Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилоод байгаа. Өнгөрөгч баасан гарагт нийт 15 эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт болж, урьдчилсан дүнгээр хамгийн их оноо авсан 10 эмнэлэгт өрсөлдөгч тэнцсэн дүн аваад байгаа бол таван эмнэлгийн даргад өрсөлдөгч хангалттай дүн үзүүлээгүй тул шалгалтад тэнцээгүй гэж үзжээ.
Эндээс III шатлалын эмнэлгийн даргаар ажиллах хүсэлтээ гаргаж сонгон шалгаруулалтанд оролцож байгаа хүмүүсийн мэргэжлийн ур чадвар хангалтгүй байгаа нь харагдаж байна.
Мэргэжлийн ур чадварын шалгалт ямар журмаар явдаг, тэнцээгүй хүн дараагийн шалгалтанд орох, өрсөлдөх эрх байгаа эсэхийг Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Д.Баатарсайханаас тодрууллаа.
-Эмнэлгүүдийн даргад өрсөлдөж байгаа хүмүүс өнгөрсөн баасан гарагт шалгалтаа өглөө. Төрийн албаны зөвлөл үүнд ямар үүрэгтэй оролцсон бэ?
-ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөл улсын чанартай эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтын шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Манайхаас техникийн нөхцөл байдлаар тусалдаг. Сонгон шалгаруулалтанд 51 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс бүртгэлийн явцад өрсөлдөхөөр бүртгүүлсэн хүүмүүсээс зарим нь нэрээ татсан, шалгалтын өглөө ч нэрээ татаж байсан.
-Ур чадварын онлайн шалгалтанд өрсөлдөгч нар хэдэн оноо авах ёстой вэ?
-Шалгалтын тестийн нийт 40 асуултын 24-ийг зөв хариулж байж тэнцэнэ. Тодруулбал, нийт даалгаврынхаа 60 хувийг гүйцэтгэж байжт энцэх юм.
-Шалгалтын дүнгийн талаар ямар нэг маргаан гарсан уу?
-Би шалгалтыг зохион байгуулж онлайнаар авсан. Шалгалт өгөхөөр ирсэн хүмүүсийг суулгаж байгаад 30 минут шалгалтын учир шалтгаан, журмыг тайлбарласан. Шалгалтын материал хүний оролцоогүйгээр программаар уншаад дүнг нь гаргасан. Шалгалт өгсөн хүмүүст нийт 40 асуултынхаа 24-д буюу 60 хувийг хариулж чадаагүй бол баяртай шүү гэхэд бүгд ойлгож байна гэсэн.
Энэ удаагийн шалгалтанд унасан бол дараагийн шалгалтанд орохгүй шүү, журам бол журам гэдгийг бүх хүнд хэлсэн. Шалгалтандаа унасан хүмүүс ч дүнгээ хүлээн зөвшөөрч маргаангүй гээд явсан. Шалгалтын дүнг дахин засварлах боломж байхгүй гэж хариуллаа. Тэгвэл баасан гарагт ур чадварын шалгалтандаа тэнцсэн хүмүүс өнөөдөр гадаад хэлний шалгалтаа өгч байгаа аж.
Ямар боловч улсын хэмжээнд ажилладаг эмнэлгийн даргад өрсөлдөөд эхний шалгалтандаа тэнцэж эмнэлгийн дарга болох хамгийн магадлалтай болон унаж цаашид өрсөлдөх боломжгүй болсон хүмүүс хэн байв гэдгийг та бүхэнд хүргэж байна.
Эмнэлгийн дарга болох хамгийн магадлалтай хүмүүс хэн бэ?
- Клиникийн I эмнэлгийн даргад өрсөлдөж буй Л.Жамбалжав. Ур чадварын шалгалтанда атэнцсэн. ЭМ-ийн сайдын зөвлөх. Өмнө нь Цэргийн төв госпиталын эмч, I эмнэлгийн даргаар
- Клиникийн II эмнэлгийн даргад өрсөлдөж буй н.Баясгалан. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Өмнө нь тус эмнэлгийн даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн.
- Шастины нэрэмжит III эмнэлгийн даргад өрсөлдөж байгаа н.Баярцэцэг. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Тус эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байгаа.
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргад өрсөлдөж байгаа н.Баатархүү. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. ЭМШУИС-ийн багш.
- Грентлогийн төвийн даргад өрсөлдөж байгаа Р.Оюунханд. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Өмнө тус төвийн даргаар ажиллаж байсан.
- Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн даргад өрсөлдөж байгаа Ш.Энхтөр. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Мөн тус эмнэлгийнхээ даргаар ажиллаж байсан.
- Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргад өрсөлдсөн Цогцэцэг. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Өмнө нь тус төвийнхөө даргаар ажиллаж байсан.
Доорх нөхдүүд улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн даргын шалгуурт ур чадвараараа тэнцээгүй. Өөрөөр хэлбэл ур чадварын шалгалтандаа унасан гэсэн үг. Тиймээс өнөөдөр болж байгаа гадаад хэлний шалгалтанд орох эрхээ хасуулсан. Тэгэхээр ур чадварын шалгалтандаа бүдэрсэн нөхдүүд хэн байсныг товчхон хүргэе.
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга өрсөлдсөн Б.Жаргалсайхан, Ж.Батмагнай нар ур чадварын шалгалтандаа бүдэрчээ. Энэ хоёр хоёулаа тус эмнэлэгтээ эмчээр ажилладаг бөгөөд багагүй туршлагатай гэгддэг аж.
- Хавдар судлалын үндэсний төвийн даргад өрсөлдөж байгаа А.Эрдэнэтуяа. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргаар олон жил ажилласан гэдэг ч ур чадварын шалгалтандаа хангалтгүй үнэлгээ авч бүдэрчээ. Түүний хувьд ХСҮТ-ийн даргад өрсөлдөгчгүйгээр ганцаараа хүч үзсэн ч тэнцээгүй байна.
- Хүүхдийн төв сувилалын даргад өрсөлдсөн Н.Ууганцэцэг. Мөн л ур чадварын шалгалтандаа бүдэрсэн. Өмнө нь тус сувилалынхаа даргаар ажиллаж байгаад албан үүргээсээ чөлөөлөгдөөд байгаа. Дахин энэ албан тушаалдаа хүч үзсэн ч энэ удаа ур чадвар нь дутаад чадсангүй.
- Цусны төвийн даргад өрсөлдөгч М.Эрдэнбаяр, Ц.Тунгалагтамир нар мөн ур чадварын шалгалтандаа бүдэрчээ.
М.Эрдэнэбаярын хувьд тус төвийнхөө даргаар ажиллаж байсан. Харин Ц.Тунгалагтамир нь тус төвдөө эмчээр ажиллаж байжээ.
Тэгэхээр улсын чанартай эмнэлэг удирдах чадвар дутсан хүмүүсийн хувьд дараагийн шалгалт гэх ойлголт байхгүй өрсөлдөөний талбараас мултарч байна.