Sever Hall, Harvard Yard
Өнгө өнгийн арьстай хүмүүс, яаран алхах мөртлөө ард нь явж байгаа хүнийхээ өөдөөс хаалга хэзээ ч хаадаггүй, чөлөөтэй харьцаатай мөртлөө эелдэг Америкчууд урьд зун Америкад миний ирэхэд байсан шигээ л байж байна. Дахиад нэг цаг гарам нисч шөнийн 12 цагт Бостонд очоод Кэмбридж хүрэх таксинд суув. Хаашаа явахав хаягаа хэл гэж жолоочийг хэлэхэд нь газрын зураг харуултал газрын зураг ойлгодоггүй, GPS-ээр л замаа заалгаж явдаг гэлээ. Тэгэхээр нь Харвард явъя гээд хөдлөв. Нөгөөдөх чинь бас Харвардын ойр ирчихээд хаашаа явахаа сайн мэдэхгүй байсан уу, илүү мөнгө авах гэсэн үү жижиг жижиг гудамжаар авч явсаар Харвардын үүдэнд ирэв. Буугаад типэнд 5 доллар өгөхөд аз жаргал хүсээд л ихэд баясаад яваад өгч байна.
Алдарт Харвард руу төв хаалгаар нь ороход эхлээд өөрийн эрхгүй инээмсэглээд л явж байсан бол сүүлдээ үе үе энд ирчихсэн байгаадаа итгэхгүй л гайхаж явлаа. Чемодануудаа Harvard Yard-аар чирч явсаар намайг миний өрөөнд оруулж өгөхөөр хүлээж байсан хүмүүстэй уулзаад өрөөндөө оров. Мэдээж онгоцоор явах туршдаа унтсан, мөн 12 цагийн зөрүүтэй орноос ирсэн тул нойр хүрэхгүй, үүр цайтал хүлээгээд өрөөнөөсөө гарч Кэмбрижээр алхаж тэнэлээ. Харвардын оюутны хотхон үнэхээр сайхан санагдсан. Хаа сайгүй ногоон зүлэг модтой, бараг мод болгонд хүмүүст дасчихсан хэрэм амьдарна, энд тэнд туулайнууд хүртэл харагдав. Хотхоноос гараад Кэмбрижээр алхаад явахад тун сайхан байлаа. Явган хүний гарц руу ойртонгуут л машинууд шууд зогсоод гаргаж өгнө, бүүр өглөө атал дасгал хийгээд гадаа гүйх хүмүүс зөндөө. Хааяа ногоон цэцэрлэг тааралдаад ер нь л амьрдахад сайхан газар ажээ.
Маргаашнаас нь хоёр хоног цэвэрлэгээний ажил хийв. Цэвэрлэгээний ажил ч гэж, нээх сүйдтэй юм байхгүй, гол нь хичээл эхлэхээс өмнө хамт ажиллаж байгаа оюутнуудтайгаа танилцаж нөхөрлөх боломж олгож байгаа хөтөлбөр юм. Манай цэвэрлэгээний баг ч эхлээд ярих гэхээр нэг л ярих юм олдохгүй чимээгүй ажиллаад шал шүүрдэх зуураа үг дуугарахгүй чимээгүй байгаагаа шоглон өөрсдийгөө "silent sweepers" хэмээн нэрлэв. Ажлын хоёр дахь өдрөөс харин ажил хийхээсээ илүүтэй цагийг ярьж өнгөрүүлсэн ч цалингаа урьдны адил хэвээр нь авах боллоо.
Цэвэрлэгээний ажлын дараа долоо хоног олон улсын оюутнуудад Америкад амьдарч Харвардад сурах талаар зөвлөгөө өгөх хөтөлбөрүүдэд хамрагдав. Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдаж байхад сонирхолтой санагдсан зүйл гэвэл Харвардад ирж буй оюутнууд бие биенээсээ хэчнээн ихээр өөр өөр байгаа нь байлаа. Сургууль сургуулийнхаа шилдэг хүүхдүүд гэхээр бүгдээрээ жоохон ч гэсэн төстэй байх болов уу гэж бодсон чинь бүр бүхий л төрлийн (зүгээр ч нэг хэлж байгаа юм биш шүү!) хүмүүс байх аж.
Хөршүүд
Хэд хоногийн өмнө байнгын өрөөндөө нүүж ороод төвхнөсөн. Миний өрөөнд Al Gore, хажуу өрөөнд Tommy Lee Jones амьдардаг байсан нь Харвардын олон олон сонирхолтой зүйлсийн нэг нь л байв. Нийт 15 гаруй сая номтой Харвардын номын сангуудаар явахад үнэхээр аугаа санагдаж байлаа. Харвардын төв номын сангийн аварга том байшингийн 4 давхар гаруйд нь дүүрэн номнууд байх ба нийт номын тавиуруудын урт нь 90км орчим болдог гэсэн. Дотор нь алхаад явахад зарим газраар хэн ч байхгүй, чив чимээгүй, зөвхөн алхсан газраар мэдрэгч гэрлүүд асах нь Харри Поттэр дээр гардаг Hall of Prophecy шиг санагдаж байв.
Sanders Theatre, хамгийн том лекцүүд энд болдог
Есөн сарын нэгэнд хичээлүүд эхэлсэн. Эхний хагас жилд 4 хичээл сонгож болно гэхээр нь эдийн засаг, хэл шинжлэл, expository writing, Франц хэл гээд сонгоод байна. Эдийн засгийн лекцийг нь дэлхийд алдартай Mankiw гээд профессор тавьдаг ба лекц бүрт дор хаяж 600 оюутан Харвардын Sanders Theatre-г дүүргэдэг. Хэл шинжлэлийн хичээл их сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ сонирхож буй чиглэлүүд зөндөө, бас мэргэжлээ дараа жил болтол сонгох албагүй учраас энэ жилдээ аль болохоор олон төрлийн хичээлд сууж үзэх төлөвлөгөөтэй байна.