Монголын багийн тухайд эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд багийн даргаар Монголын ширээний теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэндбаяр (МШТХ-ын тэргүүлэгч гишүүн), ахлах дасгалжуулагчаар С.Галбадрах, туслах дасгалжуулагчаар Б.Цэрэнтогтох нар ажиллаж байна.
Сануулахад, Монголын ширээний теннисний шигшээ багийн эмэгтэй тамирчид 2010 онд Москва хотод болсон багийн ДАШТ-ний Д хэсэгт 15 багаас хоёрдугаар байрт орсноор энэ оны ДАШТ-д ангилал ахиж, С хэсэгт орсон байгаа бол эрэгтэй багийн тухайд өмнөхийн адил сүүлийн хэсэгт өрсөлдөж байна.
Эмэгтэй багийн тухайд групп С-д багтаж Канад, Мексик, Ирланд, Иран болон Армяны багтай тоглосон бөгөөд хараахан хожил авч чадсангүй. Харин хэсгийн дараагийн тоглолтод Латвийн багтай тоглосон ч 1:3-аар ялагдал хүлээснээр 50-60-р байрын төлөө тоглохоор болж байна.
Хэдийгээр эрэгтэй баг сүүлийн групп E-д Киргизстан, Тринидад ба Тобаго, Либери, Куракао, Фароэн арлуудтай таарсан ч бүх өрсөлдөгчөө хожсоноор хэсгээ 10 оноотойгоор тэргүүллээ.
Гуравдугаар сарын 26
Монгол – Ирланд 3:0
Монгол – Тринидад ба Тобаго 3:2
Гуравдугаар сарын 27
Монгол – Либери 3:0
Монгол – Киргызстан 3:1
Гуравдугаар сарын 28
Монгол – Куракао 3:0
Эрэгтэй багт ОУХМ Л.Алтантулга, спортын мастер Э.Лхагвасүрэн, спортын дэд мастер Б.Баатарсүрэн, Б.Билэгт, А.Батдэлгэр нар өрсөлдөгчөө буулган авсан байна.
Хэсгээ тэргүүлсэн эрэгтэй баг нөгөө хэсгээс гарч ирсэн Исландыг 3:1-ээр буулган авч Ямайкийн багтай тоглохоор боллоо. Ямайкийн багийг хожвол хэсгийн аваргын төлөө буюу 97-98-р байрны төлөө тоглож чансаагаа ахиулах боломжтой болох юм.
Ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд дөрөвдүгээр сарын 1-нд тодорно.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.