-Сайн уу. Берлинд ямар сургуульд, хэддүгээр ангид сурч байна?
-Манай сургуулийг Gustave-Eiffel гэдэг. Би аравдугаар анги. Манай дүү есдүгээр ангид сурдаг.
-Танай сургуульд монгол хүүхэд байдаг уу. Сурахад хэр бэрхшээлтэй вэ. Монголд байхдаа герман хэл үзэж байсан уу?
-Манай сургуульд гурван монгол сурагч байдаг. Өөр сургуулиудад олон байдаг юм билээ. Ер нь Берлинд монголчууд олон. Анх хэлний бэрхшээл их тулгардаг байсан. Өмнө нь герман хэл үзэж байгаагүй болохоор ирээд хэлний бэлтгэлд хагас жил суралцсан. Тэгээд ердийн арван жилийн сургуульд нь орсон.
-Германд хэнтэйгээ амьдардаг вэ?
-Аавын ажлын шаардлагаар гэр бүлийнхэнтэйгээ энд түр амьдарч байгаа.
-Одоо тэгвэл германаар сайн ойлгодог болсон уу?
-Гайгүй болсон. Хичээлээ ерөнхийдөө сайн ойлгодог болсон. Англи, орос хэл бас үзэж байгаа.
-Унаа, хоол гэх мэт зүйлд сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Сард 27 еврогоор автобусны билет авдаг. Хоолоо гэрээсээ аваад явчихдаг. Гадныхан гэлтгүй бүгд хоолоо гэрээсээ авчирдаг.
-Герман хүүхдүүд монголчуудаас ямар ялгаатай вэ?
-Тийм ялгаа байхгүй ээ. Тухайн хүүхэд хэр суралцахаас шалтгаална. Дүү бид хоёр тэднээс дутдаггүй. Харин ч онц сурч байгаа шүү. Өдөр болгон шинэ үг цээжилдэг. Хэлний хичээл дээр их хичээж суралцдаг. Монгол сурагчид их сэргэлэн, юмыг хурдан сурдаг. Ер нь ази хүүхдүүд сэтгэх чадвар сайтай гэж багш нар магтдаг.
-Төгсөөд ямар мэргэжлээр суралцах вэ?
-Жилийн дараа төгсөнө. Компани, байгууллагын нарийн бичиг бэлтгэдэг анги байдаг юм билээ. Тэр чиглэлээр сурна гэж бодож байна. Ялангуяа уул уурхайн компанид ажиллах мэргэшсэн нарийн бичиг Монголд их хэрэгцээтэй гэж хүмүүс ярьж байсан. Би өөрөө ч дуртай байгаа.
-Монгол хүүхдүүд суралцах боломж бололцоо хэр байдаг бол?
-Харин ч их боломжтой санагдсан. Сургалтын чанар, сургах арга барил сайтай. Сурахад хялбар байдлаар хичээлээ явуулдаг. Арван жилийн сургуулийг нь төгсчихвөл их дээд сургуульд ороход бүр ч хялбар. Төгсөөд өөрийн хүссэн сургуульдаа шалгалт өгөөд л орчихно гэсэн үг.
-Тэгвэл Монголд сурч байгаа хүүхдүүд Германд сурахын тулд ямар шалгуурыг давах ёстой вэ?
-Монголдоо герман хэлийг анхан, дунд шатны хэмжээнд сурчихаад ирвэл сургуульд ороход түвэггүй юм билээ. Тиймээс хэлээ сайн сурахад л болно. Тэгээд Германы Элчин сайдын яамаар дамжуулж шалгалт өгөөд тэнцвэл суралцах боломжтой болно.
-Сурлагын амжилт хүсье.
-Баярлалаа.