320 орчим мянган га-д улаанбуудай тариална

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

320 орчим мянган га-д улаанбуудай тариална

Тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай ярилцлаа.


-Хүнсний ногоо болон тариа­лалтын бэлтгэл ажил ямар ша­тандаа явж байна вэ?

-Монголын газар тариалан их онцлогтой. Өөрөөр хэлбэл, эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд үйлдвэрлэл явуулдаг. Мөн хоёр жилд нэг удаа ургац хураадагаараа онцлогтой юм. Уринш бэлтгэж , дараа жил нь үйлд­вэрлэлээ явуулдаг. Өнгөрсөн жи­лийн зургаадугаар сараас энэ жи­лийн тариалалтын бэлтгэл аж­лаа хангаж байна. 318 мянган га газарт нэлээн сайн чанарын уринш хийсэн. Түүнчлэн 90 гаруй мянган га-д нь шинэ технологи ашиглаж цомхотгосон байдлаар уринш хийсэн. Энэ жил 320 орчим мянган га газарт улаанбуудай, 10-аад мянган га-д бусад үр тариа тариалахаар төлөвлөөд байна. Үр тарианы үйлдвэрлэлт 330 орчим мянган га-д эргэх байх гэсэн урьдчилсан төлөвлөлт хийсэн юм.  Өнгөрсөн 2007 онд дэлхийн зах зээлд улаанбуудайн үнэ өндөр байсан. Учир нь бусад улс оронд хомсдол үүсэж, ОХУ гурилан бүтээгдэхүүнээ гадагш гаргахгүй  байх хүртэл арга хэмжээ авч байсан удаатай. Тэр үед манай улс дотоодын хэрэгцээгээ хангахуйц улаан буудай бэлтгэсэн байсан учраас хомсдолд ороогүй. Тэ­гэхээр манай улсын газар тариалан тодорхой шалгуур давж байгаа гэж ойлгож болно. Улаанбуудай, үр тарианы үйлдвэрлэлтэд бэлтгэл аж­лаа хангасан байх ёстой л доо. Үүнд техникийн болон тариалалтын асуудлууд багтана. Тодруулбал, үрийн чанар маш чухал. Гаднаас ганц ч үр авахгүй дотоодын үрээрээ та­риалалт хийсэн. Энэ жил ч мөн адил гаднаас үр аваагүй. Сүүлийн жи­лүүдэд Атрын III аян хэрэгжсэн. Энэ­хүү аян өргөжиж хүнсний аюул­гүй байдал гэдэг томоохон хөтөлбөр болоод бусад салбаруудтай уялдаа хол­боотойгоор үргэлжиж байна.

-Газар тариаланд одоогоор тул­гарч байгаа ямар асуудал байна вэ?

-Газар тариалан тодорхой хэм­жээнд хөгжин хөл дээрээ бат зогсож чадаагүй байна. Тиймээс цаашид хийх ажил маш их байгаа. Хөрсний үржил шимийн асуудал нэлээд тулгамдаж буй. Байгалийн хуулиар хөрснөөс хэдий чинээ үр шим хүртэнэ авна төдий чинээгээр буцаан өгөх ёстой. Тэгж байж байгалийн хөрс олон 100 жил тогтвортой үйлдвэрлэл явуулах капитал болж өгдөг. Бид Дархан хотод “Тарималын сэлгээ” гэх асуудлыг хөрсний үржил шимтэй холбож онол практикийн хурал хийх гэж байна. Энэхүү хуралд эрдэмтэн, тариаланчид оролцох юм.

-Өнгөрсөн жил тариалалтаараа нэлээд амжилттай ажилласан. Энэ жил энэ амжилтаа давтаж чадах болов уу?

-Цаг агаарын төлөв байдал гар­сан байгаа. Өнгөрсөн жилүүдэд үүлэнд хиймлээр нөлөөлөх ажлыг хийж байсан. Үүнийг Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, Ху­рын шим төвтэй хамтарч жил болгон төлөвлөөгөө гаргаж ажилладаг. Энэ жил ч мөн адил хамтарч ажил­лахаар гэрээ хийсэн. Дан ганц хур бороо оруулахаас гадна гам­ши­гаас хамгаалах, мөндөрийн аюу­лыг багасгах чиглэлээр хамтарч ажил­лахаар болсон.  Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил хэм­жээний ургац авах болов уу гэсэн тооцоололт бий. Гэхдээ ургац болон талбай харилцан адилгүй. Бидний зорилго бол дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний ургац хураан авах, үрээ нөөцлөх, илүү гарсныг нь тооцоолж үзээд шаард­лагатай бол экспортолно гэсэн зорилго тавиад байна.

-Тариалалт хэзээнээс эхлэх вэ?

-Тариалалтын хугацаа харилцан адилгүй байдаг. Газрын гадарга маань олон янз. Тэгэхээр тариалалт хийх уулын ар, өвөр гэхэд л өөр байх жишээтэй. Эрт сэрүү ордог нутгуудад  таван сарын эхний долоо хоногт тариалалт эхэлдэг. Ерөнхийдөө та­ван сарыг тариалалтын сар гэж хэлж болно. Харин хүнсний ногооны хувьд арай онцлогтой. Цочир хүйт­нээс гаргахын тулд үрсэлгээр дам­жуулж тарьдаг ногоо бий. Үүнд бай­цаа, улаан лооль, өргөст хэмх гэх мэт орно. Эдгээр хүнсний ногоог шилжүүлж ил талбайд зургаадугаар сарын эхний хоёр долоо хоногт багтаан гаргадаг.

