Ерөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт

Ийм нэртэй уулзалт өчигдөр Гадаад харилцааны яамны уулзалтын танхимд боллоо. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, гадаадын сэтгүүлчдээс өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайдад ирүүлсэн асуултуудыг багцалж, Ерөнхий сайд биечлэн хариулт өглөө.

Мэдээж эхний асуулт Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс ирэх 2013 оны төсвийн төсөлд ямар асуудлууд суусан бэ, тэдгээрээс нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ёстой гурван ажил юу вэ гэдэг байлаа. Ерөнхий сайд үүнд бүтээн босголтын ажлуудыг нэрлэсэн. Тухайлбал, Монгол Улсын бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох ажлыг үргэлжлүүлэн гүйцээх, өмнийн говьд тавих шинэ төмөр замын ажлыг эхлүүлэх гэх мэтчилэн. Иргэдийг орон сууцжуулах, хувийн орон сууцаар хангах, түүний бэлтгэл ажил болон Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах ажлыг эхлүүлэх ажил ирэх оны төсөвт сууж байгаа юм байна. Ерөнхий сайдын онцолсон хоёр дахь зүйл нь мөнгөний бодлогод хийх өөрчлөлт. Өнгөрсөн жилүүдэд дадал болж ирсэнчлэн инфляцийг дагаж давхих биш удирдах бодлогыг Монголбанктай хамтран хэрэгжүүлнэ гэдгээ хэлнэ лээ. Гурав дахь хийх ёстой гол ажил бол төрийн хүнд суртлыг арилгах, авлига, хээл хахуультай тэмцэх ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусч, энэ чиглэлийн өөрчлөлтүүдийг эхлүүлээд байгаа гэдгээ Ерөнхий сайд хэлсэн.

Хоёр дахь асуулт Монгол Улс дотоодын авлигатай тэмцэх чиглэлээр юу хийж байна вэ, авлигын асуудал иргэдийн амьжиргааны өртгийг нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөх үү?

Үүнд Ерөнхий сайд үүнд авлигатай тэмцэхийн тулд иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаа. Нийслэлд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдрийн 14.00 цагт зохион байгуулж байгаа “Шинэчлэлээр шийдье 222” нээлттэй хэлэлцүүлгээс гадна улс орон даяар төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, санал шүүмжийг 24 цагаар авдаг “1111” төвийг ажиллуулж байгаа. Энэ төв нээгдсэнээс хойших хэдхэн хоногийн дотор 5000 гаруй санал иргэдээс ирсэн. Монголын төр иргэдээ сонсоод зогсохгүй саналыг нь ажил болгон зохион байгуулна гэлээ. Авлигатай тэмцэх бас нэг гол өөрчлөлт нь авлига авсан, өгсөнд хоёуланд нь хариуцлага тооцдог хуулийн тогтолцоог өөрчилж, авлига өгсөнөө сайн дураараа мэдүүлсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлдөг байхаар хуулийн төсөл боловсруулж байгаа аж.

Харин Монгол Улсын эдийн засаг өссөөр байхад нийт хүн амын гуравны нэг нь ядуу, эмзэг бүлэгт орж байна. Үүнийг өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

Н.Алтанхуяг:
-Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой ажил хийнэ ээ. Үүний төлөө Хөдөлмөрийн яамыг байгуулсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын бүх сумд Сум хөгжүүлэх сантай, тэр нь жилд 50 сая төгрөгийн санхүүжилттэй явж байгаа. Энэ санхүүжилтийг 150 саяд хүргэнэ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн мөнгийг 500 тэрбум төгрөгт хүргэхээр ажиллаж байгаа, одоогийн байдлаар 400 тэрбум дөхөөд явж байна. Аж ахуй нэгжүүдийг ажлын байр нэмэгдүүлэхэд урамшуулахын тулд жилийн борлуулалтын орлого нь нэг тэрбумаас илүүгүй байгаа компаниудын татварын 90 хувийг буцаан олгох журам гаргасан. Нийт төлөх ёстой татварынхаа 10 хувийг нь л төлж байна гэсэн үг. Мөн Засгийн газар хавтгайруулсан халамжийн бодлогооос татгалзаж, зорилтот бүлгүүддээ энэ мөнгийг хүргэхийн тулд хүүхдийн 20 мянгын төгрөгийг сэргээн олгож эхэлсэн. Иргэн бүрийн 21 мянга байхгүй болсон.

-Монгол Улс төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрийн намын харьяалалгүй байх ёстой гэж хуульчилсан, гэхдээ шинэ Засгийн газар гарч ирээд улс төрийн болон удирдах тувшинд нэлээд их халаа сэлгээ хийлээ. Энэ зөрчилтэй байдлыг юу гэж тайлбарлах вэ?.

