АНУ Мьянмарийн импортын хоригийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

АНУ Мьянмарийн импортын хоригийг цуцлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Мьянмар дахь эдийн засгийн хоригийн голлох асуудлын нэг импортын хоригийг цуцлах болсноо өчигдөр  албан ёсоор мэдэгджээ.

Хатагтай Клинтон НҮБ-ын Ерөнхий Ассемблей дээр Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. Тэрбээр Мьянмар улс дахь ардчилсан өөрчлөлт эхлэн үргэлжилж байгаатай холбоотойгоор ийнхүү импортын хоригийг цуцлах болсноо мэдэгджээ.

Клинтоны  мэдэгдлийн дараа Мьянмарын Засгийн газар  өөрийн улсын ардчилсан шинэтгэлийг үргэлжлүүлэхээ ч мэдэгдсэн аж. Мьянмарын парламентын дарга Шивей Мэйний мэдээлснээр АНУ тус улс дахь импортын хоригоо цуцалсан явдал нь Мьянмарын нийгмийн бүх салбарт   олон ургальч ардчилсан үзлийг дэмжсэн явдал болсон байна. Түүнчлэн тэрбээр цааш мэдэгдэхдээ эдийн засагтаа том гүрний дэмжлэгийг авсан өнөөдрийн нааштай алхамд Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чигийн ардчилсан өөрчлөлтийг бий болгоход оруулж байгаа хичээл зүтгэл их байгаа гэдгийг онцлон дурьджээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долдугаар сард тус улсын компаниудыг Мьянмарт бизнесээ явуулахыг зөвшөөрч, эдийн засгийн хоригоо цуцлаад байсан юм.

Мьянмарт өнгөрсөн зургадугаар сард болсон ардчилсан өөрчлөлтийн дараа Барак Обама тус улсын эсрэг авсан эдийн засаг, хөрөнгө оруулалтын хоригоо ийнхүү цуцалсан юм. Учир нь Мьянмарын эрх баригчид улс орондоо ардчилсан өөрчлөлтийг авчирч, улс төрийн хоригдлуудыг шоронгоос сулласан явдал нь дээрх шийдвэрт хамгийн ихээр нөлөөлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж