-Ярилцлагаа хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг асуудлаас эхэлье гэж бодлоо. Та ч мэдэж байгаа байх. Сүүлийн үед манай улсын далбаатай онгоц хар тамхи, галт зэвсэг тээвэрлэж яваад хар дансанд орлоо гэх болсон. Энэ хэр бодит мэдээлэл байдаг вэ?
-Тийм мэдээллүүд гардаг л даа. Мэдээж ямар ч хөлөг онгоцыг боомтоос хөдлөхийн өмнө хил, гаалийн болон эргийн хяналтын ажилтнууд тухайн онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нарийвчлан шалгадаг. Тухайн боомтоос хөдлөөд өөр боомтод очлоо гэхэд мөн адил шалгаж, хар тамхи, зэвсэг тээвэрлэсэн зөрчил байна уу гэж үзнэ. Тиймээс таны асууж буй Монголын далбаатай хөлөг онгоц хар тамхи, зэвсэг тээвэрлэсэн гэх зөрчил гаргах боломжгүй. Харин техникийн талын зөрчлүүд бол илэрдэг. Энэ нь тухайн хөлөг онгоц галын хор байхгүй, ослын гэрлийн тэмдэггүй байх гэх мэт. Ийм тохиолдлоор саатуулагдсан тоо олон байх тусам хар дансанд бүртгэгдэх магадлал өндөр болдог юм.
-Тэгвэл манай улс хар дансанд нь орчихсон уу?
-Бид 2010 оноос эхлэн хар данснаас гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний үр дүнд дээрх үзүүлэлт багассан. Тухайлбал, 2009 онд 39, 2010 онд мөн л 39 онгоц зөрчил гаргасан гэж бүртгүүлж байсан бол 2011 онд энэ тоо буурч 24, харин энэ онд 10 болсон байна. Мэдээж энэ тоо буурч байгаа нь хар данснаас гарах бидний ажил бодит биеллээ олоход ойртож байна гэсэн үг.
-Үүнтэй холбогдуулан асуухад хэрэв манай төрийн улсын далбаатай онгоц ямар нэг зөрчил гаргаад саатуулагдлаа гэхэд хэн хариуцлага хүлээдэг вэ. Манай улс ямар нэг байдлаар таагүй асуудалд орохгүй биз?
-Манай улс далбаагаа л ашиглуулж байгаа. Түүнээс тухайн онгоцны эзэн ямар бараа ачих нь өөрийнх нь мэдлийн асуудал бөгөөд ямар нэг таагүй зүйл гарлаа гэхэд манай улс хариуцлага хүлээхгүй. Онгоцны эзэнд хариуцлага тооцно. Мөн энэ асуудалтай уялдуулаад хэлэхэд манай улсын далбаатай хөлөг онгоц тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаад осол гаргах нь бий. Энэ тохиолдолд далай бохирдохоос өмнө яаралтай татан авах шаардлагатай байдаг ба эл үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө мөнгийг урьдчилан тооцож, тухайн хөлөг онгоцыг эзэд нь даатгуулчихсан байдаг учраас манай талаас буюу Далайн захиргааны зүгээс нэмэлт зардал гардаггүй гэдгийг онцолж хэлмээр байна.
-Зарим хүн манай улс далбаагаа хэдэн төгрөгөөр түрээслүүлдэг бол хэмээн сонирхож байгаа. Ингэхэд манайх түрээсийн мөнгөө яаж тогтоож авдаг юм бэ. Мөн олсон мөнгөө төсөвт нэмэрлэдэг үү, эсвэл танай байгууллага дангаараа захиран зарцуулдаг уу?
-Энэ бол хүмүүсийн яриад байгаа шиг дур зоргын асуудал биш л дээ. Учир нь бид далбаагаа ашиглуулсныхаа төлбөрийг олон улсын тогтоосон журмын дагуу авдаг. Бүртгэлийн, гэрчилгээний, далайчдын гэрчилгээний хураамж болон хөлөг онгоц саатуулагдсаны торгууль зэргээс манай улс орлого олдог. Олсон мөнгөнийхөө 90 хувийг улсын төсөвт тушаадаг. Ингэснээр 2003 оноос хойш манай газар улсын төсөвт 2.7 тэрбум төгрөг оруулсан байна. Энэ дашрамд хэлэхэд “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1921 оны Барселоны тунхаглал, “Далайд гарцгүй улс орнуудын дамжин өнгөрөх тээврийн тухай” 1965 оны олон улсын конвенц байдаг. Энэ конвенцид манай улс 1976 онд нэгдэн орсон. Ингэснээр бидэнд далайн баялаг ашиглах, олон улсын худалдааны тээврийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн. Энэ бол таатай үйл явдал бөгөөд гадаад далайг ашиглахын тулд Лондонд төвтэй Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсэх ёстой юм. Манай улс энэ байгууллагад 1996 онд элссэн. Өнөөдрийн байдлаар бид тус байгууллагын 23 конвенц түүний протоколуудад нэгдэн ороод байгаа гэдгийг зориуд хэлэх гэсэн юм.
-Тэгэхээр манай улс энэ байгууллагын идэвхтэй гишүүн гэж ойлгож болох нь ээ. Ингэхэд манай улсын төрийн далбаатай хэдэн хөлөг онгоц байдаг вэ?
-Тийм ээ, манай улс Олон улсын далайн байгууллагын идэвхтэй гишүүн. Энэ байгууллага нь өөрийн гишүүн орнуудын хөлөг онгоцны даацаар байр эзлүүлдэг. Манай улсын байнгын бүртгэлд одоогоор 313 онгоц байгаа. Түүний нийт даац нь 620915 тонн. Хоёр жил тутам Лондон хотноо Ассемблейн чуулга уулзалт болдог бөгөөд энэ үеэр тухайн чуулганд нэгдэн орсон бүх улс хүрэлцэн ирдэг. Өнөөдрийн байдлаар 170 орон гишүүнээр элссэн. Энэ уулзэлт ирэх оны арваннэгдүгээр сард болно.
-Манай улс хөлөг онгоц бүртгэлээ гэхэд ямар шалгуур тавьдаг вэ?
-Манайх 2003 оны хоёрдугаар сарын 12-ноос хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байдаг. Мэдээж өөрийн гэсэн хөлөг онгоцгүй, гадаад далайд гарцгүй учир нээлттэй бүртгэл хийхээс өөр аргагүй. Хаалттай бүртгэлийг зөвхөн өөрийн улсын онгоцтой тохиолдолд хийдэг. Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30-аад орны 2112 хөлөг онгоцыг нээлттэй бүртгэснээс байнгын бүртгэлд орсон нь өнөөдрийн байдлаар 313 байна. Эдгээр онгоц задгай ачаа болон чингэлэг тээвэрлэдэг бөгөөд бид төрийн далбаа мандуулах эрхийн гэрчилгээг олгож, хөлөг онгоцны бүртгэлийн олон улсын таван агент, хөлөг онгоцны ангиллын Олон улсын арван нийгэмлэгтэй зуучлалын болон түншлэлийн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
-Гадаад далайд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь мэдээж нэр хүндийн асуудал. Гэхдээ боловсон хүчний асуупад ямар байдаг вэ. Ажиллах хүчний нөөц хангалттай бий юу?
-Энэ чиглэлээр сурч, дадлагажиж, мэргэжил дээшлүүлсэн хүмүүс ажиллаж байгаа ч боловсон хүчин дутмаг байгаа нь үнэн. Тиймээс бид боловсон хүчин бэлтгэх, ажилтнуудаа мэргэшүүлэх тал дээр түлхүү анхаарч байна. Тухайлбал, 2007 оноос эхлэн ОХУ-ын Владивосток хотын Алс Дорнодын Тэнгисийн их сургуульд хөлөг онгоцны ахмад, холбоочин, штурманаар хүмүүс суралцаж байгаа бөгөөд ирэх оны гуравдугаар сард төгсөнө. Мөн Мальта улсын Далайн хуулийн их сургуульд Олон улсын хөдөлмөрийн эрх зүйгээр магистрийн сургалтад нэг оюутан суралцаж амжилттай төгслөө. Түүнээс гадна манай захиргаа бие даан хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд долоон хүнийг бүртгэлийн чиглэлээр Сингапур улсад 45 хоногийн сургалтад хамрууллаа. БНСУ-ын Пүкёонг үндэсний их сургуулийг төгсөглөө. Ингээд тоочоод байвал олон зүйл хэлж болно. Мөн энэ дашрамд хэлэхэд Далайн сургууль нээж оюутан элсүүлэх, багшлах боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар Монгол Улсын Далайн захиргаа, БШУЯ болон БНСУ-ын Газар, тээвэр, далайн хэргийн яамтай хамтран судалгаа хийн ажиллаж байна.
-Боловсон хүчний асуудал чанартай болоод ирэхээр үйл ажиллагаа чинь өргөжих байх?
-Тэгэлгүй яахав. Далайн тээвэр хийх, Далайн баялаг олборлох хууль эрхзүйн үндэслэл бүрдээд байна. Бид гадаад далайд тээврийн чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллах судалгаа хийгээд байна. Зарим нэг зайлшгүй эхлэн орох конвенциудад манай улс нэгдчихвэл бүх зүйл боломжтой. Судалгааны ажил эрчимтэй үргэлжлэн, хоёр орны Засгийн газар, яамны түвшинд ярьж, ирэх сарын сүүлээр хамтарсан уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн ОХУ-тай загас агнуурын квот ашиглахаар судалгаа хийгээд байгаа. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд манай газар БНСУ-ын загас агнуурын технологийн институт, загас агнуурын боловсролын стандарт тогтоох болон далайн салбарын боловсон хүчин бэлтгэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
-Та бид хоёрын ярианы сэдэв гадаад далай байлаа. Тэгвэл дотоодын усан тээврийн асуудалд танайх яаж оролцдог вэ?
-Дотоодын усан замын тээврийн асуудлыг 2003 онд батлагдсан “Усан замын тээврийн тухай” хууль болон холбогдох журмын хүрээнд зохицуулсан шүү дээ. Үүний хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Усан замын хяналт зохицуулалтын байрыг 2007 онд барьж, усан замын тээврийн зохицуулалт хийн ажиллаж байна. Мөн 2010 онд Усан замын тээвэр үүсч хөгжсөний 58 жил, Хөвсгөлд далайд анх усан онгоц хөвж эхэлсэний 100 жилийн ой тохиосон. Энэ үеэр “Усан замын тээвэр” түүхчилсэн ном гарсан. Одоогоор Хөвсгөл, Өгий, Увс, Буйр, Хар ус нуур, Сэлэнгэ, Туул зэрэг голуудад аялал жуучлал, загас агнуурын чиглэлээр 115 том, жижиг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Уг аж ахуйн нэгж аюулгүй байдлын зүгээс хяналт тавьдаг. Мөн завь жолоодож буй хүмүүсийг мэргэшүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж, үнэмлэх олгох гээд багагүй ажил хийсэн. Түүнчлэн усан замын тээврээр зорчих ажлыг хөнгөвчлөх зорилгоор Хөвсгөл аймгийн Шишгэдийн голд хоёр хөвдөг гүүр бариулах ажлыг зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна даа.