
Тухайлбал, гишүүн Ч.Сайханбилэг Үндсэн хуулийн Цэц УИХ-ын хууль тогтоох процесст халдаж байна гэлээ. “Цэцийн заалтыг хүлээж авбал хуулийнхаа “бөөс хуурс”-ыг түүх хэрэгтэй болно. Цэцийн зүгээс 15 зүйл заалт ирүүлсэн. Үүнийг шийдэхэд асар их ажил шаардана” гэж тэрбээр хэлсэн юм.
Гишүүн С.Эрдэнэ Цэцийн дүгнэлтийг Монгол төрийг самууруулсан ажил хийж байна гэсэн юм. “Цэцийн дэд дарга Н.Жанцан “Бидний гаргасан шийдвэрийг иргэд алга ташин хүлээж авч байна” гэсэн ярилцлага хэвлэлд өгснөөрөө улс төрийн байгууллага гэдгээ нотолчихлоо. Хэрэв Цэц их суудлаараа дүгнэлтээ дахин баталбал дахин буруу шийдвэр болно. Цэц мөнгөө төлсөн хүнд хөгжим тоглодог улс төрийн байгууллага болчихлоо. Цэц өмнөх үеийн нэр төрөө баллачихлаа. Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалга биелүүлдэг газар болсон. Та нарын нэр хүнд байхгүй болсон. Одоо Ерөнхийлөгч, бусад байгуллага захиалгын болсон эдгээр хүмүүсийг эргүүлж татаж шинэ хүмүүсээр Цэцийг бүрдүүлэх ёстой” гэж байлаа.
Гишүүн Н.Батбаяр “Энэ удаа Үндсэн хууль зөрчигдсөн эсэх тухай асуудал ээдрээтэй болчихлоо. Үндсэн хуулиар сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг засдаггүй. Гэтэл Цэц ингэ гэсэн шийдвэр гаргалаа. Цэц Үндсэн хуулиа зөрчиж, иргэдийн эрх ашгийг хөндлөө. УИХ-ын гишүүдийг сонгогчид шууд санал хураалтаар сонгодог хуультай. Иргэдтэй уулзахад гишүүдийг бид санала өгч шууд сонгох ёстой гэж хэлж байна. Гэтэл зургадугаар сард болох сонгууль хүчин төгөлдөр болох эсэх нь Цэцээс болоод тодорхой бус боллоо. Газар шороог нь гадаадынхан хулгайлдаг байсан бол сонгогчдын сонгох эрхийг Цэц нь хулгайлдаг болчихлоо. Энэ удаа Цэцийн дүгнэлтийг хүлээж авалгүй явуулъя. Цэц их суудлаараа дахин шийдвэр гаргахдаа эсрэгээр гаргаж мэднэ. Манай Цэц нэг асуудал дээр гурав эргэдэг. “УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байж болно, болохгүй, дахиад болно” гэсэн шийдвэрийг өмнө нь гаргаж байсан хүмүүс шүү” гэлээ. Гишүүн Р.Гончигдорж “Цэцийнхэн хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн том халга онгойлгодог, түүгээрээиргэдийн эрх ашиг зөрчсөн шийдвэр гаргадаг шүү” гэж байв.
Үүний дараа гишүүд үг хэлцгээж эхэллээ.
Гишүүн С.Эрдэнэ:
-УИХ сайн ч муу ч олонхиороо Сонгуулийн хуулийг баталсан. Түүнээс гадна сонгууль болоход зургаан сар үлдсэн тохиолдолд Сонгуулийн хуульд гар хүрдэггүй. УИХ хууль зөрчсөн, төрийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэж болзошгүй дүгнэлтийг хүлээж авахгүй.
Гишүүн Л.Гүндалай:
-УИХ-д нэр дэвшигчдийн хоорондын саналын зөрүү 500-1000 хүн л байдаг. Нэг нь нэг хувийн саналааар унаад, нөгөө нь 99 хувийн саналаар ялдаг тохиолдол хаана ч байхгүй гэж байв. Гишүүд ийнхүү байр сууриа үргэлжлүүлэн илэрхийлж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэдэг дээр олонхи нь нэгдэж байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.