"Би амь насаа дэнчин тавин байж попрох хүн биш"

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

"Би амь насаа дэнчин тавин байж попрох хүн биш"

"Би амь насаа дэнчин тавин байж попрох хүн биш"

Эрүүл мэндийн дэд сайд асан, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Та өөрийн цахим хуудсаараа дамжуулан  хоёрдугаар  сарын 2-нд шинэ коронавирусийн голомт Ухань хот руу сайн дурын эмчээр явахаар болсон гэдгээ зарласан. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Халдварын голомт  болсон Ухань хотод нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Уржигдар коронавирусийн халдвараар 100 гаруй хүн  нас барсан. Гэтэл хоёрхон өдрийн дотор  нас барсан хүний тоо 70-аар нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд БНХАУ-тай олон жилийн турш найрсаг харилцаатай байсаар ирсэн.  Тус улс  яг одоо амаргүй  нөхцөл байдлыг даван туулж байна. Өвчний голомт дээр ажиллаж байгаа тус улсын эмч нар туйлдан ядарч сэтгэл санаагаар хүнд байгаа учраас олон улсын эмч нарыг хүлээж авч байгаа гэж би хувьдаа ойлгосон.

Тэгэхээр бидний зүгээс яагаад санаачилга гаргаад хөрш улсдаа тусалж болохгүй гэж. Хамгийн сайшаалтай зүйл гэвэл манай эмч нар маш богино хугацаанд асар олноороо Ухань хот руу явах хүсэлт гаргаж байна. Өнөөдрийн байдлаар халдварын голомт руу явах эмч нарын багт 120 болсон. 

-Ухань руу  явахыг хүссэн 120  эмчийг бүгдийг нь явуулах боломжгүй байх. Мэдээж,  тавигдах шаардлага байгаа байлгүй?

-Миний хувьд эмч нарыг улс, хувийн гэж ангилж  ялгасангүй. Хамгийн гол нь Уханьд очоод тус нэмэр болж чадах хэмжээний туршлагатай байхыг л шаардаж  байна. Мэдээж дөнгөж сургуулиа төгссөн хүүхдүүд туршлага хуримтлуулж амжаагүй байгаа. Тэтгэвэртээ суусан настай эмч нар хүртэл Ухань хот руу явах хүсэлт гаргаж байна. Гэхдээ настай хүмүүсийн биеийн дархлаа сул байдаг учраас коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй.

Эдгээрийг харгалзаж үзээд 120 эмч нараас  уушгины чиглэлээр мэргэшсэн, эмчлэх эрхтэй 20 эмчийг сонгосон.

Үлдсэн эмч нар зөвөөр ойлгоорой. Хэтэрхий олуулаа очвол тухайн улсад хүндрэл учруулж магадгүй. Хүлээн авах  улс орны нөхцөл байдалд тааруулах нь зүйтэй байх гэж  бодож байна. Хэрэв олон эмч авмаар байна гэвэл нөхцөл байдал өөрчлөгдөж  магадгүй.

-Эрүүл мэндийн яамны зүгээс өчигдөр /2020.01.30/ “Ухань хот руу монгол эмч нарыг явуулах эсэх асуудал эцэслэн батлагдаагүй. Явах эсэх нь ч эргэлзээтэй” гэсэн хариу өгсөн. Гэтэл та Ухань хот руу явах нь баттай болсон мэт зүйл бичсэн байна лээ.

Ер нь албан ёсны зүйл ярихын өмнө эхлээд заавал  санаачилга гарсан байх ёстой. Монгол Улсын зүгээс тэр дундаа эмч нар санаачилга гаргаж сайн дураараа Ухань хот руу явна гэдэг нь маш том чухал шийдвэр. Түүнээс биш засаг төрөөс захиргаадалтын журмаар тус улс руу явуулах шийдвэр гаргасан бол өөр асуудал. Ухань хотод очоод нөхцөл байдал хүндэрч болзошгүй учраас хамт явах эмч нараасаа гарын үсэг, амлалт авч байгаа. Тус амлалтад эрүүл мэндийн ямарваа нэгэн эрсдэлийг өөрөө хариуцна гэж заасан байгаа. Ухань хот руу явах эмч нар үүнийг бүрэн ухамсарлаад явж байгаа учраас ямарваа нэгэн асуудал үүсгэхгүй байх гэж бодож байна. 

ЭРЧ ХҮЧ, ЗОРИГ НЬ НАДАД  БАЙГАА УЧРААС  САНАА ЗОВОХ ЗҮЙЛ АЛГА

-БНХАУ-ын Засгийн газар болон эмнэлгийн байгууллагууд  монголын эмч нарыг ажиллуулах боломжтой гэж байна уу?  

-Бидэнд БНХАУ-ын Засгийн газартай шууд холбогдох боломж байхгүй. Харин өөрийн улсынхаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд хандахад энэ асуудлыг   “Аль болох  нааштай хариу авахаар хичээж ажиллана” гэх хариу өгсөн. Гэхдээ эхлээд  Монгол Улсын онцгой комисст танилцуулах ёстой  юм байна.

Өчигдөр “Албан ёсоор сайн дурын 20 эмч нарын бүрэлдэхүүнтэй баг Ухань хот руу явах хүсэлтэй байна”  гэсэн албан бичгээ өгсөн.

Харин хилээр орж, гарах асуудлаар Бээжин дахь Монгол Улсынхаа элчин сайдын яаманд хандах бодолтой байна. Цаашдаа нөхцөл байдал хэрхэн шийдэгдэхийг хүлээж байна даа. Засаг төрийнхөө шийдвэрийг ч харья.

-Ухань хот руу сайн дурын монгол эмч нарын бүрэлдэхүүнтэй баг явах шийдвэр Засгийн газрын хэмжээнд батлагдлаа гэхэд тэнд очоод хэр удах, ямар нөхцөлд ажиллах зэрэг мэдээлэл байна уу?

-Ёстой хэлж мэдэхгүй байна. Тус хотод очоод байрлах байр, идэх хоолноос эхлээд багагүй зардал гарах учраас зардалдаа тохируулж байх  шаардлагатай болж байгаа юм. Зардал дуусвал буцаж ирэхээс өөр аргагүй байдал үүснэ.  Гэхдээ БНХАУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх эсэхийг харья. Адаглаад хоол унд, орон байрны асуудлыг хөнгөлөлттэй байдлаар шийдэх юм  бол бид  урт хугацаанд байрлах боломжтой.

-Таны энэ шийдвэрийг сонгуулийн өмнөх попрол гэж хардах хүмүүс  ч байгаа шүү дээ?

Уг нь сонгуультай ямар ч хамааралгүй шүү дээ. Миний шийдвэрийг хүмүүс хэтэрхий улстөржүүлж байна. Би амь насаа дэнxин тавин байж попрох хүн биш.  Энэ бол  хоёр улсын найрсаг харилцааны хүрээнд хийгдэж байгаа ажил. Хүмүүсийг ч  ингэж  бодоосой гэж  хүсч байна.  Эрүүл  мэндийн салбарын дэд сайд байсан хүний хувьд баг ахлаад Ухань хотыг зориход БНХАУ-ын тал илүү  ач холбогдол өгөх байх. Энэ нь бидний  хувьд  мэдлэг, чадвараа дээшлүүлэх том боломж гэж  харж  байгаа.

Нөгөөтэйгүүр монгол эмч нарын мэдлэг,  ур чадвар коронавирусийн өмнө хүчин мөхөсдөх вий гэсэн болгоомжлол байна. Энэ бол дэлхийд шинэ зүйл?

-Магадгүй.  Коронавирус нь монголчууд гэлтгүй бусад улсын хувьд цоо шинэ вирус. Ямартай ч бид очоод нөхцөл байдлыг өөрсдийн нүдээр  харья.  БНХАУ-ын зүгээс коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээ, техник технологи, оношилгооны аргыг өөрийн улсдаа нэвтрүүлэх боломжтой эсэхийг  ч судалъя. Муугаар бодоход манай улсад коронавирус албан ёсоор бүртгэгдлээ гэхэд голомт дээр нь ажиллаж өөрсдийн  нүдээр харж үзсэн эмч нарын эмчилгээний арга өөр байх болов уу. Нэг ёсондоо коронавирустэй тэмцэх монгол эмч нарын баг бэлтгэгдэж байна гэсэн үг. Энэ бол миний  улс орондоо оруулж байгаа  хамгийн том хөрөнгө оруулалт.

-Ингэхэд та коронавирусийн халдвар тусчих вий гэхээс эмээхгүй байна уу?

-Өдөр тутам элэгний вирустэй зууралддаг болохоор ч тэр үү  надад айдас төрөхгүй байна. Нас залуу байна. Эрч хүч, зориг нь надад  байгаа учраас  санаа зовох зүйл алга даа. Надад хандсан 120 эмч  нар маш зоригтой. Би  тэд нартаа маш их баярлаж байгаа. Эдгээр хүмүүс дунд хөгшин, залуу, туршлагатай, туршлагагүй олон хүмүүс бий. Тэд бүгд л манай салбарын баатрууд. Мэргэжилдээ хайртай тангарагтаа үнэнч олон эмч байдаг юм шүү гэдгийг батлах шин боллоо. Тэдэнд баярлаж байгаагаа  энэ завшааныг ашиглаад хэлье. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж