Харин Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы тайлбараар болж өнгөрсөн осол аваартай холбогдуулж салбарын хэмжээнд асуудлыг авч үзэхэд хөрөнгө мөнгөтэй хүмүүс хүч түрэн орж ирсэн нь эргээд хариуцлага сулрахад хүргэжээ. Тухайлбал, барилгын компаниуд зөвшөөрөлгүйгээр барилга барьдаг, хөдөлмөр аюулгүйн ажиллагааг хангаж ажилладаггүй. Ийм алдаа дутагдал байгааг нь мэргэжлийн хяналтаас сануулсаар байхад түүнийг нь үл ойшоодог. Хохирогчид хохирол учруулсан аж ахуйн нэгж хохирлыг нь барагдуулдаггүй, ийм даатгалын тогтолцоо ч манайд байдаггүй. Тиймээс хохирогчид олгох даатгалын тогтолцоог бий болгох, барилгын салбарт хөдөлмөр аюулгүйн ажиллагааг хангаж ажиллахын тулд явуулаар сургалт зохион байгуулж, үнэмлэх олгох. Үнэмлэхгүй ажилтнаар барилга бариулахгүй байх. Барилгын салбар дахь норм норматив, дүрмийг шинэчлэх, иргэдийн амь нас аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус бүр хуулийн төсөл боловсруулж байгаа гэлээ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний хувьд амь насаа алдсан иргэний ар гэр дахин дахин хохирч, харин төр нь хохирсон иргэн, хариуцлага алдсан компани хоёрын дундах харилцаанаас ашиг олж, түүгээр нь төсвөө зузаалж байгаа гажиг тогтолцоо үйлчилж байгааг санууллаа. Уг нь эрүүгийн хуульд иргэний амь насыг хохироосон бол тухайн компани хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нугалсантай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж заасан байдаг аж. Энэ тохиолдолд 36 орчим сая төгрөг амиа алдсан хохирогчийн ар гэрийхэнд оршуулгын зардал болж очих ёстой. Гэвч энэ заалт бараг хэрэгждэггүй, төсвийн данс руу л ордог гэнэ. Нөгөө талаас шүүгч нар ийм төрлийн хэрэг дээр дутуу дулимаг ажиллаж байна гэсэн шүүмжлэлийг Хууль зүйн сайд хэллээ. Учир нь өнгөрсөн есдүгээр сарын 3-ний өдөр гарсан хэрэг явдлыг авч үзэхэд өргөгч кран ажиллуулж байсан жолоочийг л буруутгаснаас бус аюулгүйн ажиллагааг мөрдүүлж ажиллаагүй компани, тэр дундаа ашиг олж байгаа тухайн компанийн эзэн, хяналт тавьж ажиллах ёстой төрийн албаны албан тушаалтанд ямар ч хариуцлага ногдуулаагүй юм байна. Тиймээс Эрүүгийн хуульд эрс шинэчлэл хийх хүрээнд энэ гажгуудыг засч, торгууль төлөх бол төрийн албан тушаалтан түүнээс нь хуваалцаж төлдөг байх, хохирогчид нөхөн төлбөр шууд очдог байх зэргээр өөрчлөлт хийхээр ажиллаж байгааг онцоллоо. Ингэхдээ хариуцлагыг чангатгахаа сануулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хууль санаачлагч субьект бүр хуулийн төсөл санаачилсан бол түүндээ хариуцлага тооцох заалтыг арван хуудсаар оруулж ирэх ёстой гэсэн юм. Ийнхүү дээрх уулзалт өндөрлөлөө.