-Тариалалтад зориулж улсын төсвөөс хэдэн төгрөг төлөвлөөд байна вэ?

-Тариалалтад зориулж   төсөвлө­дөг мөнгө бага л даа. Бид “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаараа дам­жуулж ажилладаг. Тариалангийн салбар үндсэндээ 100 хувь хувьд шилжсэн шүү дээ. Тэгэхээр та­риа­лалтад зарцуулах ажилчдын хөлс, техник төхөөрөмжийн түлш, бордоо зэргийг хувийн компаниуд өөрсдөө гаргадаг. Бидний хийх зүйл бол үүнд нь дэмжлэг өгч ажиллах юм. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулаад гурав, дөрвөн жил түлш олгож байсан. Энэ жилийн хувьд түлшээ олгоод эхэлсэн. Ком­паниуд ч түлшээ татаад эхэлсэн байна. Хөнгөлөлттэй нөхцөл яаж бүрдээд байна вэ гэхээр 50 хувийн урьдчилгааг нь аваад, намар ургацаа хураасны дараа үлдсэн хувийг нь нөхөж төлөх боломжоор хангасан. Тариаланчид тариалалтын үрээ солих тохиодол гардаг. Энэ тохиодолд дээр дурьдсан зарчмаар мөн олгодог.

-Өнгөрсөн жилийн хураалтаар нөөцөнд үлдсэн хэчнээн тонн улаанбуудай байгаа вэ?

-Гурилын үйлдвэрүүд үлдсэн буу­дайг аван тээрэмдэж байгаа. Улсын тухайд 200 мянга орчим тонн улаанбуудай худалдаж, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” авлагандаа авсан байгаа. Дээрээс нь 2010 оноос хойш хадгалсан 60 гаруй мянган тонн буудай бий. Тодруулбал 260 орчим мянган тонн буудай улсын мэдэлд байна гэсэн үг. Үлдэж байгаа 200 орчим мянган тонныг гурилын болон тэжээлийн үйлдвэрүүд авсан байгаа. Хавар болж байгаа гээд улаанбуудайгаа хамаагүй зарж бор­луулж болдоггүй. Учир нь есөн сард ургацаа хураана. аравдугаар сард агуулахдаа хийж, арваннэгдүгээр сард үйлдвэрүүдэд хүргэнэ. Гурилын үйлдвэрүүд буудайг боловсруулж гурил болгоно. Тэгэхээр бид энэ хугацаанд буудайтай байх ёстой. Дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл долоон сарын хэрэгцээ шаардлагатай байгаа.  Гэхдээ ийм хэмжээний нөөц манай улсад бий.

-БНХАУ руу улаанбуудай экс­портлох гэрээ байгууллаа гэж бай­сан. Хэчнээн тонн буудай экс­портод гаргах гэж байна вэ?

-Бид 100 мянган тонн улаанбуудай гаргахаар  гэрээ хийсэн. Экспортод гаргах нь амар зүйл биш. Бэлтгэл ажлуудыг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” бүрэн хангаж дууссан. Хятад улсад улаанбуудайн хэрэглээ маш өндөр байдаг. Энэ ч утгаараа цаашдаа манайхыг хангаж чадах уу гэсэн зүйлийг Хятадын тал тавьж байгаа. Манайд энэ талын үйлдвэрлэл хөгжиж байгаа учир цаашдаа хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

-Хүнсний ногооны хувьд хэч­нээн га газарт тариалахаар тө­лөвлөөд байна вэ?

 -Энэ жил 800 га газарт хүнсний ногоо тариална. Хүнсний ногооны хангамж үйлдвэрлэл 63-70 хувьтай байгаа. Цаашдаа 100 хувь болгохын тулд ажиллах болно. Хангамжийг 100 хувь болгохын тулд шаардагдах боловсон хүчин, хадгалах агуулах сав зэрэг шаардлагатай зүйлсийг бүрдүүлээд байна.

-Өнгөрсөн жилийн тариа ху­раалтаар хэдэн га газраас хэчнээн тонн үр тариа хураасан бэ?

-Өнгөрсөн жил 290 мянган га газраас 448 мянган тонн үр тариа, 199.2 мянган тонн төмс, 105 мянган тонн хүнсний ногоо 34 мянган тонн тэжээлийн ургамал хураасан. Цааш­даа газар тариалангийн гол зорилго нь импортын хараат бү­тээг­дэ­хүүнийг Монголдоо үйлд­вэр­лэх  асуудал юм. Жишээ нь ур­гам­лын тос. Ургамлын тосыг Мон­голдоо үйлдвэрлэх боломжтой. До­тооддоо үйлдвэрлэхээс гадна га­даг­шаа гар­гах бүрэн боломжтой байгаа юм. Ургамлын тос чинь бензинийг бү­рэн орлох чадвартай. Үүнийг бо­ловсруулж бүрдүүлэх үйлд­вэрүүд манайд маш их хэрэгтэй байна. Иймээс газар тариалангаар дам­жуу­лаад өөр өөр салбар хөгжих бүрэн боломжтой.  

Ж.БАТТУУЛ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж