Харин энэхүү протоколыг нээлттэй болгосноор эл асуудлыг талууд судалж шүүх бүрэлдэхүүний хувьд зөв шударга шийдвэр гаргах бололцоотой болно. Нөгөө талаасаа шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогч, өмгөөлөгч, яллагдагч нарын хувьд мэдээлэл нь бүрэн дүүрэн болно гэж үзэж байна. Мөн тэрбээр энэ хэргийн гол буруутан болох улстөрчид, улстөрийн намууд нь хэргээс мултарчихаад, олон нийтийн анхаарлыг зөвхөн өмгөөлөгч нарыг баривчилж байгаа үйл явдал руу чиглүүлж, хэрэг явдлаас цэвэрхэн бултах арга саам эрэлхийлж байна гэж мэдэгдсэн юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.
-Онц байдал зарласан Ерөнхийлөгч яагаад Ерөнхий сайд С.Баярт Онц байдлын штабыг удирдах эрх өгсөнгүй, Ц.Мөнх-Оргилд өгсөн юм бэ?
-Яагаад Ц.Мөнх-Оргилыг штабын даргаар тавьсан бэ гэвэл их бодож шийдсэн зүйл. Ерөнхий сайдын албан тушаал чинь өөрөө Аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн гишүүн, Аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн гишүүн штабыг толгойлохоор Аюулгүй байдлын зөвлөл нь өөрөө штабынхаа эрхэнд орчихоод ойлгомжгүй харьцаа үүсэх гээд байсан. Штабаас хэтэрхий улайрсан, алдаатай шаардлага орж ирвэл Аюулгүй байдлын зөвлөл түүнийг хянадаг, зогсоодог байх ёстой. Штабаа хянах үүднээс Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн штаб толгойлж болохгүй гэж би бодсон. Тийм учраас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн субьект нь штаб толгойлж болохгүй, харин ч штабаа хянах ёстой. Засгийн газрын гишүүдээс Онц байдлын штабыг Хүнс хөдөө аж ахуйн сайд толгойлж байлтай нь биш, бусад сайд нарын хувьд ч, тэгэхээр цагдаа хүчний байгууллага, дотоодын цэрэгтэйгээ нэг бүтцэд байгаа Хууль зүйн сайд толгойлохоос арга байхгүй байсан. Тийм учраас Ц.Мөнх-Оргил сайдтай өөртэй нь ч зөвлөсөн, бусад албан тушаалтнуудтай ч зөвлөөд энэ тушаалыг гаргасан.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр нэг хүн “Буудах тушаал бушуухан өгөөдөхөөч ээ” гээд орилоод байсан гэдэг юмыг таныг ярьсан гэж хэвлэлүүдэд гарсан. Тэр хүн нь хэн бэ?
-Үгүй, би тэгж хэлээгүй. Мэдэхгүй юм байна. Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр хэн, юу ярьсан нь байгаа. Түүнийг л нээчих хэрэгтэй.
-Тэгвэл тэр протоколыг нээчихээр буудах тушаал өгөөч ээ гэсэн хүн нь илэрчих үү?
-Заавал тийм биш л дээ. Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр хэргийг ойлгоход тус болох зүйл ч байж магадгүй, эсвэл огт ач холбогдолгүй зүйл ч байж мэднэ. Би бол сайн мэдэхгүй шүү дээ. Протоколыг задалж байж ард түмэн ч ойлгоно, хууль хяналтын байгууллагынханд ч бас шүүх хуралдаанаа шударга хийхэд хэрэг болох болов уу л гэж бодож байгаа юм. Энэ протоколд Хятад, Монголын харилцаа, Орос, Монголын харилцаа, эс бөгөөс Монголын Зэвсэгт хүчинтэй холбоотой нууцын зэрэглэлд багтах , аль эсвэл түүнийг л задалчихвал Монгол Улс аюулгүй байдлаа алдаад, аль эсвэл аль нэг орны өмнө хүлээсэн үүрэг, эс бөгөөс бүр ноцтой нууц мэдээлэл задарна гэж айх хэрэг байхгүй. Яахав, хэлбэрийн хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын проткол нь нууц гэсэн тамгатай байдаг учраас тамга нь саад болоод байна л даа.
-Онц байдал зарласан үед дөрвөн хүн амиа алдсан. Үүгээрээ Монгол төр иргэнийхээ амийг хамгаалах ёстой гэсэн үндсэн үүргээ биелүүлж чадсангүй гэж үзэхээс аргагүй байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Онц байдал зарлахад, тухайн үед 23.00, 24.00 цагт Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч “Одоо Онц байдал зарлахгүйгээр зохицуулж чадахаа байлаа” гэж албан ёсоор хэлсэн. Түүнээс дураараа дээшээ харж сууж байгаад Онц байдал зарласан юм биш. Харин ч үүнээс ч ноцтой гэмт хэрэг, дээрэм тонуул үйлдэгдэх байсныг Онц байдал зарласнаараа зогсоож чадсан. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотоор зогсохгүй бусад аймагт үсэрхийлэх байсныг үгүйсгэх аргагүй. Одоо бол тааж хэлэхэд хэцүү, тухайн үед тэгж л зохицуулсан. Харин тухайн үед хэнээс болж дөрвөн хүний амь эрсдэв гэдгийг одоо тогтоох ёстой. Цагдаа нь буудсан уу, өөр сахилгагүй, хариуцлагагүй, энэ үймээнийг ашиглаж танхайръя гэсэн хүмүүс буудав уу, өш хонзон өвөрлөж байсан хүмүүс буудав уу гэдгийг олох ёстой. Энэний төлөө нууц гэсэн тамгаа хүчингүй болгоод ажиллах ёстой. Дөрвөн хүний амь нас бол үнэхээр чухал асуудал, би хэлээд байна шүү дээ, зөвхөн дөрвөн хүний амь насыг хохироосон буруутныг судалсан болж анхаарал сарниулж байгаад сонгууль луйвардсан улстөрч, улстөрийн намууд бултах юм биш биз. Тэрийг хамтдаа хяная гэж байгаа юм.
-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцээс хэсэгчлэн хориг тавьсан. Та шийдвэрийг хэр бодитой гэж үзэж байгаа вэ?
-УИХ-ын сонгуулийн хуулийн тухайд, тэр дундаа өнөөгийн парламент дахь улстөрчид яагаад сургамж аваагүй байна вэ гэж хэлээд байна вэ гэвэл УИХ-д байгаа хоёр том нам бүр ичихээ байгаад хуучин хууль зөрчиж, нуцаар хийж байсан зүйлээ ил гаргаад хууль болгоод баталчихсан. Жишээлбэл, УИХ-д нэр дэвшээд унасан хүн гулсаад сонгогдоно гэж… Түрүүн нь сонгууль луйвардаж уначихаад саналын хуудсыг өөрчлөөд сонгогдож байсан байж, одоо бүр намын жагсаалт руу ороод сонгогддог ийм зүйл заалт болгож хувиргасан. Хоёрдугаарт, намууд, ялангуяа УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиар давуу талыг бий болгоод баталгаажуулчихсан. Тухайлбал, гурван тэрбум /гишүүний/ төгрөгөөрөө байшин барилгын шав тавиад энд тэнд тууз хайчилхаа сурталчилгаа биш, УИХ-ын гишүүн ажлаа хийж байна гээд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулчихсан. Тэгтэл би ч юм уу өөр нэг нэр дэвших хүн тууз хайчилж, шав тавьж болохгүй байхаар заасан. Ингэж луйврын сонгууль хийхээр хуулиа бэлдчихсэн байгаа.
-МАН, МАХН хоёр УИХ-ын сонгуульд нэгдэж орох нь гэдэг мэдээлэл сүүлийн үед нэлээд гарах боллоо. Хоёр намын хувьд нэгдэх, эвсэх бололцоо бий юу. Хоёрдугаарт, таньтай ойр харилцаатай гишүүдээ МАН-ын удирдлагын зүгээс их хавчдаг гэж ярьдаг. Ингэж хавчигддаг гишүүдтэй та ямар харилцаатай байгаа вэ?
-УИХ-ын 2008 оны сонгуульд ямар улстөрийн нам орсон бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. МАХН гэдэг субьект сонгуульд орсон. Одоо бол МАХН гэдэг субьектийг арилгаад МАН гэсэн субьект үлдсэн. Ер нь хуулиа зохицуулмаар юм билээ. Сонгуульд орсон нэрээ солих юм уу, эсвэл устгах юм уу, өөр бүтэц рүү шилжиж байгаа бол тэр нь хуулийн зохицуулалттай байх ёстой. Гадаадад бол бие биенээ дайсагнах маягаар биш, ойлголцоод хэд хэдэн хэсэг болдог юм билээ. Тэгэхгүй бол манайх өнөөдөр Засгийн эрхэнд байгаа албан тушаалтнууд нь хүч түрэмгийлж бүх юм аа авч үлдэх гэж оролддог. Тэр саналтай нийлээгүй бол, чи заавал нийлэх ёстой л байхгүй юу. МАХН гэдэг нэрийг өөрчлөхөд, үзэл баримтлалыг өөрчлөхөд, түүхийг өөрчлөхөд олуулаа л шийднэ. Санал нийлээгүй бол чи дуусаа. Энэ бол большевик/олонхийн дарангуйлал/-ын үед тийм байсан. Ардчиллын өөрийнх нь мөн чанар юу юм бэ, хүн бүр өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалтай байж болно. Тэгэхлээр та нартай санал нийлээгүй бол яах вэ гэдэг гарцыг нь зааж өгөөгүй. Уг нь ардчилалтай оронд хуулиар зохицуулсан гарцтай. Гэрээ байгуулаад, хоёр тусдаа юм уу, гурав тусдаа болоод л явчихна. УИХ-д байгаа гишүүд нь ч гэсэн өөрөө сонголтоо хийдэг. Одоо бол манайд дарга нар нь дууддаг, айлгадаг, аль эсвэл амладаг. Н.Энхбаяртай холбоотой хүн эсвэл эвгүй байдалд орж янз бүрээр доромжлуулна, эсвэл суга дээшээ дэвшинэ. Ийм л хоёр аргаар ажиллаж байна ш дээ. Оросуудын хэлдгээр, ташуур, гөөхийний аргаар ажиллаж байна л даа. Нэг гөөхий өгч, Н.Энхбаяраас хүмүүсээ салгах юмсан, тэгээд албан тушаалд тавих юмсан. Эсхүл ташуурдаж айлган сүрдүүлж түүнээс салах юмсан гэж… Гэхдээ энэ УИХ-ын гишүүдийн хувьд би бүгдээрэнтэй нь зөрчилдөөд уулзаж чадахаа больчихсон юм байхгүй. Өдөр болгон уулзахгүй ч гэсэн хааяа таарахдаа уулзалгүй яах вэ, амьдрал ярилгүй яах вэ. Улс оронд болж байгаа асуудлаар ч санал солилцоно. Тэгэхлээр тэр хүмүүс өөрсдөө л сонголтоо хийнэ. Мэдээжийн хэрэг МАХН –д одоогийн парламент дахь 45 гишүүн бүгдээрээ л орох ёстой гэж боддог. Угаасаа л энэ намаар хүмүүжсэн, энэ нэрэн дор жагссан, энэ нэрээр л гарч сонгогдсон хүмүүс, энэ намд л орох ёстой гэж бодож байгаа. Тухайн хүн бол өөрөө сонголтоо хийнэ, энэ яриа бол МАХН гэсэн нэр сэргэснээс хойшхи 2 жил орчимд болж байгаа яриа ш дээ. Явж л байна, үр дүн яаж гарахыг би мэдэхгүй.
-Гол нь хоёр нам нэгдэх үү?
-МАН-тай нэгдэх үү, эвсэх үү гэдэг сүүлийн үед хүчтэй тавигдаж байгаа сэдэв. Энэ асуултыг жил хагасын өмнө надаас асууж байсан. Би хэлж байсан, ямар нэг ажил дээр эвсэх, эвсэхгүйн тухай ярих ёстой. Түүнээс Н.Энхбаяр, С.Батболд нар бие биедээ таалагддаг уу, үгүй юу гэдэг юм яривал буруу зүйл болно. Бид ямар санал тавьж байгаа вэ гэхээр амлалтаа өгчих. Ард түмэндээ нэг сая төгрөг амласан юм чинь заавал түүнийг өг. Үүнийгээ ахмадуудад эхэлж өгнө, оюутнуудаа хараад үзье ч гэх шиг. Ингэж сонгуулийн сурталчилгаа яваагүй, хүн болгонд өгнө гэсэн. Тийм болохоор би та бүхэнтэй хамтраад амлалтаа өг гэж шаардаж байгаа. Амлалтыг биелүүлэх бололцоо ч бас бий.
Хоёрт, Оюутолгойн гэрээг өөрчил. Өнөөдөр шууд Оюутолгойн 51 хувийг Монголын талд авахад хэцүү. Гэхдээ 15 жилийн дараа Оюутолгойн 51 хувь Монголын талд ирэхээр гэрээг өөрчлөх бололцоотой. Тэгэх юм бол Оюутолгойд гадаадын оруулсан хөрөнгө оруулалтыг баталгаажуулж өгнө, түүнийг нөхөж өгнө. Дээр нь тэд ашгаа авна. Түүнээс одоогийн байгаа шиг үүрд мөнх нөөц дуусан дуустал Монголын тал 34 хувь байна, гадаадын тал 66 хувьтай байна гэсэн хувь эзэмшил байж таарахгүй, засах ёстой.
Гуравдугаарт, Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өг. 20 хувь өгнө гээд байгаа. 20 хувь өгч болж байгаа бол 100 хувь өгч болно. Баялгийг хоёр хуваая, энэ байшинг барьдаг, ширээ сандал хийдэг компани бол өөрийнхөө хөрөнгөтэй байх ёстой. Түүнийг нь баталгаажуулж өгөх ёстой. Түүнд нь халдаж болохгүй. Өөрийнхөө оюун ухаан хүч хөдөлмөр, авъяас чадвараар бий болсон өмчид нь 100 хувийн баталгаа өгөх ёстой. Нэг ч монгол хүний оролцоогүйгээр бий болсон баялаг бол ашигт малтмал, бэлчээр, гол, алт, нар, салхи орно. Алт бий болоход С.Батболд, С.Баяр, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар оролцоогүй шүү дээ. Тэгэхээр энэ баялаг өөрөө бий болсон баялаг, энэ сайхан газар нутагтай, Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй төрсөн учраас баялгаа бүгдээрээ тэгш эзэмшье. Угаасаа Үндсэн хуульд орд нь ард түмний мэдэлд 100 хувь, төрийн хамгаалалтад 100 хувь гээд заачихсан байгаа, түүнийгээ хэрэгжүүлэхгүй л байгаа болохоос биш. Хэрэв Тавантолгойг ингэж ард түмэнд 100 хувь өгье, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг засъя, амлалтаа биелүүлье, хээл хахуультай тэмцье гэх юм бол… Өнөөдөр хээл хахуулийг олон улсын аргачлалаар тооцож үзэхэд 900 тэрбум төгрөг жилд явж байна. Хахууль авч байгаа хүн нь хэлэхгүй шүү дээ. 900 тэрбум төгрөгийг иргэн бүртээ хуваахад 334 мянган төгрөг болж байгаа. Тийм учраас энэ мэт ажил дээр санаа нэгдэх юм бол яагаад эвсэж болохгүй гэж… Монголын төлөө шүү дээ. Ийм юм хийхгүй, чи дуугай л хүрээд ир, битгий саад болоод бай, зүгээр л хамтаръя гэвэл юу гэж эвсэх юм. Ийм ажил хийе гэвэл Ардчилсан намтай ч, Ардын намтай ч эвсэнэ. Хэн энэ ажлыг хийнэ гэнэ түүнтэй бид эвсэнэ. Тэр нь Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу, өөр бусад нам байна уу хамтран ажиллахад ерөөсөө буруугүй гэж бодож байна.