Энэ хэргийн талаар Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн Олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн ахмад Г.Батбаяраас тодруулахад “Автобус эцсийн буудлаас хөдлөөд 30 орчим метр яваад, замын хажуугийн далан руу унасан байна. Осол гарах үед УНИ 06-89 дугаартай автобусыг жолоодох хуваарьтай хүн нь компанийнхаа өөр нэг ажилтанд жолоогоо шилжүүлсэн байгаа юм. Дээрх автобусны үндсэн жолооч Д-г саатуулан шалгахад 0.46 хувийн согтолттой байсан. Харин осол гаргасан жолооч нь хэргийн газраас зугтсаныг бид “Атибус” компанийнхантай хамтран эрэн сурвалжилж байна” гэсэн юм. Автобус унахдаа баруун талаараа буюу хаалгаараа унасан тул урд талын том цонхыг нь хагалж зорчигчдыг гаргасан гэнэ.
Осол гаргасан жолоочийг эрэн сурвалжилж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачууртын автобусны эцсийн буудлын ойролцоо “Атибус” компанийн автобус унаж, зорчигчид гэмтсэн осол өчигдөр өглөө гарсан. Гачуурт-ХӨСҮТ-ийн чиглэлийн УНИ 06-89 улсын дугаартай том оврын автобус үйлчилгээнд гарахаар эцсийн буудлаас хөдөлмөгц замын хажуу руу унажээ. Ослын улмаас 15 зорчигчийн долоо нь хүнд болон хүндэвтэр гэмтэж, Гачууртын эмнэлэгт хүргэгдсэнээс гурвынх нь бие тааруу байсан тул ГССҮТ-д хүргэсэн байна.
Д.ЖАРГАЛ