Хачирхалтай хууль байгаа биз. Энэ хуулийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч хууль санаачилж үзээгүй гишүүд санаачилсан бололтой. Хүчирхийлэгчийг тайган болгон гэнэ үү. Үнэхээр л хийх ажил олдохгүй юм болов уу гэж гайхах хүн олон гарах биз. Уг нь бол мэргэжлийн хууль санаачлагчид гэх нэр зүүсэн эрхмүүд сонгуулиас өмнө бодож бодож олсон хууль нь энэ. Улс эх орны эдийн засаг, бүтээн байгуулалт гээд шаардлагатай өөр олон хууль байхад иймэрхүү хууль санаачласхийгээд л ээлжит суудлаасаа огцрох гэсэн санаа ч байж болох юм. Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг УИХ-ын хугацаа дуусах гэж байгаа гэсэн шиг нэг иймэрхүү хууль санаачилсан суугаа нь эрхмүүдийн хийх ажил дуусчээ. Тайган болгоно гэдэг үгнийхээ утгыг бүрэн ойлгосон л байгаадаа. Гадны орнуудад бол бэлгийн дур хүслийг нь бууруулах тариа хийчихдэг гэсэн. Харин тайган болгох гэдэг үгний хувьд арай л өөр ойлголт бий байх. Зарим оронд эртний хатдын дэргэд байдаг боолуудыг тайган болгодог байсан. Түүн шиг болгох гэж байгаа юм болов уу. Бас л бодох л асуудал байх. Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхэд нэгэн харамсалтай эсвэл жихүүцмээр нэгэн хэргийг шүүсэн юм. Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Ц.Батдэлгэр 2008 оноос 2011 оны хооронд насанд хүрээгүй дөрвөн охин, нэг эмэгтэйг хүчирхийлж, дээрэмдэж, нэгийнх амь нь насыг хөнөөсөн байна. Тиймээс тус аймгийн шүүхээс Ц.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 19-ний өдөр хаалттай шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулсан байна. Гэсэн ч Ерөнхийлөгч өөрийн эрхийн хүрээнд цаазаар авах ялаас түдгэлзээд байгаа учраас ялыг хэрэгжүүлээгүй аж. Тиймээс л хууль батлагчид ийм санаачлага гаргажээ. Харин энэ хуулиас үүдээд олон асуулт гарч ирж байна. Хэрэвзээ тухайн яллагдагч гүтгүүлсэн байвал яах вэ. Эргээд эрүүл саруул болох боломжтой юу. Эсвэл энэ ялыг 5-10 жил ч юм уу, тодорхой хугацааны туршид өгөх хэрэг үү. Эрэгтэй хүчирхийлэгчийг “засчихдаг” юм байж. Эмэгтэй хүчирхийлэгчийг нь тэгээд хагалгаанд оруулах уу. Тийм бол ялынх нь хугацаа дуусахаар дахиад хагалгаанд оруулах уу. Энэ мэтээр олон асуулт урган гарч ирнэ. Бод бод. Сайн бод.
Төрд тайган үгүйлэгдсэн нь
Нэгэн хачирхалтай жиргээ ордны хонгилд сонсдов. Тодруулбал, бага насны охидыг хүчирхийлсэн хүмүүст хатуу ял зэм хүртээх хуулийн төсөл өргөх тухай юм. Үүнийг лавшруулан сонирхвол, ийм төрлийн гэмт хэрэг сүүлийн үед цөөнгүй гарч, нийгмийг цочролд оруулах болсон тул нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлан, гэмт хэрэг үйлдэгчдийг хашраах зорилгоор засч, тайган болгох заалт оруулсан юм байх. Удахгүй УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр болжээ. Ийм төсөл санаачлах болсон шалтгаан нь гэмтнүүд хэдхэн жил шоронд суугаад суллагддан эрх чөлөөтэй болдог. Мөн дахин гэмт хэрэг үйлдэх нь ч бий. Харин хүчирхийлэлд өртсөн охин насаараа сэтгэлийн хүнд шархтай үлдэж, түүндээ шаналан амь насаа хорлох ч тохиолдол бий гэж үзсэн байна. Тиймээс хэрэгтнүүдэд хариуцлага үүрүүлж нарсанд суулгахаас гадна тайган болгож дахин гэмт хэрэг үйлдэхгүй болгохоор шийдсэн бололтой.
Ш.ЧИМЭГ