20-иулаа Сирийн талаар

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

20-иулаа Сирийн талаар

Их 20 гүрэн найм дахь удаагаа чууллаа. Тэд энэ удаад ОХУ-д цуглав. Өмнөх хурлаар олон талт сэдэв хөндөгддөг байсан бол Санктпетербургт зөвхөн Сирийн асуудлыг хөндөв. Дайтах уу, эсвэл үгүй юу? Дэмжих үү эсвэл үгүй юу? Гол дүр нь мэдээж АНУ. Нөгөө талд нь ОХУ байсан гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд ч энэ удаагийн уулзалтыг В.Путин удирдан явуулсан нь анхаарал татаж байна. Обама лоббидож, Путин эсрэг үзэл баримтлалыг гаргаж, олон гишүүдийн саналыг хангалттай эргүүлж байсан. Товчоор дүгнэвэл ийм. Их 20 гүрний удирдагчид 2008 оноос хойш хуралдахдаа нэг улсад, нэг удирдагчид ингэж цаг гаргаж ярилцаж байсан нь ховор. Яахав 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралыг хэрхэн шийдвэрлэж, гэтэлгэх талаар ярилцаж байсан л даа. Гэхдээ энэ сэдэв бол одоогийнхоос хамаагүй үнэ цэнэтэй, ач холбогдолын хувьд илүү байлаа. Харин энэ удаад нэг улсын үзэл суртал давамгайлсан хурал болж өнгөрөв. Яахав байгалийн хий, газрын тос европийн холбоо болоод BRICS-ын орнуудын шүлсийг гойжуулсан байж болох. Гэхдээ бүх зүйл хараахан шийдэгдчихээгүй байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.
 

Ганцаардсан Америк

Барак Обама, Линкольныг дуурайж, Сири рүү дайрах дайны тухай захиаг Сенат болоод Конгрессын бүх гишүүдэд хүргэсэн. Химийн зэвсэг хэрэглэж байгааг дэлхий нийтэд танилцуулсан. Бүх дэлхийг дайнд уриалсан. Конгресс баталсан. Энэ үйл явдал АНУ-ыг дайнд тэмүүлж байгааг бэлхнээ харуулна. Барак Обамагий хувьд сенатын шийдвэр хэрхэхээс үл хамааран Сири рүү оруулах цэргийн ажиллагааг эхлүүлнэ. Энэ бол маргаангүй үнэн. Яг одоо бол Обамад үүнээс өөр сонголт байхгүй. Их 20-ын чуулганд тэр ганцхан зорилготойгоор ирсэн. Тэр нь 20 гүрнийг лоббидож, дэмжлэг олж авах. Түүнд энэ бол хэцүү даалгавар байсан. Учир нь Сирийн асуудал дээр анхнаасаа америктай нийлээгүй Путины нутагт явагдахаар байсан. Тэгээд ч евро комиссынхон АНУ-г яг таг дэмжинэ гэдгээ хэлээгүй байгаа.

Сүүдрээс өөр нөхөргүй болсон Обамаг ганц дэмжих улс байсан Франц байсан. Тэд Сирийн одоогийн байдлыг хэтэрхий нэг талыг барьсан, харгислал гэж харж байгаагаа мэдэгдэн цэргийн ажиллагаанд хамтран оролцохоо мэдэгдээд байгаа. Эдийн засаг болоод улстөрийн хувьд тогтворгүй байгаа Франц улс яагаад АНУ-ыг бараадах болов гэдэг эргэлзээтэй. Магадгүй Малигийн асуудлыг шийдвэрлэхэд АНУ-гын дэмжлэгийг авах зорилгоор хандсан байж болох талтай. Бүр эсвэл хэрвээ АНУ Сирийг бүрэн эзэлж чадах юм бол байгалийн хийн асар их нөөцний хэсэгхэнийг ч гэсэн авах боломжоор хангагдана.

Хавчуулагдсан Камерон

Дэвид Камерон яг одоо хоёр хадны дунд хавчуулагдаад байгаа. Нэг талд нь Их Британи. Нөгөө талд нь европийн холбоо болон НҮБ-ын шийдвэр. Англи улсын хувьд парламентаараа хэлэлцээд Сири рүү довтлох нь хэрэггүй гэж үзсэн. Энэ үйл явдал Камероныг ч, Обамаг ч цочирдолд оруулсан үйл явдал болсон. Сүүлийн  20 гаруй жилийн хугацаан дахь жижиг цэргийн ажиллагаанд энэ хоёр улс бие, биенээсээ салаагүй билээ. Камероны тухайд Сирийн асуудлыг дахиад парламентад оруулахаар бэлтгэж байгаа. Учир нь үндэслэлээ даацтай боловсруулж байж Англи парламентчдыг татаж чадна. Тэгээд ч тэр Их 20-ын уулзалтаар цэргийн ажиллагаанд гар бие оролцоход бэлэн биш байгаа ч санхүүгийн хувд дэмжиж, 52 сая фунт гаргахад бэлэн гэдгээ зарласан. Европийн холбооны төлөөлөл энэ хуралд ажиглагчийн байр суурьнаас оролцож ирсэн. Харин энэ удаад Камероны хэлсэн үг, үйлдэл Европийн холбоог яаж ч магадгүй байдалд авч ирээд байна. Үүнийг Франц, Их Британи хоёрын байр сууриар тайлбарлаж болох талтай. Европийн комисс уг нь Сирийн эсрэг үйлдэж байгаа цэрэг дайны ажиллагаанд оролцохгүй, хэрвээ оролцохоор бол хөндлөнгийн ажиглагчийн байр суурьнаас оролцоно гэдгээ хэлээд байгаа. Харин бодит байдал яах вэ? Харах гээд оролцоцгооё.  Испани, Итали, Герман зэрэг бусад томоохон гүрэн оролцохгүй гэдгээ хэлсэн. НҮБ-ын шинжилгээний дүгнэлт нь ямар гарсан ч цэргийн ажиллагаанд оролцохгүй. Гэхдээ хоёр том түрийвч нь дайнд оролцоод эхэлбэл далд утгаар европ ч оролцож байгаа хэрэг болно. Уг нь европийн холбоонд дайн хэрэггүй. Тэдэнд дайнаас өөр олон асуудал байгааг хэн бүхэн мэдэх билээ.

Оросууд байран дээрээ

Их 20-ын уулзалтыг Путин “дошон” дээрээ зохион байгуулсан. Тэр ч утгаараа АНУ-ын Сирийн талаарх илтгэлд ямар нэгэн хариу өгөхгүй гэдгээ В.Путин аль хэдийнэ мэдэгдээд байсан юм. Тиймээс ч BRICS-ын орнуудыг цэргийн ажиллагаанд ямар нэгэн байр суурь илэрхийлээд хэрэггүй гэдгийг лоббидсон. Үүний нэг үр дүн нь гэвэл BRICS-ын орнуудын эрсдэлийн сан. 100 тэрбумын капиталыг бүрдүүлэхдээ ОХУ чамгүй хөрөнгө гаралгадсан. Өөрөөр хэлбэл бусад улсуудын бүрдүүлж байгаа хөрөнгөнөөс чамгүй илүү хувийг бүрдүүлж байж цэрэг дайны ажиллагаанд оролцохгүй байдлаар тохиролцсон байж болзошгүй. Үүнийг тайлбарлаж болох нэгэн шалтгаан бий. 2011 оноос хойш европийн холбоо болоод АНУ Сирийн газрын тос болоод байгалийн хийн экспортыг зогсоосон. Энэ хооронд ОХУ, Хятад улс л экспортлож байсан. Энэ бол гашуун үнэн. Хэрвээ ямар нэгэн байдлаар АНУ-г торгоож чадвал геополитикийн хамгийн том давуу тал эдгээр таван оронд очих болохоор тэр. Мэдээж ихэнх өгөөжийг нь “ах нар” хүртэх болохоор Сирийн асуудалд анхнаасаа АНУ-тай сөргөлдөж эхэлсэн. Түүхийн асар сонин хэлхээгээр ОХУ, АНУ-тай тэр бүр таатай байгаагүй. Үзэл сурталын жилүүдэд ч тэр, одоо ч тэр. Афганийн дайн л энэ бүгдийг өөгшүүлж, хүйтэн дайны замналыг одоо үед үргэлжлүүлэх болсон. Хэрвээ энэ байр суурьнаас харах юм бол Сирийн эсрэг АНУ-тай хамтарснаар АНУ л хожино уу гэхээс ОХУ-д ямар ч ашиггүй. Тийм ч учраас Сирийг тусгаар улс гэдгийг мэдрүүлж, Ассадыг өдий хүртэл амьдруулах “амь тариа”-г залгуулж байсан хэрэг. Европ болон АНУ экспортыг нь хориглосон байгаа нөхцөлд ОХУ байгаагүй бол Ассад аль хэдийнэ Саддам, Каддафи нарын араас очсон байхыг ч үгүйсгэхгүй юм.

Дайвар асуудлууд

Угтаа их 20 гүрний сангийн сайд нар олны анхаарлыг таталгүйгээр уулзалдаж ирэх таван жилийн туршид хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар ярилцлаа. Тэд татварын хөнгөлөлтийг харилцан тохиролцож, ирэх жилүүдэд томоохон хуримтлалыг үүсгэхээр тохиролцлоо. Тэд бас л BRICS-ыг дуурайж байгаа хэрэг. Тал талд олон бүлэг холбоотой энэ том гүрнүүд дахин нэгдэж хөрөнгөө нэг авдарт хийх нь хэр зэрэг ашигтай вэ, ямар ч байсан эцсийн хариу гараагүй байгаа. Хэрвээ энэ гүрнүүд нэгдээд сан бүрдүүлчихвэл юу болох вэ? Энэ 20 гүрэн нэгдсэн шийдвэрийг хэзээ ч гаргаж байгаагүй. Ямар ч тохиодолд 100 хувь дэмжиж байгаагүй. Хэрвээ хуримтлалаас шалтгаалсан хямрал дэлхийд гарах юм бол энэ 20 гүрэн хэзээ ч бруугаа хүлээхгүй. Энэ бол гашуун үнэн. Тиймээс ч хуримтлал үүсгэх тухай яриа тэр бүр хүчээ аваагүй гэж болно. Гэхдээ зөвхөн энэ удаагийн хурал дээр. Нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг Франц болоод Австралийн сангийн сайд нар 2014 он хүртэл боловсруулахаар болсон. Энэ утгаараа авч үзэх юм бол Австрали дараа жил өөрийн улсад зохиогдох Их-20-ын 9 дэх уулзалтаар хэлэлцэж болох юм.

Үүнээс гадна бас нэгэн асуудал хэлэлцсэн нь европийн эдийн засгийн хямрал. Хэдийгээр сүүлийн хоёр сарын туршид эдийн засгийн үзүүлэлтүүд өндөр гарсан ч европчууд үүнийг түр зуурын үзэгдэл хэмээн харж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Грект дахин зээл хэрэгтэй гэж мэдэгдсэнээс хойш европчууд энэ амжилтаа хадгалж чадах эсэхтээ эргэлзэх болсон. Тэр ч аргагүй юм. Учир нь Сири рүү цэрэглэн довтоллоо гэж үзвэл дам утгаараа европчууд дайны хөлд чирэгдэнэ гэж ойлгож болох талтай.

Жингийн туухай хоёр талд хазайсан их 20 гүрний хурал ийнхүү болж өнгөрлөө. Товчлон дүгнэвэл дайтах уу эсвэл үгүй юу гэдгийг шийдэх хурал болсон. АНУ юу гэж хариулсан гээч. Та бараг таасан байх. Та нартай, та наргүй дайтна…

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж