-Та охинтойгоо очиж уулзсан уу. Өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл гарсан. Биеийн байдал нь ямархуу байна вэ?
-Өлсгөлөн зарлахаар болсон гэдгийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдээд их санаа зовсон. Тиймээс тэр даруйдаа л “Дэнжийн 1000” дахь албадан саатуулах төвд очсон юм. Миний охин зүрх муутай, бие султай юм л даа. Тиймээс үнэхээр өлсгөлөн зарласан бол “Түүнийгээ зогсоо” гэж хэлэхээр очсон юм. Намайг очиход биеийнх нь байдал гайгүй байсан ч тэнд очсоноосоо хойш хоёр шөнө халуурсан гэсэн. Бас хоёр, гурван хоног хоол идээгүй юм билээ. Өөрөө “Тэртэй тэргүй миний зөв юм чинь үзэл бодолдоо үнэнч хэвээрээ байна. Тиймээс өлсгөлөн зарлахад бэлэн байна” гэж байсан. Тэгэхэд нь би “Өлсгөлөн зарлаж хэрэггүй. Асуудлыг үнэн, зөвөөр шийдэх хүн байгаа байх” гэж хэлсэн. Тиймээс өлсгөлөн зарлаагүй.
-Жагсаал болсон тэр өдөр чухам юу болсон юм бэ. Яагаад З.Баянсэлэнгийг хорьчихов?
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны маргааш буюу энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд 3000-4000 орчим хүн цуглаж эсэргүүцлийн жагсаал хийсэн. Тухайн өдөр би тэнд байсан. Тэр жагсаалыг охин минь зохион байгуулаагүй. Ард түмэн өөрсдийн үзэл бодол, Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж л жагссан шүү дээ. Жагсаалын үед МАХН-ын ганц, хоёр хүнээс гадна иргэний хөдөлгөөний төлөөлөл үг хэлж байсан. Харин маргааш нь дахиж цуглаад Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргахаар иргэдээс гарын үсэг цуглуулах ажил болсон юм билээ. Тэнд ирсэн хүмүүс цаас, даавуу гээд гарын үсэг зурж болох бүх л зүйл дээр гарын үсэг зурсан байсан. Тэр гарын үсэгнүүдийг охин минь цуглуулсан юм билээ. Ард түмний хүсээд байгаа зүйлийг тухайн намын удирдлагууд хүлээж авахгүй гээд яах юм бэ. Энэ л үүднээс гарын үсгийг нь цуглуулсан. Үүнээс болоод жагсаал цуглаан зохион байгуулсан гэж үзээд байгаа гэсэн.
-Ж.Баянсэлэнгийг “Жагсаал, цуглаан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан” гэдэг үндэслэлээр хорьсон. Жагсаал болохоос өмнө энэ талаар танд ямар нэгэн зүйл хэлж байгаагүй юу?
-Тэр жагсаал нь амралтын өдрүүдэд болсон учир зөвшөөрөл авсан эсэхийг нь би мэдэхгүй юм. Охин минь тэр жагсаалыг зохион байгуулаагүй юм чинь надад тэр талаар юу ярих вэ дээ. Гэхдээ би хувьдаа тэнд жагсаал, цуглаан болоогүй гэж бодож байгаа. Учир нь зам, талбай хаасан тохиолдол гараагүй шүү дээ. Ингээд л өнгөрсөн. Гэтэл маргааш, нөгөөдрөөс нь “З.Баянсэлэнгэ эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан” гээд баривчилсан. Өглөө “Ажилдаа явлаа” гээд гарсан хүүхэд орой нь ирээгүй.
-Та охиноо баривчлагдсаныг хэрхэн мэдсэн бэ. Танд утасдаж мэдэгдсэн үү. Тухайн үед юу бодогдож байв?
-Телевизээр л харсан. Цагдаагийн машинд суулгаад аваад явахыг нь хараад нулимсаа урсгаж л суулаа. Утсаар ярих чөлөө ч олгоогүй юм билээ. Шууд л баривчлаад аваад явсан гэсэн. Аав нь хэвтэрт байдаг юм. З.Баянсэлэнгэ л аавыгаа асардаг ганц хүүхэд байсан. Манай хөгшин зүрх муу учир тэр тухай нь хэлэлгүй нуусан ч орой тариа хийх хүнгүйдээд аргагүйн эрхэнд мэдэгдчихсэн л дээ. Тариаг нь хүртэл охин л хийж өгдөг байсан юм. З.Баянсэлэнгэ хоёр хүүхэдтэй. Том нь энэ жил нэгдүгээр дамжааны оюутан. Бага нь арван жилийн сурагч. Бага охин нь жаахан юм болохоор ээжийгээ нэхээд уйлаад байх юм. Миний охиныг ямар ч хэрэг хийгээгүй байхад заавал ингэж хорих шаардлага байсан юм уу. Эмэгтэй хүн, эх хүн шүү дээ, тэр чинь. Үнэн, зөвийг нь олоогүй байж шууд л хорьчих юм. Тэр хүнийг ямар том хэрэг хийчихсэн гэж өнөөдөр гэр бүлээс нь тусгаарлаж, өвчтэй эцгийнх нь тариаг тасалдуулан байн авч явж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ зөв талаас нь тунгааж ойлгох хүмүүс байгаа учир үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж найдаж байгаа.
-Нийслэлийн Прокурорын газрын прокурорын биед халдсан гэдэг үндэслэлээр түүнийг бас баривчлах гээд байсан?
-Нэг тийм зүйл болсон. Тухайн үед МАХН-ынхан прокурорт шаардах бичиг өгчихөөд хариугаа авах хуулийн хугацаа нь дуусчихаар шаардлагынхаа хариуг авах гэж хоёр гаруй цаг гадаа хүйтэнд хүлээсэн юм билээ. Гэтэл нөгөө прокурор нь аль хэдийнэ гараад явчихсан байхыг хараад даарсан хүмүүс гүйж очоод “хариугаа өгөөч” гэж хэлсэн гэсэн. Тухайн үед прокурор олны дунд шахагдаж, хавчигдсан л байлгүй. Үүнийг нь л прокурорын биед халдсан гээд бас нэг хэсэг охиныг маань авч явах гээд бөөн үймээн болсон. Хүмүүс телевизээр харсан байх. Гэрт нь ороод хувцсыг нь ураад байсныг. Гэхдээ тэр хэрэг тэгсгээд намжсан.
-Баривчлагдахдаа тулан байж МАХН хэмээх намд үнэнчээр зүтгээд байгаа учир шалтгаан нь юунд байна вэ. Таныг ч гэсэн МАХН-ын гишүүн гэж сонссон юм байна. Та бүхний ингэх болсны шалтгаан нь юунд байна вэ?
-Ингэж зүтгэх шалтгаан бидэнд байлгүй яах вэ. Бид МАХН-ын батлахыг олон шалгуур, олон бэрхшээлийг туулж байж өвөртөлдөг байсан юм шүү. Би л гэхэд 20 хэдхэн насандаа МАХН-ын гишүүн болж байлаа. Миний охины өвөө, миний аав Аюур гэдэг хүн эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан. Матадын зургаадугаар дивизэд хөнгөн пулемётчин байсан хүн. Миний аав нутагтаа ирээд Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд эмээл хазаартай морио өгөөд орж байсан анхны нэгдэлчдийн нэг. Тэгэхээр манай удмынхан МАХН хэмээх намтай салшгүй холбоотой. Эх орныхоо төлөө бай гэж л хүмүүжүүлсэн. Бас ген ч байдаг л байх. Тэгэхээр охин минь “Миний өвөө эх орныхоо төлөө байлдаж явсан” гээд л өнөөдөр ингэж явж байна. Тиймээс ч би охиныхоо хийж байгаа ажлыг дэмждэг. Охин минь улс төрийн байгууллагад ажиллаж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ л эдэлж байгаагийн нэг хэлбэр. Гэхдээ энэ нь хэм хэмжээтэй байх ёстой гэж би үргэлж захидаг.
-МАХН-д нэгдсэн хүмүүсийг янз бүрээр л ярих юм. Тухайлбал, мөнгө авах гэж л МАХН-д нэгдсэн. Жагсаал, цуглаан хийж мөнгө авдаг хэсэг бүлэг хүмүүс гэх мэтээр ярьж байна. Та МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, мянгатын даргын ээж. Өөрөө МАХН-ын гишүүн хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ. Танай охин хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг вэ?
-Манай намд хөрөнгө байхгүй. Гишүүдийн сайн санааны тусламж, хандив, намын татвар гэж юм л байдаг байх. Тийм байхад бидэнд юу өгөх юм бэ. Бид үзэл бодол, сэтгэл санаа нэгдсэний үндсэн дээр л явж байгаа хүмүүс шүү дээ. Төрийн эрх барьж байгаа намуудад мөнгө нь байна. Эрх мэдэл байна. Тэр талаараа манай намтай харьцуулшгүй ч МАХН-д итгэл, үнэмшлээрээ нэгдсэн олон зуун гишүүд бий гэж хэлмээр байна. Цалин гээд байх юм байхгүй шүү дээ. Намаас асуусан ч хэлээд өгөх байх. Миний охин л авсан цалингаа надаас нуудаггүй юм бол тийм зүйл байхгүй. Намын гишүүн өдрөөс өдөрт хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа энэ үед нам татвараар л амьдарч байгаа байх гэж хэлэх байна. Бид цэвэр үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хүмүүс.
-Та бүхэн итгэл, үнэмшлээрээ “Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ыг албан ёсоор үргэлжлүүлэн авч явж байна” гэж бодоод яваад байдаг. Гэтэл одоогийн МАХН чинь улс төрийн 19 дэх нам гэж албан ёсоор бүртгүүлсэн шинэ нам шүү дээ. Тэгэхээр та бүхний итгэл, үнэмшил үнэгүйдэж байгаа юм биш үү?
-Манай нам отгон нам гэж бүртгэгдсэн нь үнэн. Гэхдээ МАХН-ын албан ёсны үргэлжлэл мөн гэж би боддог. Хуучин намд алдаа байгаа шүү дээ. Алддаггүй хүн гэж байдаггүй. Тиймээс алдаагаа засах гэж шинэчлэгдэж гарч ирсэн нам юм. Аялдан дагалдаж байгаа гэвэл миний хувьд л лав үгүй. Бусад хүн ч гэсэн надтай ижил байр суурьтай байгаа байх. Миний аав яах гэж цусаа урсгаж явсан юм бэ. Энэ эх орныг үр хойчдоо бүрэн бүтнээр нь өвлүүлж өгөх л гэсэн юм шүү дээ. Улс төрийн намууд өнөөдөр хэтэрхий их туйлширч байна. Хүмүүсийг ингэж хоморголон баривчилж байгаа нь зохион байгуулалттай хийж байгаа үйлдэл юм болов уу гэж харж байгаа. Ер нь хэлмэгдүүлэлт болох гээд байна уу гэж бодож байгаа. Үндсэн хуулиар олгосон эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг нь ингэж боомилоод байх нь хэлмэгдүүлэлт биш гэж үү. Нөгөөтэйгүүр, энэ асуудал сонгууль болох гэж байгаатай холбоотой ч байж мэдэх юм.
-Таны охиныг МАХН-ын мянгатын дарга гэдгээр нь л хүмүүс мэддэг. З.Баянсэлэнгэ гэдэг хувь хүний хувьд чухам ямар хүн юм бэ гэдгийг та танилцуулаач. Яаж яваад МАХН-д элсчихэв ээ?
-Би хоёр хүү, хоёр охинтой. З.Баянсэлэнгэ айлын бага хүүхэд. Эгч нь хувиараа аж ахуй эрхэлдэг. Нэг ах нь Бельги улсад гэр бүлээрээ амьдардаг. Нөгөө ах нь Түнхэлд хувиараа алба эрхэлдэг. Миний бага охин одоо 39 настай. Цагдаагийн академийг дүүргээд Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажиллаж байсан юм. Аавынх нь бие муудаад тэндээс дуудагдаж ирсэн. Би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар 17 жил ажилласан. Намайг тэтгэвэрт гарах үед З.Баянсэлэнгэ Чингэлтэй дүүргийн хүний нөөцөд бүртгэлтэй байж байгаад миний ажлыг үргэлжлүүлж нэг жил хашсан. Гэтэл ямарч шалтгаангүйгээр нэг л өдөр ажлаасаа халагдсан. Одоо бодож байх нь ээ, тухайн үед 2008 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбат УИХ-д нэр дэвших гээд өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлж байна гээд л ажлаас нь халчихсан юм билээ. Ингээд ажлаасаа халагдсаныхаа дараа Халамжийн төвд мэргэжилтнээр ажилд ортол мөн л шалтгаангүйгээр халсан. Үүнээс болоод л охин минь “Үнэнээр, өөрийн хүчээр явбал ажилгүй болдог юм байна. Ямарваа нэг ажил хийхэд заавал ард нь нэг татаас, түлхээс байдаг юм байна” гэдэг ойлголттой болсон юм шиг байгаа юм. Ийм шалтгаанаар л охин минь улс төр сонирхож эхэлсэн байх гэж боддог юм.
-Ах, эгч нар нь дүүгийнхээ энэ үйлдлийг хэрхэн дүгнэж байх юм бэ?
-Бельгид байгаа ах нь өдөр бүр ярьж байгаа. З.Баянсэлэнгэ нэлээд эршүүд, санасандаа хүрэх гэж зүтгэдэг хүн. Тиймээс ах нар нь санаа зовсондоо загнах л юм. Гэхдээ өөрөө бол хүний үгэнд автахгүй. Өөрийнхөө л үзэл бодлоор явдаг хүүхэд.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин