
Ямартай ч шийдвэр гаргах эрхтэй байгууллагуудаас байрны үнийг хямдруулах шийдвэр гаргахад бараг бэлэн болчихлоо гэсэн үг. Гэтэл барилгын комданиуд нь хувийн хувийн өмчит аж ахуйн нэгж юм. Тиймээс Ц.Дашдорж сайдын гаргах гэж буй тушаалд тэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Барилгын компаниудын төлөөллүүдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонсоход ихэнх нь дургүйцсэн байр суурьтай байсан юм. Мөн барилгын үнэ ханшийг бага зэрэг бууруулах, цаашид үнийг тогтвортой барих өөр боломжийг ч тэд хэлж байв. Түүнчлэн “Барилгын үнэд төр нөлөөлбөл сайн зүйл болохгүй” хэмээн нэгэн менежер хэлсэн. Монголын барилгын салбарт нэлээд олон жил үйл ажиллагаа явуулж буй “Өндөрбуянт холдинг” компанийн эдийн засагч, зураг төслийн инженер Н.Батцэнгэлтэй уулзаж байр суурийг нь сонслоо. Энэ компанийн барьсан орон сууцны метр квадратын үнэ 1.6-1.9 сая төгрөг байгаа. Тэрбээр “Манай компани 1997 онд байгуулагдаж, барилгын салбарт 2000 оноос үйл ажиллагаагаа явуулсан. Харин 2008 оноос орон сууцны барилга барьж байна. Сайдын гаргах гэж байгаа тушаал онолын үүднээс боломжгүй зүйл. Учир нь барилгын салбар гэдэг бол зах зээлээс маш их хамааралтай. Үнэ хэзээ яаж ч өөрчлөгдөж болно. Өөрөөр хэлбэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ ханш хэрхэн хэлбэлзэхээс хамаарч барилгын үнэ ч гэсэн хувьсаж болдог. Түүнчлэн барилгын салбарын ажилчид маш олон. Тиймээс хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэхээр ажилчдынхаа цалинг нэмэх шаардлага зайлшгүй гарна. Тиймээс шатахуун, бусад барааны үнийг төрөөс бодлогоор хянах хэрэгтэй” хэмээсэн. Хүмүүсийн амьдрал бүхэлдээ биш юм гэхэд тодорхой хэмжээгээр мэдэгдэхүйц дээшилж байгаа. Амьдрал нь дээшлэхийн хэрээр чанартай, өнгө үзэмжтэй орон сууцанд амьдрах хүн мөн ихэснэ. Гэтэл Ц.Дашдорж сайдын тушаал чанартай байранд аж төрөх баталгааг багасгаж байгаа талаар барилгын компаниудын төлөөлөл дурьдаж байсан. Тэд “Сайн чанарын материалыг холоос тээвэрлэхэд тэр хэмжээгээр зардал гардаг. Тиймээс нэг сая төгрөг дотор метр квадратын үнийг эргэлдүүлбэл зарлагаа нөхөж чадахгүйд хүрнэ” гэж байлаа.
"Улс төрийн тойм" сонин