Тариалалтын явц 15.2 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Тариалалтын явц 15.2 хувьтай байна

Хаврын тариалалт эхлээд арав гаруй хоножээ. Энэ жил 282.2 мянган га-д үр тариа, үүнээс 270.3 мянган га-д буудай, 13.2 мянган га-д төмс 7.1 га-д хүнсний ногоо, 12.2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн байгаа. Тариалалт өчигдрийн байдлаар 15.2 хувьтай байгаа мэдээг Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас авлаа. Тариалангийн үндсэн бүс нутагт шөнөдөө хүйтэн хонож, хөрс хөрч байгаагаас тариалалтын ажил хэд хоногоор жаахан саатаж 7-ны өдрөөс жигдэрчээ. Ялангуяа Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймагт хүйтэн, салхи ихтэй байгаагаас тариалалтын ажил үндсэндээ эхлээгүй байна.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 42.8 мянган га-д үр тариа, үүнээс 41.9 мянган га-д улаанбуудай, 928.5 га-д төмс, 212.3 га-д тус бүр хүнсний ногоо тус тус тариалаад байна. Одоо ажиллаж байгаа техникийн хүчин чадлаар тооцоход буудайн тариалалтыг энэ сарын 25-нд дуусгах боломж байгааг мэргэжилтнүүд гаргасан байна.
Тариалалтад зориулж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нийтдээ 106 аж ахуйн нэгж, иргэнд 3692.1 тонн үрийг олгосон байна. Ингэхдээ 15-30 хувийн урьдчилгаа авчээ. Түүнчлэн 362 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 1280 тонн шатахууныг зээлээр олгожээ.
Намар гэхэд 410 мянган тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо хураан авах юм. Хэрвээ нар, хур тэгширсэн сайхан зун болбол шүү дээ. Ийм хэмжээний ургац хураан авснаар улсын хэрэгцээт буудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах бололцоотой болох ажээ. Харин хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангана гэж урьдчилан таамаг дэвшүүлээд байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж