төр бодлого өөрчлөхийг сануулж эхэллээ. Цаашдаа зах зээл нь ойрхон юм чинь гэх хандлагаар асуудлыг үл тоомсорлох аваас эдийн засагт илүү эрсдэл дагуулахыг үгүйсгэх аргагүй.

Хятад

Дэлхийн эрчим хүчний мангас гэгддэг тус улс Азийн гол зах зээл. Азийн төдийгүй европын орнууд асар их хөрөнгө эргэлдэж байгаа Хятадын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг хүсч байна. Сүүлийн жилүүдэд Хятадын зах зээлд байр сууриа бататгах гэсэн улс орнуудын өрсөлдөөн ширүүсч эхлэлээ. Ялангуяа сая, сая тонн нүүрсийг өлхөн залгиж чадах Хятадын ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн түүхий эдийг нийлүүлэхийн тулд улс орнууд гадаад бодлогодоо түлхүү анхаарлаа чиглүүлж байна.   Нүүрсний өрсөлдөөн ширүүссэн нь Хятадын зах зээлд таатай боломжийг бий болгож байна гэдгийг шинжээчид дүгнэж буй. Тус улс  бүтээгдэхүүний үнэ хямдхан үед нь нөөцөө нэмэгдүүлэх бизнесийн энгийн дүрмээр ажиллах болсон бөгөөд шинэ он гарсаар нүүрсний үнийн уналт тус улсад үргэлжилсээр байгаа юм. Үнэндээ бол энэ уналт гэхээсээ илүү хятадуудын нэг бодлогоын “тоглоом” гэхэд болно.  Дэлхийн зах зээлээс өөр бодлогоор Хятадын зах зээл дэх үнэ тодорхойлогддог. Ялангуяа ганц зах зээлтэй Монгол шиг улсын хувьд нүүрсний салбарт дэлхийн зах зээл дэх үнэ гэсэн ойлголт байдаггүй.  Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэлтийнхээ хэмжээгээр нэгдүгээрт АНУ, хоёрдугаарт Орос орж байна. Мөн Австрали, Индонез, Вьетнам, Казакстан зэргээр Монголын өрсөлдөгчийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр.  Гэтэл хятад нүүрснийхээ худалдан авалтыг бууруулах бодлого баримталж эхэлсэн нь экспортлогчдын дундах өрсөлдөөнийг улам ширүүсгэх болжээ. Хятад улс баруун бүсийн стратегийн төлөвлөгөөг боловсруулж 2015 онд шинээр 100 сая тонныг нүүрс үйлдвэрлэх хүчин чадал бүхий томоохон аж үйлдвэр 10-ыг барихаар шийдсэн гэх. Эдгээр үйлдвэрүүд эрчим хүчний нийт хэрэглээний 60 гаруй хувийг хангана гэсэн тооцоо байна.

Орос

ОХУ нүүрснийхээ экспортыг маш эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримталж байна.  Тус улсын “РЖД” компани 20 тэрбум ам.доллараар төмөр замаа өргөтгөж,  нүүрсний экспортынхоо хүчин чадлыг 55 сая тонноор нэмэгдүүлсэн нь манай улсын хувьд тийм ч тааламжтай мэдээ биш. Учир нь ОХУ-ын хувьд нүүрсний зах зээлд байр сууриа өргөжүүлэх бодлогыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус улсын хувьд өнгөрсөн 2013 онд нүүрсний салбарын дэвшилтын жил болж өнгөрсөн бол Монголд эсрэгээрээ нүүрсний салбарынх нь уналтын жил байлаа. Хятад-Оросын  хооронд нүүрсний салбарын хамтын ажиллагаа улам бүр идэвхжиж,  Оросын нүүрсний салбарын экспорт үсрэнгүй өсч байгааг эдийн засагч, доктор Ч.Хашчулуун ярьсан.  Өнөөдрийн хувьд Монголын хамгийн гол өрсөлдөгч нь Австралиас гадна ОХУ болж байна. Тоон үзүүлэлтээс харахад Австрали улс нүүрсний экспортоо 2012 оны 145 сая тонноос 2014 онд 168 сая тонн болгож, ОХУ 19-өөс 22  сая тонн болгон нэмэгдүүлжээ. Тэд  Монголын экспорт унаж байгааг ашиглан, дэлхийн зах зээлд улам хүчирхэг болж байна.  Орос орны хувьд Монголын нүүрсний зах зээл хумигдаж байгааг ашиглан  орон зайг нь  нөхөх бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь дэд бүтцийнхээ хүчин чадлыг өргөжүүлж тээвэрлэлтийнхээ хурдыг нэмэгдүүлсэн явдал хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Монгол

 Монголын нүүрс үнэгүйдэж эхэлсэн. Хятадын худалдан авагчдын зүгээс Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх тоглолтыг хийж эхлээд байна. Нөөц хангалттай гэдэг хятадуудын хувьд зөвхөн шалтаг байж болох. Учир нь тус улс ойрын хоёр жилд манай хилийн орйолцоо нүүрсний томоохон үйлдвэрүүдийг олноор барихаар төлөвлөж байгаагаас харахад Монголын эдийн засгийн нөхцөл сул байдал дээр дөрөөлж түүхий эдийнхээ нөөцийг нэмэгдүүлэхийн тулд үнийг хямдруулах арга саам хэрэглэж байхыг үгүйсгэмгүй юм.  Өнөөдрийн хувьд дэд бүтэц муу, хилийн нэвтрүүлэх чадвар сул, тээвэрлэлтийн хүчин чадал бага байгаа нь Монголын нүүрсийг үнэгүйдэх гол шалтгаан болчихоод байна. Нүүрсээ яаж үнэтэй болгох вэ гэдэг нь нэг талаас хятадуудын тоглолт, нөгөө талаас монголчуудын бодлогоос хамаарна. Ялангуяа эрдэс баялгийн зах зээл дэх өрсөлдөөн ширүүсч байгаа өнөө үед Хятадын хилтэй залгаа  гэх газар зүйн байршлаа ашиглаж болох том боломж байсаар байтал нүүрсээ үнэгүйдүүлж байгаа нь  монголчуудын алдаа.  Тэгэхээр нүүрсний салбарт баримтлах тусгайлсан бодлогыг тодорхойлж, томоохон ордуудыг гадаадын хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар эргэлтэд оруулах нь юу юунаас илүү чухал юм. Нөгөө талаас дэд бүтцээ яаравчлах, тээвэрлэлтийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарахгүй бол Орос, Хятадын өрсөлдөөн дунд Монгол улам л шахагдсаар байх болно. Баялагтай байлаа гээд бодлогогүй бол ашиггүй. Тиймээс Тавантолгой төслийг урагшлуулах,  Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг яаравчлах, “Эрдэнэс Тавантолгой”-н 49 хувийг хувьд шилжүүлэх замаар нүүрснийхээ бодлогыг шинэчлэхгүй дотооддо хэмлэлдсээр байвал Монголын нүүрсийг авах улс олдохгүй. Ингэхэд Монголын сул дорой байдал Хятад-Оросуудад өгөөш болж буйг яах ёстой вэ? Эсвэл бусдын тоглоомны шоглоом болсоор байх уу.

Ж.Нямсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж