ДЦС-ыг одонгоор шагналаа

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

ДЦС-ыг одонгоор шагналаа

“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 150 дугаар зарлигийн дагуу “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийг өнөөдөр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын эрчим хүчний салбарыг бэхжүүлэх, Нийслэл Улаанбаатар хотын хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангах үйлсэд хагас жарны турш тасралтгүй зүтгэсэн тус байгууллагын ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 151 дугаар зарлигийн дагуу “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын эрчим хүчний салбарыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Цэрэндолгорын Батхүү, Буяндэлгэрийн Пүрэвжав нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол, Мижидийн Рэнцэндорж, Чинбатын Энхтуяа нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Дагвын Гэрэлт, Дамдинжавын Нарантуяа, Төмөрийн Отгонбаяр нарыг Алтан гадас одон, Цэдэнгомбын Бүдханд, Сундуйжавын Наранцэцэг, Лхагваагийн Сарантуяа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнах ёслолын арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Эрчим хүч бол аливаа улсын эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Хувь хүн, албан байгууллага эрчим хүчгүйгээр хөгжиж чадахгүй нь ойлгомжтой. Энэ ч утгаараа дэлхийн аль ч орон төрийн бодлогоор эрчим хүчний салбараа түрүүлж хөгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал эх орны хөгжлийн хурдыг хангаж чадахгүй болжээ. Энэ хүнд хэцүү үед ТЭЦ-4-ийн үүрэг маш чухал бөгөөд, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд оруулсан та бүхний хувь нэмэр өндөр байсаар ирснийг тэмдэглэе.

“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” нь Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэж, 2012-2013 оны их ачааллын үед 602,1 мВт-ын цахилгаан ачаалал авсан нь түүхэн дээд амжилт юм. Эрчим хүчний хомсдолд орсон энэ хүнд үед танай хамт олон станцынхаа суурилагдсан хүчин чадлыг 2007, 2009 онд нийт 40 мега Ватт-аар нэмэгдүүлсэн нь чухал.

Ирэх өвлийн тэсгим хүйтнийг давахад та бүхний үүрэг маш их билээ. Ирэх жилээс хүчин чадлаа 100 мегаваттаар өргөтгөхөөр төлөвлөж байгаа нь сайшаалтай. V цахилгаан станц баригдаж дуустал монголчууд маань та бүгдийн хөдөлмөрч, эвсэг, бүтээлч, хариуцлагатай ажилд итгэсээр найдсаар байх болно. Та бүхэн өнөөг хүртэл монголчуудынхаа итгэл найдварыг дааж ирсэн, цаашид ч дааж явна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.






Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж