"Би амь насаа дэнчин тавин байж попрох хүн биш" | News.MN

"Би амь насаа дэнчин тавин байж попрох хүн биш"

"Би амь насаа дэнчин тавин байж попрох хүн биш"

NEWS АГЕНТЛАГ ӨНГӨРЧ БУЙ ДОЛОО ХОНОГТ БЭЛТГЭСЭН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДАА БАГЦЛАН ХҮРГЭЖ БАЙНА


“Коронавирусээс илүүтэй уушигны хатгалгаа газар авч байна”

Уушигны хатгалгааны улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг аж. Тодруулбал, 2019 оны стасистик мэдээллээр уушигны хатгалгаагаар 78.141 хүн хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн юм.

Тиймээс уушигны хатгалгаа болон БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдварын  талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга,  анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор Ц.Төмөр-Очиртой ярилцлаа.  Тэрбээр уушиг судлалын чиглэлээр мэргэшин 26 дахь жилдээ тус эмнэлэгт ажиллаж байна. 


-Улирлын томуугийн вирус нь уушигны хатгалгаа үүсгэхээс гадна маш хурдан хүндэрч, нас баралтад хүргэж байгааг эмч нар хэлж байна. Сүүлийн үед уушигны өвчлөл хэр нэмэгдэж байна вэ?

-Улирлын томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 2019 онд В хүрээний вирусийн тархалт өндөр байсан бол 2020 он гараад А хүрээний хэв шинжийн вирусийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн 10-14 хоногт гэхэд А хүрээний Н3N2 вирусийн тохиолдлууд нэмэгдэж байна. Мөн сүүлийн өдрүүдэд А хүрээний  Н1N1 вирусийн халдвар оношлогдож байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн долоо хоногт үндэсний хэмжээний олон мэргэжлийн 60 гаруй эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй зөвлөх багийг байгуулан ажиллуулж эхэлсэн. Жишээлбэл, үндэсний хэмжээнд уушиг судлал, эрчимт эмчилгээ, эх барих, халдварт, мэс засал зэрэг олон чиглэлээр орон нутагт шаардлагатай тохиолдолд дайчлагдан зөвлөгөө өгөх, эмч мэргэжилтнүүдийг шинэ мэдлэг, мэдээллээр хангах, ард иргэдэд нотолгоотой, баталгаажсан эх сурвалж бүхий мэдээлэл, анхааруулга, зөвлөгөө өгөх ажлуудыг явуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухай бүрт дагаж мөрдөх түр зөвлөмжүүдийг шинэчлэн гаргаж байна. Уг түр зөвлөмжүүдийг үндэслэн Монголынхоо нөхцөлд дагаж мөрдөх эмчилгээ, оношлогоо, халдвар хамгааллын түр зөвлөмжийг гаргаж, орон нутагт цахим хэлбэрээр сургалт мэдээлэл өгч ажиллаж байна. Энэ долоо хоногт Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын дагуу бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн баг хамтран төлөвлөгөөт сургалтууд хийж эхэлсэн.

Салбар яамнаас уушигны хатгалгааны улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг талаар мэдээлсэн. Үүний гол шалтгаан нь юу байна вэ?

-Зөвхөн энэ жил гарч буй тоон мэдээлэл биш л дээ. Уушиг судлалаар олон жил мэргэшсэн эмчийн хувьд сүүлийн 10 жилийн эмнэл зүйн ажиглалтаас харахад хэв шинжийн бус уушгины хатгалгааны өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байна. Өмнө нь уушигны хатгалгаа 5-7 хоногт эдгэдэг байсан бол одоо үед хэв шинжит бус, маш хүнд хэлбэрийн хатгалгаа богино хугацаанд хүндэрч, амьсгалын дутагдалд оруулах, бусад эрхтний системийн хурц дутагдал оруулж эрсдэлт байдалд хүргэх тохиолдлууд нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, улирлын томуугийн дэгдэлтийн үеэр уушигны хатгалгаагаар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хэв шинжийн бус, шалтгаан нь тодорхойгүй, үүсгэгч нь тодорхойлогдоогүй, богино хугацаанд амьсгалын дутагдалд оруулж буй хатгалгааны талаар мэргэжлийн зөвлөмжийг тухай бүрт нь гаргаж, уушиг судлалын эмч нарт мэдээлэл сургалтыг явуулж байна.

Ер нь хэв шинжит бус уушигны хатгалгаа нэмэгдэж байгаа нь нэгдүгээрт агаарын бохирдол, хүн амын дархлаа сул байгаатай холбоотой. Хүний дархлаа сул байгаа нь хувь хүний эрүүл мэндийн хариуцлагатай холбоотой. Тиймээс иргэд хүйтэн сэрүүний улиралд аль болох өөрсдийнхөө эрүү мэндэд илүүтэй анхаарч, дархлаагаа дэмжих нь маш чухал.

-Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд уушигны хатгалгаа тусч байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Хатгалгаагаар өвдсөн хүмүүсийг насны хувьд ангилвал?

-Ер нь уушигны үрэвсэл хүндэрч, нас барж буй иргэдийн статистик тоо мэдээллийг  жил бүр Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг. Монгол Улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх таван шалтгааны нэг нь амьсгалын эрхтний эмгэг юм. Өнгөрөгч 2019 онд 400 гаруй хүн уушигны үрэвслээр нас барсан. Ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна.

Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтай учраас өвлийн улиралд томуугийн өвчлөл зайлшгүй дэгддэг онцлогтой. Тиймээс энэ үед дархлааны тогтолцоо нь хараахан тогтворжоогүй бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, төрсний дараах ээжүүд болон хавсарсан архаг өвчтэй хүмүүст уушигны хатгалгаа хүнд хэлбэрээр тусах магадлал өндөр байдаг. Энэ нь практик дээр ч нотлогдож байгаа юм. Монголчуудын дунд шинэ коронавирусийн халдвараас илүүтэй уушгины хатгалгаа газар авч байна.

Насанд хүрэгчдийн хувьд бактер, вирусийн гаралтай уушигны хатгалгаа болон мэргэжлээс шалтгаалах чиглэлийн уушигны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл буурахгүй байна. Мөн сүүлийн 10-15 жилд уушигны завсрын эдийн хатгаа улам нэмэгдэх хандлагатай болсон. Энэ нь зам тээвэр, барилга, хотжилт, уур уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор нэмэгдэж байгаа. Уушигны хавдар нь манай улсын нийт хавдрын тохиолдлын гуравдугаарт бичигдэж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"Би амь насаа дэнчин тавин байж попрох хүн биш"

Эрүүл мэндийн дэд сайд асан, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Та өөрийн цахим хуудсаараа дамжуулан  хоёрдугаар  сарын 2-нд шинэ коронавирусийн голомт Ухань хот руу сайн дурын эмчээр явахаар болсон гэдгээ зарласан. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Халдварын голомт  болсон Ухань хотод нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Уржигдар коронавирусийн халдвараар 100 гаруй хүн  нас барсан. Гэтэл хоёрхон өдрийн дотор  нас барсан хүний тоо 70-аар нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд БНХАУ-тай олон жилийн турш найрсаг харилцаатай байсаар ирсэн.  Тус улс  яг одоо амаргүй  нөхцөл байдлыг даван туулж байна. Өвчний голомт дээр ажиллаж байгаа тус улсын эмч нар туйлдан ядарч сэтгэл санаагаар хүнд байгаа учраас олон улсын эмч нарыг хүлээж авч байгаа гэж би хувьдаа ойлгосон.

Тэгэхээр бидний зүгээс яагаад санаачилга гаргаад хөрш улсдаа тусалж болохгүй гэж. Хамгийн сайшаалтай зүйл гэвэл манай эмч нар маш богино хугацаанд асар олноороо Ухань хот руу явах хүсэлт гаргаж байна. Өнөөдрийн байдлаар халдварын голомт руу явах эмч нарын багт 120 болсон. 

-Ухань руу  явахыг хүссэн 120  эмчийг бүгдийг нь явуулах боломжгүй байх. Мэдээж,  тавигдах шаардлага байгаа байлгүй?

-Миний хувьд эмч нарыг улс, хувийн гэж ангилж  ялгасангүй. Хамгийн гол нь Уханьд очоод тус нэмэр болж чадах хэмжээний туршлагатай байхыг л шаардаж  байна. Мэдээж дөнгөж сургуулиа төгссөн хүүхдүүд туршлага хуримтлуулж амжаагүй байгаа. Тэтгэвэртээ суусан настай эмч нар хүртэл Ухань хот руу явах хүсэлт гаргаж байна. Гэхдээ настай хүмүүсийн биеийн дархлаа сул байдаг учраас коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй.

Эдгээрийг харгалзаж үзээд 120 эмч нараас  уушгины чиглэлээр мэргэшсэн, эмчлэх эрхтэй 20 эмчийг сонгосон.

Үлдсэн эмч нар зөвөөр ойлгоорой. Хэтэрхий олуулаа очвол тухайн улсад хүндрэл учруулж магадгүй. Хүлээн авах  улс орны нөхцөл байдалд тааруулах нь зүйтэй байх гэж  бодож байна. Хэрэв олон эмч авмаар байна гэвэл нөхцөл байдал өөрчлөгдөж  магадгүй.

-Эрүүл мэндийн яамны зүгээс өчигдөр /2020.01.30/ “Ухань хот руу монгол эмч нарыг явуулах эсэх асуудал эцэслэн батлагдаагүй. Явах эсэх нь ч эргэлзээтэй” гэсэн хариу өгсөн. Гэтэл та Ухань хот руу явах нь баттай болсон мэт зүйл бичсэн байна лээ.

Ер нь албан ёсны зүйл ярихын өмнө эхлээд заавал  санаачилга гарсан байх ёстой. Монгол Улсын зүгээс тэр дундаа эмч нар санаачилга гаргаж сайн дураараа Ухань хот руу явна гэдэг нь маш том чухал шийдвэр. Түүнээс биш засаг төрөөс захиргаадалтын журмаар тус улс руу явуулах шийдвэр гаргасан бол өөр асуудал. Ухань хотод очоод нөхцөл байдал хүндэрч болзошгүй учраас хамт явах эмч нараасаа гарын үсэг, амлалт авч байгаа. Тус амлалтад эрүүл мэндийн ямарваа нэгэн эрсдэлийг өөрөө хариуцна гэж заасан байгаа. Ухань хот руу явах эмч нар үүнийг бүрэн ухамсарлаад явж байгаа учраас ямарваа нэгэн асуудал үүсгэхгүй байх гэж бодож байна.

ЭРЧ ХҮЧ, ЗОРИГ НЬ НАДАД  БАЙГАА УЧРААС  САНАА ЗОВОХ ЗҮЙЛ АЛГА

-БНХАУ-ын Засгийн газар болон эмнэлгийн байгууллагууд  монголын эмч нарыг ажиллуулах боломжтой гэж байна уу?  

-Бидэнд БНХАУ-ын Засгийн газартай шууд холбогдох боломж байхгүй. Харин өөрийн улсынхаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд хандахад энэ асуудлыг   “Аль болох  нааштай хариу авахаар хичээж ажиллана” гэх хариу өгсөн. Гэхдээ эхлээд  Монгол Улсын онцгой комисст танилцуулах ёстой  юм байна.

Өчигдөр “Албан ёсоор сайн дурын 20 эмч нарын бүрэлдэхүүнтэй баг Ухань хот руу явах хүсэлтэй байна”  гэсэн албан бичгээ өгсөн.

Харин хилээр орж, гарах асуудлаар Бээжин дахь Монгол Улсынхаа элчин сайдын яаманд хандах бодолтой байна. Цаашдаа нөхцөл байдал хэрхэн шийдэгдэхийг хүлээж байна даа. Засаг төрийнхөө шийдвэрийг ч харья.

-Ухань хот руу сайн дурын монгол эмч нарын бүрэлдэхүүнтэй баг явах шийдвэр Засгийн газрын хэмжээнд батлагдлаа гэхэд тэнд очоод хэр удах, ямар нөхцөлд ажиллах зэрэг мэдээлэл байна уу?

-Ёстой хэлж мэдэхгүй байна. Тус хотод очоод байрлах байр, идэх хоолноос эхлээд багагүй зардал гарах учраас зардалдаа тохируулж байх  шаардлагатай болж байгаа юм. Зардал дуусвал буцаж ирэхээс өөр аргагүй байдал үүснэ.  Гэхдээ БНХАУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх эсэхийг харья. Адаглаад хоол унд, орон байрны асуудлыг хөнгөлөлттэй байдлаар шийдэх юм  бол бид  урт хугацаанд байрлах боломжтой.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"Цуглуулгад маань 20 тоннын контейнер багадаж байна"

Дэлгэцийн урлагийн арын албанд 2005 оноос “гялалзаж” яваа чадварлаг уран бүтээлчдийн нэг бол кино зураач Н.Болор-Эрдэнэ. Тэрбээр “Ану хатан”, “Долоон бурхан харвадаггүй”, “Содура” зэрэг киноны ерөнхий зураачаар ажилласан нэгэн. Урт үс, бүрх малгай, чамин хүзүүний ороолтоор байнга гангарах нь түүний имиж. 

Н.Болор-Эрдэнийг хүмүүс кино зураачаас илүүтэй хуучны эд зүйлс цуглуулагч гэдгээр нь андахгүй. Өдгөө 20 тоннын контейнер дүүрэн цуглуулгад 1970, 80 оныхон андахгүй чемодан, пяктрул, магнитофоноос авахуулаад  одоогоос 100 жилийн өмнөх үнэтэй эд ч бий. Хоббийгоо мэргэжил, ажлаа хобби болгосон кино зураач, хуучны эд зүйлс цуглуулагч Н.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “Фантастик” продакшны уран бүтээл  37-р Точка киноны зураачаар та ажилласан уу. Тус киноны үзэгдэлд халуун савнаас эхлээд пянз хөгжим гэх мэт тухайн үед хэрэглэж байсан зүйлс их гардаг. Та цуглуулгаасаа кинонд ашигласан уу?

-Би кинонд ажиллах үедээ жижиг эд зүйлс хэрэглэлүүдээ машиндаа байнга авч явдаг. "Фантастик” продакшны уран бүтээл  37-р Точка кинонд цуглуулгаасаа ашиглалгүй яах вэ. Тус киноны зураачаар ажилласан. Бид хамтарч олон кинонд ажилласан. Ер нь их гар нийлдэг.

-Яагаад социализмын үед хэрэглэж байсан эд зүйлсийг  хоббигоо болгосон бэ?

-Бид түүхэн сэдэвтэй буюу Хүннүгийн үе, Их эзэн Чингис хааны үед өмсч байсан хувцас хэрэглэж байсан эдлэл хэрэгслийг өөрсдөө хийж, орлуулж болж байгаа юм. Харин социализмын үеийн эдлэл хэрэгслийг цуглуулах болсон нь тухайн үед хэрэглэж байсан телевизор, хивс, аравч радио, пянз тоглуулаг, мебель тавилга, төмөр орыг хэзээ ч дахин бүтээж бас орлуулах боломжгүй. Тиймээс цуглуулахаас өөр аргагүй.

-Монголд тантай адил хуучны эд зүйлс цуглуулдаг хэр олон хүн байна?

Миний хувьд 10 гаруй жил хуучны эд зүйлс цуглуулж байна. Монголд надтай адилхан цуглуулгатай хүн Батжаа /Батжаргал/ ах маань байна. Энэ хүн миний багш, анх кино урлагт хөл тавихад их хувь нэмрээ оруулсан. Багш бид хоёр л кинондоо зориулж хуучны эд зүйлс цуглуулж хоббигоо болгосон. Тэр хүнд 20 тонны контейнероос илүү их зүйл бий. Миний хувьд 10 гаруй жил гэхээр их богино хугацаа.

Надад социализмын үед 1970-1990 онд айл болгонд байсан цаг, зурагт, сэтгүүл, сонин гээд олон зүйлс бий. Эдгээрийг цуглуулах болсон нь миний ажил мэргэжилтэй холбоотой.

Кино зураачид өөрт нь тодорхой хэмжээний материаллаг бааз байснаар ажиллахад илүү хялбар байдаг.Миний хувьд ажил мэргэжлийн шугамаар цуглуулж эхэлсэн түүхтэй. Нөгөө талаас  хуучин кино нэгдэлд хуучны эдлэл хэрэгсэл, хувцас байдаг мөртөө түрээслэхэд киноны уран бүтээлчдэд их явдал чирэгдэлтэй байдаг л даа. Зөвшөөрөл авахаас эхлээд хариуцсан даргаар нь гарын үсэг цуглуулах, түрээслэхэд шаардлага өндөр гэх зэрэг асуудал их. Энэ зовлонг би мэддэг болохоор хуучны эд зүйлс цуглуулах шалтгаан нь болсон. Жишээ татахад би Кино нэгтгэлээс хуучны хувцас, эдлэл хэрэгсэл гуйхаас илүү өөртөө байгаа зүйлсээ ашигласан нь илүү дээр шүү дээ.

-Таны цуглуулгад бас лада, 24 маркийн машин байдаг. Одоог хүртэл даатгал, татварыг нь төлдөг гэсэн үү. Машин цуглуулж эхэлсэн  түүхээсээ хуваалцахгүй юу?

-Зөвхөн жижиг эдлэл хэрэгслээс гадна би машин цуглуулдаг. Одоогоор тийм олон биш ч лада 2106, москвич 412 маркийн машин, мотоцикльтой. Машинууд маань бүрэн ажиллагаатай, багаж хэрэгслүүд нь тухайн үеийнх. Моторыг нь сольж, солонгос машины эд анги хийгээгүй. Машины дотор болон гаднах нь винтаж хэлбэрээр нь байлгахыг хичээдэг. Машинуудаа дулаан гараашт хадгалж байна. Жил бүр  татвар, даатгал, оношилгоог нь жил бүр хийлгэдэг. Намайг хуучны эд зүйлс машин цуглуулдгийг мэддэг болохоор гэрчилгээгээ өгөөд л оношилгоо, даатгалд хамруулна. Энэ тал дээр их баярладаг. Яагаад гэвэл одооны их замын түгжрэлд лада, 24 маркийн машинаа оношилгоонд  хамруулахын тулд жолоодно гэдэг бэрх. Киноны зураг авалтад оруулахдаа л өөрөө жолоодож  хүргэж өгдөг. Харин түүхээс нь сонирхуулахад, Баянхошуунд улаан москвич Данзан гэдэг өвөө бий. Энэ хүн манай аавын буурал найз нь. Биднийг хүүхэд байхад Данзан ах цэмбэгэр улаан москвичтайгаа гэрт ирээд л бүгдээрээ хөдөө явдаг байсан сайхан дурсамжтай. 30 жилийн дараа тэр улаан москвич цэмбэгэр  хэвээрээ л байсан. Харин нийгэм цаг үеэ дагаад машинаа солих шаардлагатай болсон учраас би машиныг нь авахаар болсон юм.

Данзан өвөө хайртай машин нь кинонд мөнхөрснийг хараад их баярлана. Одоо ч гэсэн  “Миний улаан москвич” яаж байна гээд л асуудаг юм. Энэ бол хамгийн сайхан түүхтэй цуглуулгын нэг л дээ. Бусдыг нь би машинаар солих, худалдаж авах байдлаар цуглуулгадаа нэмэрлэсэн.

-Таны хувьд пянз, сэтгүүл, цаг, бугуйн цаг , тавилга гэх мэт олон төрлийн цуглуулгатай. Тус бүрээр нь үзэсгэлэн гаргах бодол бий юу?

-Сүүлийн үед үзэсгэлэн гаргах талаар бодож, төлөвлөж эхлээд байна. Цаг агаар дулаарахаар цуглуулгуудаа гаргаж өнгөлж, тордоно. Дараа нь хүмүүс дурсамжиндаа очих үзэсгэлэн гаргана. Монголд хуучны машин цуглуулдаг маш олон хүн байдаг. Тэдэнтэй хамтран үзэсгэлэн гаргахад ч би татгалзахгүй. Жишээ нь, гадаад орчинд машинууд байхад танхим дотор хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан тухайн цаг үеийн зүйлс дэлгээстэй, орчин цагийн үеийн хүүхдүүдийн хэзээ ч харж байгаагүй, бид хараад л дурсамжиндаа очих өнгөрснийг сануулах үзэсгэлэн байж болно.

ДЭЛГЭРЭНГҮЙ


С.Жамъянхорол: Төр түмэн хүүхдийн сайхан энергиэр Монгол Улсын Гавьяат багш цолыг хүртсэн

“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагч, 100 сая төгрөгийн эзэд “Эгшиглэнт чимээ” хамтлаг.  Авьяаслаг багшийн адтай шавь нар мод, чулуу, төмөр, шил, барилгын материалаар ‘хөгжимдөн’ Монголын үзэгчдийг байлдан дагуулж байснаас хойш таван жил өнгөрчээ. Байгаль өөрөө хөгжимчин. Түүний ая эгшгийг бидэнд ‘дамжуулан’ хүргэсэн өхөөрдөм бяцхан жаалууд өдийд хаана юу хийж яваа бол. Хамтдаа хөгжимдсөөр яваа болов уу. Аль эсвэл даль жигүүрээ дэлгэн нисээ болов уу. Ингээд хамтлагийн багш, Монгол Улсын Гавьяат багш С.Жамъянхорол гуайтай уулзаж, ярилцсанаа хүргэе.


-Та сайхан өвөлжиж байна уу. Энэ жил хотод өвөлжиж байна уу?

-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна. Би одоо гавьяаныхаа амралтыг авсан. Хүүхдүүд маань хотод ажиллаж, амьдардаг юм. Тэгээд л хүүхдүүд маань “Та хоёр тэтгэвэртээ гарсан юм чинь бидэндээ ойрхон бай” гээд хотод дуудлаа. Хүргэн, охин хоёр маань төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа явуулж, хань маань хүүхдүүдэд математикийн хичээлийн зааж байгаа.

Миний хувьд “Эрин инвест” бүрэн дунд сургуульд 10, “Шинэ монгол харумафүжи” сургуульд 30 гаруй, бас “Гэрэл гэгээ” гээд сургалтын төвд 10 гаруй хүүхэдтэй, гурван газар ажиллаж байна.

-Хүүхдүүд нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн, хөгжмийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэж дуулсан. Та гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Хоёр хүү, хоёр охинтой. Том хүү маань цахилгааны инженер мэргэжилтэй. Дараагийн охин маань Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурын багшаар ажилладаг. Нөхөр нь бас мэргэжил нэгтэй. Бага хүү маань Соёл урлагийн их сургуулийг төгсөөд, хөгжмийн найруулагчийн чиглэлээр Японд суралцаж байна. Дунд охин маань “Эгшиглэнт чимээ” хамтлагийн гишүүн байсан. Одоо орчуулагч мэргэжлээр ажиллаж байна. Хань маань 34 жил математикийн багшаар ажилласан багш хүн бий.

-Дан өөрийн гараар урласан хөгжмийн зэмсгээр хичээлээ заах уу?

-Тэгнэ. Би мэргэжлийн хөгжмөөр хичээл заадаггүй. Өөрөө хөгжмөө бүтээнэ. Хүүхдийг хөгжмөөр дамжуулан нийгэмшүүлж, олуулаа хамтран тоглох, юмхнаар юм хийх, өөрсдөө хөгжмөө бүтээж, ая эгшгээ шингээх, хөгжмийн анхны суурь мэдлэгийг олгох чиглэлээр багшилж байна. Ойрын өдрүүдэд гадуур коронавирустай холбоотойгоор сургалтын төвийн үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.

-Сүүлд ямар хөгжмийн зэмсэг, юугаар хийв?

-Би мундаг үйлдвэрийн аргаар мэргэжлийн хөгжим урладаг хүн биш шүү дээ. Гар аргаар хаягдал, гарын дор материалаа ашиглан хөгжим хийж л байна. Мод, төмөр, шил, яс гээд төрөл бүрийн материал ашиглана. Бараг нүдэнд харагдаад, хөгжим хийж болохоор л  материал байвал хөгжмөө хийчихдэг. Хөгжмөө хийгээд тоглодог, эдэлгээнээс гарч, хөг нь гардаг, эргээд дахин шинээр хийдэг. Одоо 10 шавьтай болоход л шинээр дахин хөгжмөө хийдэг.

-Таны хувьд олон хүүхдийг хөгжмөөр дамжуулан нэгтгэхэд юу чухал вэ?

-Хүмүүс “Та энэ их дуу чимээнд яаж байдаг байна” гэдэг. Надад бол тэр зүгээр санагддаг. Мэдээж эхэндээ хүүхдүүд хөг ая тоглож, чадахгүй энд тэндгүй төмөр, модоо тачигнуулна. Миний хувьд сонирхолтой хүн л энгийн хөгжмөөр тоглодог гэж ойлгодог. Хамгийн гол нь тухайн хүүхэд хөгжим тоглох хүсэл, сонирхолтой байх нь чухал. Ер нь аливаа юмыг хүсэл сонирхлоороо сурдаг гэж боддог.

Миний хувьд ч мундаг заах арга зүй мэдэхгүй. Одоо эргээд бодоход багш хүнийг хүүхдүүд л багш болгодог. Жил ахих тусам багш хүн хүүхдүүдтэй ажиллах туршлагатай болдог. Манай сургуульд нэгдүгээр ангиас есдүгээр анги хүртэл 1400 гаруй сурагч сурдаг. Тэр хүүхэд болгоныг шавиа гэвэл тоймгүй. Харин яг энэ хөгжмөөрөө дагнасан шавь нар гэвэл 500 гаруй бий.

-“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан одоо хэддүгээр ангийн сурагчид болсон бэ. Хамтлаг хэвээрээ байгаа юу?

-За эхнээсээ арван жилийн сургуулиа төгсч, их дээд сургуульд мэргэжлээ сонгон суралцаж байна. “Эгшиглэнт чимээ” хамтлагаас гурван ч хүүхэд Монгол Улсын консерваторит суралцаж байна. Ихэнх хүүхдүүд маань Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуульд дээд тал нь арваннэгдүгээр анги доошоо долоо, зургаа, тав, дөрөвдүгээр ангийн сурагч болсон. Нэг ёсондоо “Эгшиглэнт чимээ” хамтлаг Дархан-Уул аймагт тарсан гэж хэлж болно. Ер нь нэг хамтлагаараа цуглаад хөгжмөө тогловол хүүхдүүд маань бэлэн байгаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Б.Чингүүн: Зориг гаргаад зүтгэхэд зүдэрсэн ч ард нь гарсан

Загварын тайзнаас бууж, бизнест хүч үзээд буй А.Чингүүнтэй ярилцлаа. Тэрбээр үзэсгэлэнт гэргий, хоёр хүүхдэдээ хариуцлагатай сайн аав, нөхөр нь байхын зэрэгцээ хоббигоо хөгжүүлж, ажил хэрэг болгон бусдад үлгэрлэж яваа нэгэн юм.  


-Та сошиалд тун идэвхтэй байдаг. Эхнэртээ зориулан урласан шүүгээний зургаа фэйсбүүк хуудаснаа оруултал, тавилга хийлгэх захиалгад дарагдаж, удалгүй тавилгын том үйлдвэртэй болсон талаарх мэдээлэл хамгийн их таалагдсан. Өмнө нь тавилга хийдэг байсан уу, эсвэл эхнэрийнхээ төлөө тавилга хийж сурсан юм уу?   

-Эхнэр бид хоёр АНУ-д сурч байсан. Тэнд байхдаа би сурахынхаа хажуугаар тавилгын үйлдвэрт дөрвөн жил ажилласан. Тавилга хийх нь нэг ёсондоо миний хобби болсон. Дараа нь Монголд ирээд шинэ байранд орж, гэрийнхээ тавилгыг өөрөө хийсэн. Нэлээн орой 00.30 цагийн үед үүдэндээ сандалтай, жижиг шүүгээ угсарчихаад, зургийг нь фэйсбүүктээ оруулчихаад унтсан юм. Өглөө сэрсэн чинь тэр постыг харсан  хүмүүсээс “Яг наадахыг чинь захиалъя” гэсэн 1000 гаруй захиалга ирж, 4000 орчим шейр хийгдсэн байсан. Тийм олон захиалга ирсэн болохоор энэ бүхнийг хийгээд үзье гэж шийдсэн. Ингээд Зуун айлын ойролцоо оффис түрээслээд хөрөө, наалтын машин худалдаж аваад багахан үйлдвэр ажиллуулсан ч захиалгадаа дарагдсаар байсан. Түрээсийн байраа томруулах шаардлага тулгарсан болохоор удалгүй, долдугаар сард өөрийн үйлдвэрийн барилгатай болсон юм. Хүн хоббигоо хөгжүүлбэл амжилт олдог гэдгийг эндээс ойлгосон. Эхнэртээ зориулж гутлын тавиур хийсэн пост олон хүнд хүрч, “Star Kitchen” тавилгын үйлдвэр байгуулах санааг өгч улмаар шинэ үйлдвэртэй болох хэмжээнд хүрнэ гэж яаж мэдэх вэ дээ.

-Загвар өмсөгч, цэмцгэр залууд тавилга хийх ажил тийм ч амар олдоогүй болов уу?

-Тэр түүх их хөгжилтэй. Эхнэр маань оройн цагаар хичээллэдэг болохоор ажиллах боломжгүй, миний хичээл 01.00 цаг гээд тарчихдаг тул хичээлгүй цагтаа ажил хийх шаардлагатай байсан. Их сургуульдаа орчуулга хийдэг, англи, орос хэлтэй байсан болохоор ажил хийхэд хэлний тал дээр надад асуудал байгаагүй. Ингээд ажил олох зорилгоор монголчуудын цуглаан дээр очсон юм. АНУ-д байгаа монголчууд ихэвчлэн чулуу, тавилгын үйлдвэрт ажилладаг ч хэн нь ч намайг ажилд авъя гэж хэлээгүй. Америкчуудын групп дээр “Хүчтэй, чадалтай, хувьдаа машинтай залуу ажил хайж байна. Ажлыг гололгүй хийнэ” гэсэн утгатай зар оруулсан. Уг посттой холбоотойгоор нэлээд олон санал ирсэн. Тэдгээрээс хоёр санал нь боломжийн юм шиг санагдсан. Нэг нь “нутаг буцах хүртэл ажлаар хангана” гэхээр нь очоод уулзтал урьд нь монголчуудын цуглаан дээр таарсан хүн байсан. Тэгээд тэр хүн “Энэ загвар өмсөгч залуу ажил хийж чадахгүй дээ. Гэхдээ шууд боломжгүй гэлтэй биш, хоёр хоног ажиллуулаад үзье дээ” гэж бодсон гэсэн. Би байнга бэлтгэл сургуулилт хийдэг байсан болохоор чулуу, тавилга өргөх надад асуудал биш байсан. Ингээд намайг үл ойшоож угтсан тэр хүнтэй дөрвөн жил хамтран ажилласан.

-АНУ-д ажиллаж, амьдарч байгаад Монголд ирэхдээ ямар ямар ажил хийх мөрөөдөлтэй ирсэн бэ. Зорилго, мөрөөдлөө биелүүлж чадаж байна уу?

-Ирээд шууд “Hunnu palace” зочид буудлын менежментийг нь хариуцахаар болсон. Ингээд ямар шинэ үйлчилгээг нэвтрүүлэх вэ гэж бодсон. Манай “Hunnu” Ази хоолоор ихэвчлэн үйлчилдэг байсан. Америкчууд хүссэн үедээ хоол захиалж, хоолоо хүргүүлж иддэгээс нь санаа аваад “Hunnu Asia food” хүргэлтийн хоолыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ хоорондоо тавилгын үйлдвэртэй болсон.

Миний мөрөөдлүүд биелсээр байгаа. Би мөрөөдлөө амьд байлгах дуртай. Спортод тэр дундаа сагс тоглох дуртай. Спортод хоббитойгоос гадна өөрийн гараар ямар нэгэн зүйлийг бүтээх, бүтээлч байдалд дуртай. Энэ жилдээ багтаагаад тавилгын хоёр дахь үйлдвэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Эхнэртэйгээ хаана, хэзээ танилцаж байсан бэ?

-Арван жилийн сурагч байхдаа бид танилцсан. Дараа нь манай эхнэр “UBS” телевизэд хөтлөгч хийж, би “Боловсрол” телевизэд цаг агаарын хөтлөгч хийдэг байхдаа илүү сайн танилцсан.  Манай хүнд хүн татах өвөрмөц чанар байдаг. Гэр бүлийнхэн нь боловсрол өндөртэй хүмүүс болоод ч тэр үү маш даруу, төлөв, дотроосоо гэрэлтэж байдаг, бусад эмэгтэйчүүдээс ялгардаг эмэгтэй /“Их засаг” их сургуулийн захирал Г.Ням-Осорын бага охин, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Н.Ундрал/ Энэ байдал нь намайг татсан.

Өөрийгөө хүчтэй, чадалтай гэх зэргээр ярих таны өөртөө хэт итгэлтэй гэмээр энэ байдлыг эхнэр тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Чи өөртөө дэндүү итгэлтэй шүү л гэдэг. Заримдаа “Чи арай л хэтэрхий өөртөө итгэлтэй байна” гэдэг. Гэхдээ залуу хүн зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байж л зорьсондоо хүрнэ. Зориг гаргаад тавилгын үйлдвэр байгуулахаар зүтгэсэн, нэлээд зүдэрсэн ч ард нь гарсан. Хүн бүрийн хийдэг ажил биш юм билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-01 202.21.108.166

Хуцоо дэдсайд байсан н**ш хуцалгүй эндэх хатгаа эмчил 450 хүн үхэж байна урд 239

Avatar

зочин 2020-02-01 64.119.25.224

элэгний вирусын шинжилгээ буруу хийсэн гэсэн юу болсон вэ би хүртэл 100 гаруй мянган төгрөгөөр хийлгэсэн энэ үнэн бол мөнгөө буцааж авья

Avatar

гармаа 2020-02-01 64.119.25.224

амарсанаа больсон нь дээр тэр олон эмчтэй газар та нараар дутахгүй эсгтй хийх газар нохой хэрггүй гэж мэдэх үү

Avatar

Зочин 2020-02-01 64.119.17.161

Попорч байхад та нар битгий хошгироод байцгаа л даа! Угаасаа явахгуйгээ мэдэж байгаа цаад чинь хэ хэ

Avatar

Зочин 2020-02-01 66.181.188.33

Амарсанаа Хятад хоёр л мэдэх хэрэг. Атаархагчдад падгүй. Гиппократын тангараг гэж нэг юм эмч нарт байдаг юм. Тэр тангарагийнхаа дагуу л Амарсанаа доктор санаачлага гаргасан байна. Сайн байна. Монгол эмч нар ийм л байгаа нь сайхан хэрэг.

Avatar

Хаппи Веритасыг хаа!!! 2020-02-01 103.212.116.134

Элэгний В,С вирусын илрүүлгийг хуурамчаар хийж улсад 1 тэрбум гаруй төгрөгний хохирол учруулсан Хаппи Веритасын эзэн Ж.Амарсанааг эмчээр тоож ажиллуулах газар Монголоос өөр байхгүй. Ядаж байхад цэвэр анагаахын хүн биш, зүгээр нэг муу лам шүү дээ. Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээ нуун далдалж ард түмэнд таалагдах гэсэн хуурамч жүжиг, залиа зогсоо, ламтан гуай!!! Чиний ард иргэдэд учруулсан хохирол бол нөхөж баршгүй хохирол шүү. Үхсэн баасны чинь хүний амь аврах. Харин ч хэдэн зуун мян

Avatar

Naraa 2020-02-01 203.91.115.253

Сонгуульд нэр дэвших попрох аргаа буруу сонгожээ.Тэр Сарангэрэл сайдр авгайруугаа л элдэв тэмцэлээ хийгээч.

Avatar

Зочин 2020-02-01 66.181.188.33

Хятад уруу явъя гэхээр монголчууд сонгуульд дэмжих юм уу? Монголын сонгогчид Хятадад тийм хайртай гэж үү? Юу ярьж байгаагаа бодооч.

Avatar

zochin 2020-02-01 43.242.243.136

Хэппи виритас хулхины лаборатори нь Бөөн хүний шинжилгээ буруу хийсэн нь нотлогдсон төрөөс 800саяыг энэ төлбөрт авсан одоо эрүү үүсгээд шалгагдаж байгаа.Түүнийэзэнньнаад оточ хувраг байсан Амарсанаа гэгч гээд боддоо.Олон хүнбуруу оношоос болж нас барсан мөнгө төгрөг эрүүл мэндээрээ хохирсон

Avatar

Зочин 2020-02-01 64.53.234.130

e****z hurliizuudaa avaad zailaad ogooch!

Avatar

Зочин 2020-02-01 202.126.88.151

АМАРСАНАА ЯАЖ Ч МЭДЭХ ТЭНЭГ ХҮҮР. ТЭР БАЙТУГАЙ ПОПОРЧ МЭДНЭ. БАЛАЙ ХАР АРХИЧИН…

Avatar

Зочин 2020-02-01 202.126.89.16

Энэ Амарсанаа юм болгон дээр л мэдэмхийрч хөөсөрч байх юм аа. Дэд сайд байхдаа сайдтайгаа таарахгүй. Хөгийн нөхөр. Уул нь л сонгууль дөхөхөөр нэг юм горьдоод байгаа юм шигээ.

Avatar

Зочин 2020-02-01 182.160.2.55

Оюунэрдэнэ гэгч муухай үгтэй муухай хүн юм. Инженер, байгалын ухааны боловсролгүй нөхдүүд л ийм тэнэг байдаг. Ордон дотор Ми.Энхболдод ямар муухай үг араншин гаргаж байваа. Өөрийг нь өөд нь татсан хүн гэсэн шүү дээ, тэр Энхболд нь.

Avatar

зочин 2020-02-01 64.119.25.224

өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана гэж энэ залуу арай л бохир зантай юм шиг ээ

Avatar

Bat 2020-02-01 202.9.46.148

Amarsanaa chi MGL gamshig bolood olon hvn vhej vregdeed bgaa uushignii hatgaag emchileechee eh orond chin gamshig bolood bgaa auylt obchin bol uushignii hatgaa

Avatar

Зочин 2020-02-01 202.9.46.214

Манай удирдлагууд ард түмнээсээ, тэдний сэтгэл зүйгээс хол хоцорсныг харуулж байгааг Оюун-Эрдэнэ сайд гэрчиллээ. Тэгээд бас ёс зүйгүй балмад үг хэрэглээд байхдаа яахав дээ. Удирдагч хүний ухаан, зан төлөвөөр хандаж болох л байсан даа. Арай л бишээ..??????

Avatar

Зочин 2020-02-01 66.181.176.81

Манайхан гадныхныг шүтэж өөрсдийнхийгөө доош хийдэг муухай зантай л даа. Япон 1000 эмч гэсэн чинь хүний дээд гээд магтаад байсан. Манай эмч нар очно гэхээр яагаад попорсон болдог юм

Avatar

Зочин 2020-02-01 36.11.225.149

Тэгж их очихыг хүсээд байгаа бол чимээгүй л зайлаач сдаа. Барилдхаасаа таахалзах гэгчээр худлаа попроод эргүү ац чинь. Өөрийгөө хэн гэж бодсон сэтгэцийн өвчтэй тэнэг эргүү гөлөг үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж