Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын мэдээлэлд дурьдсан бусад асуудлын талаар зохих шалгалтыг бүрэн хийж чадаагүй болохоо Авлигатай тэмцэх газрынхан албан бичигтээ мөн дурьдсан байна. Улсаасаа баян, засгаас том эрх мэдэлтэй хүмүүсийг шалгахад хууль хяналтынханд хүндхэн байгааг дээрх бичиг илэрхийлж байна. Засгийн газрын зарим сайд нар Ж.Оджаргалын MCS группээс байр авсан гэх мэдээлэл хүснэгтээр олдлоо. Сайд нар MCS-ээс байр авсан эсэх, авсан бол ямар үнээр худалдаж авсан, түрээсэлж байгаа эсэхийг хууль хяналтынхан л шалгаж тогтоох биз ээ. Эрхэм сайд нар ч үүнд ямар нэгэн тайлбар хийх байх. Эсвэл Ц.Нямдорж сайд шиг түрээсэлж байгаа хэмээн тайлбарлах болов уу. Юутай ч Засгийн газрын гишүүд MCS-ийн байранд амьдардаг гэх асуудлыг шалгаж тогтоох хууль хяналтынхан олдохгүй байгаа бололтой. Сайд Ц.Нямдорж саяхан телевизийн эфирээр MCS-ийн 300 мянган долларын үнэтэй байранд зүгээр л найзын журмаар гуйгаад амьдарч байгаа ухааны юм ярьж, бусдыгаа үнэхээр байр худалдаж авсан юм бол бичиг баримтаа янзлаарай гэж хэлсэн хэмээн ярьж байсан. Өөрөө бол түрээсэлж ч байна уу, гуйж ч байна уу амьдарч байгаа нь үнэн болохоор бусдыгаа хэрэгт орооцолдохгүйн тулд эртхэн шиг асуудлаа зохицуулж байр худалдаж авсан болгож бичиг баримтаа цэгцлээрэй гэсэн аж. Үнэхээр худалдаж авсан нь үнэн л юм бол янзалж цэгцлэх бичиг баримтын асуудал гэж юу байдаг юм бол. Жирийн иргэд ч таван ханатай гэрээ ах дүүдээ хөлслүүлдэг цаг шүү дээ, өнөөдөр. Гэтэл Ж.Оджаргал баян баян гэхдээ арай ч 300 мянган долларын үнэтэй байрандаа жирийн нэгэн сайдыг өрөвдөөд үнэгүй суулгана гэж юу байхав дээ. Тэнэг хүн ч үүнд итгэхгүй. Үнэхээр жирийн иргэдээ доромжилж чадаж байгаа юм шүү, эд. Дээр олдсон хүснэгтэд, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарынх MCS-ийн энэ их үнэтэй байранд төвхнөцгөөсөн байна. “Bella vista” гэх MCS группын тансаг хотхон нь Туул голын эрэг дээр байрладаг. Ё.Отгонбаярынх 420.000 ам.доллар буюу 600 сая гаруй төгрөгийн, Ч.Хүрэлбаатарынх 260.000 ам.доллар буюу 400 орчим сая төгрөгийн, Ц.Мөнх-Оргилынх 750.000 ам.доллар буюу тэрбум орчим төгрөгийн үнэтэй тансаг байруудтай юм байна. Тэгэхээр MCS-ийнхэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг, Хэрэг эрхлэх газрын даргатай нь, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг нь Хууль зүйн сайдтай нь “худалдаад авчихсан” уу, хахуульдаад авчихсан уу. Харин Ц.Нямдорж сайдын түрээсэлдэг гэж яриад байгаа байр нь худалдах, худалдан авах Z sa 07/16 дугаартай байгаа юм. Түрээсийн байр худалдах, худалдан авах гэрээ нь захиалагч нь Эрхэмбаярын Амартүвшин гэдэг хүний нэр дээр бөгөөд эзэмшигч нь Ц.Нямдорж сайд юм байна. Сард 4.5 сая төгрөг төлөөд байр түрээсэлж амьдрах бэлтэй аавын хүү өнөөдөртөө Ц.Нямдоржоос өөр хүн Монголд хараахан алга. Өмнө нь сайд “Сардаа 300 мянган төгрөг төлдөг” гэж ярьж байсан бол сүүлд телевизээр ярихдаа “Зөвхөн ус, цахилгааныхаа мөнгийг төлдөг” гэж ярилаа. MCS-ийнхэн тийм өгөөмөр юм уу, аль эсвэл аймаар том “шахаа” байна уу. MCS-ийнхэн үнэхээр тэгж өгөөмөр зан гаргадаг юм бол тэр өндөр үнэтэй байранд нь хоёр өрөө байр түрээсэлчих юмсан. Гэхдээ би хэдий ядуу сэтгүүлч ч гэлээ Ц.Нямдорж сайд шиг ус, цахилгааныхаа мөнгийг л төлнө гэж даврахгүй, сардаа 300 мянгыг нь бол төлчихөж дөнгөнө л дөө.
Мөнгөтэй хүн байшин барина уу, шовоохой босгоно уу хамаагүй. Гэхдээ сардаа сая хүрэхгүй төгрөгийн цалинтай, дөрөвхөн жилийн бүрэн эрхтэй сайдууд тэрбум төгрөгийн үнэтэй байрыг худалдаж авахад ёстой л хоншоорт нь хоёр хуруу дутна гээч юм болох биз. Тэд үнэхээр л худалдаж авсан юм бол ямар эх үүсвэрээр тийм өндөр үнэтэй тансаг байрууд худалдаж авснаа л хэлчих хэрэгтэй. Эс тэгвэл…