-Төрийн алба нийтийн алба байх ёстой. Цөөн тооны улс төрийн албан тушаалтан бий, тэд эрх барьж байгаа намтай хамт хариуцлагаа хүлээгээд явна. Өнөөдрийн хуулиар сайд, дэд сайд улс төрийн албан тушаалтан байгаа. Дээр нь 16 төрийн нарийн бичгийн дарга, 28 агентлагийн даргыг улс төрийн албан тушаалтан болгоно. Тэд албан тушаалд томилсон улс төрийн намтайгаа хамт хариуцлагаа хүлээгээд явах нь тодорхой. Бусад албан хаагчдын хувьд нийтийн алба болох учраас олон нийтэд ил тод, өрсөлдөөний журмаар ажилд томилно.

-Шинэ төмөр замын ажил ямар хувьтай яваа вэ, Тавантолгой, Баруун цанхийн ордыг эргэлтэд оруулах Засгийн газрын бодлого хэзээ сэргэж, ажлаа эхлэх вэ?

-Засгийн газар Тавантолгойгоос урагш хил, Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Сүхбаатар, Дорнод аймгийн төмөр замын нэгдсэн сүлжээнд оруулахаар төлөвлөсөн. “Монголын төмөр зам” компани энэ ажлыг хэрэгжүүлнэ. Тавантолйгон Баруун цанхийн орд дээр Засгийн газар стратегийн хөрөнгө оруулагчийг сонгсосон. Гэвч сонгосон хөрөнгө оруулагч маань анхныхаа саналаас буцсан учраас энэ ажил зогсоод байгаа.

-Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчийг хязгаарлахтай холбогдуулан асуухад,  тус хуулийг хэрэгжүүлэх журам болон тодорхой төлөвлөгөө байгаа эсэх, хэрэгжүүлэх байдал болон явцын талаар, уг хуульд дахин өөрчлөлт оруулах юм уу хүчингүй болгох боломж байгаа эсэх, энэ хуулийг хэрэгжүүлснээс хойш гадаадын хөрөнгө оруулагчдыг татах өөр бодлого боловсруулсан эсэх талаар мэдээлэл өгнө үү?

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай бол гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль биш. Харин гадаадын том хөрөнгө оруулагч нар, үндэстэн дамнасан корпарациуд орж ирсэн тохиолдолд Монголын төр тэдгээр компаниудтай ижил түвшинд харилцахад чиглэсэн хууль. Хуулийг сонгуулийн өмнө баталсан, хугацаа богино байсан учраас хүмүүс мэдээлэл багатай, хартай байх шиг байна. Стратегийн салбар гэдэгт бид гуравхан зүйлийг оруулсан. Эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо. Эдгээр салбарт хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ 49 хувиас илүү гарвал Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. Хөрөнгө оруулалтын хувь хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлнээр УИХ шийдвэрлэнэ. Тиймээс энэ хуулийг гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай биш, харин зөвшөөрөх тухай хууль гэж ойлгох хэрэгтэй. Ирэх арваннэгдүгээр сард багтаагаад Н.Батбаяр сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг батлуулна.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орсноор гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад хандах хандлага өөрчлөгдөж болох юм. Энэ талаар таны байр суурь?

-Гэрээг бүхэлд нь өөрчлөх буюу шинээр байгуулах санал огт гараагүй. Харин гэрээний хэрэгжилтийг авч үзье, шаардлагатай бол үүнтэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулья гэсэн байр суурьтай улстөрчид байгаа. Жишээ нь анхны хөрөнгө оруулалтын асуудал дээр. Гэрээг анх байгуулахад анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 4.5 тэрбум доллар байсан бол одоо 7,1 тэрбум доллар даваад явчихсан байгаа. Энэ нь хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас дахиж ярихаас өөр аргагүй.

-Шинэчлэлийн Засгийн газар ирэх оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувьд барина гэсэн. Гэтэл төсвийн орлого нь 35 хувиар нэмэгдээд явчихсан байна. Энэ хоёрын уялдааг Засгийн газар яаж хангах вэ?

-Энэ оны төсөвт Шинэчлэлийн Засгийн газрын бодлого маш бага орсон. Өмнөх Засгийн газрын эхлүүлсэн ажлыг дуусгах үүрэг энэ Засгийн газарт ирсэн учраас төсвийн орлогоо аль болох нэмэгдүүлэх боломжийг Засгийн газар хайж байгаа. Шинэчлэлийн Засгийн газарт төсөвт суугаагүй ч хийх ёстой маш их ажил бий. Энэ өөрчлөлтийг санхүүжүүлэхийн тулд бий УИХ-аас 50 тэрбум төгрөгийн эрх нэхээд сууж байгаа.

-Чингис хаан өнөө үед төрсөн бол Улаанбаатар хотод амьдрахыг хүсэх байсан болов уу?

-/Инээгээд/ Төрийн бүх үйл ажиллагаа, хөгжил нийслэлд төвлөрчихөөд байгаа учраас хүсэх байсан байх аа. Гэхдээ бид ирэх дөрвөн жилд зөвхөн Улаанбаатарт биш, Монгол Улсын бүх аймагт энэ жишгээр амьдрах нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллана. Тэгсэний дараа Чингис хаан ч байсан хөдөө аймагт амьдрахыг хүсэх байх аа. 

Ерөнхий сайд эдгээр асуултуудад хариулсныхаа дараа энэ уулзалтыг сар бүр зохион байгуулж байхаа мөн амлалаа.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж