Д.Зүмбэрэллхамыг ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Д.Зүмбэрэллхамыг ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Эл төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой хоёр заалт туссан байсан юм. Эхнийх нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Хоёр дахь заалт нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн Улсын Ерөнхий прокурорын зүгээс гэмт хэрэгт холбогдсон гишүүнийг яллагдагчаар татах хүсэлтийг гаргаж болно гэсэн байв. Гэвч энэхүү хоёр дахь заалт дээр гишүүд нэлээд маргаж, Н.Энхболд, Р.Гончигдорж, О.Баасанхүү нарын гишүүд уг заалтыг хасах санал гаргасан нь гишүүдийн дэмжлэг хүлээлээ. Энэхүү заалтыг татахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар дэмжсэн болохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга энэ үеэр онцолж байлаа. Гэхдээ тэд байнгын хорооны хуралдаанд оролцсонгүй. Уг хуралдаан болох үед сайдууд аймгуудын удирдлагатай видео хурал хийж цаг нь таарсан тул оролцох боломжгүй байгааг байнгын хорооны хуралдааныг даргалагч мэдэгдсэн юм.

Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Цогийн зүгээс Ерөнхийлөгчийн энэхүү саналыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Ер нь УИХ-д гэмт хэрэгт холбогдсон цөөнгүй гишүүн байдаг, асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаад эцэст нь хэрэгсэхгүй болгох тохиолдол бий. Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг үйлдээгүй байхад нь гэмт хэрэгт холбогдуулж хэлмэгдүүлэх тохиолдол ч гардаг. Энэ бүхэн нь эцэстээ нийгэмд шударга ёс тогтооход бэрхшээл учруулж байгаа гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд мөрдөн байцаагч гэмт хэрэгтнийг нотолдоггүй, зөвхөн нотлох баримт цуглуулдаг. Эцсийн дүндээ шүүх, прокурор, өмгөөлөгч гурав тухайн иргэн гэм буруутай эсэхийг тогтоодог. Ийм байтал мөрдөн байцаагч хөндлөнгөөс орж ирж, гишүүнийг яллагдагчаар татах асуудлыг тавих нь зохисгүй. Прокурор бол бусдаас хараат босоо тогтолцоотой байгууллага, тийм байтал мөрдөн байцаагчтай хутгалдах нь агуулгынхаа хувьд зөрчилдөж байна гэсэн байр суурийг мөн илэрхийлж байлаа.
 
Тус байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь  Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл байв. Үүнийг шинэ он гарахын өмнө УИХ-аас баталсан хууль эрх зүйн орчинд зохицуулж оруулж иржээ. Тодруулж хэлбэл, өмнөх парламентын үед УИХ-ын даргын ажлын албаны орон тоог Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталж өгдөг байсан. Одоо бол УИХ-ын дарга өөрөө орон тоогоо батлах захирамж гаргана. Мөн өмнө нь УИХ-ын даргын ажлын хэсэг нь зургаан орон тоотой байсан бол одоо ес болгож нэмэгдүүлж буй юм байна. Ингэхдээ гол төлөв зөвлөхийн орон тоог нэмэгдүүлжээ.

Эл асуудлыг гишүүд дэмжин, чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Гурав дахь асуудал нь Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хэлэлцэн дэмжлээ. Д.Зүмбэрэллхамын хувьд эрдэм шинжилгээний ажил хийх шаардлагатай байгаа тул өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагатай байна гэдгээ өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ний өдөр УИХ-ын даргад хандан гаргасан өргөдөлдөө дурджээ. Эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог “Ажлаа хийх зуураа эрдэм шинжилгээний ажлаа хийж болдоггүй юм уу. Заавал ажлаа өгч байж эрдмийн ажил хийх нь ямар учиртай юм. Өөр бусад шалтгаан байгаа юм биш биз” гэж лавлаж байв. Д.Зүмбэрэллхам дарга “Эхлүүлсэн ажлаа дуусгахад албан тушаалаасаа чөлөөлөгдөх зайлшгүй шаардлага үүссэн” гэсэн юм. Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь хэлэлцэх асуудлаа дуусгасан тул хуралдаанаа өндөрлүүллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж