“Коронавирусээс илүүтэй уушигны хатгалгаа газар авч байна”

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

“Коронавирусээс илүүтэй уушигны хатгалгаа газар авч байна”

“Коронавирусээс илүүтэй уушигны хатгалгаа газар авч байна”

Уушигны хатгалгааны улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг аж. Тодруулбал, 2019 оны стасистик мэдээллээр уушигны хатгалгаагаар 78.141 хүн хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн юм.

Тиймээс уушигны хатгалгаа болон БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдварын  талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга,  анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор Ц.Төмөр-Очиртой ярилцлаа.  Тэрбээр уушиг судлалын чиглэлээр мэргэшин 26 дахь жилдээ тус эмнэлэгт ажиллаж байна. 


-Улирлын томуугийн вирус нь уушигны хатгалгаа үүсгэхээс гадна маш хурдан хүндэрч, нас баралтад хүргэж байгааг эмч нар хэлж байна. Сүүлийн үед уушигны өвчлөл хэр нэмэгдэж байна вэ?

-Улирлын томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 2019 онд В хүрээний вирусийн тархалт өндөр байсан бол 2020 он гараад А хүрээний хэв шинжийн вирусийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн 10-14 хоногт гэхэд А хүрээний Н3N2 вирусийн тохиолдлууд нэмэгдэж байна. Мөн сүүлийн өдрүүдэд А хүрээний  Н1N1 вирусийн халдвар оношлогдож байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн долоо хоногт үндэсний хэмжээний олон мэргэжлийн 60 гаруй эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй зөвлөх багийг байгуулан ажиллуулж эхэлсэн. Жишээлбэл, үндэсний хэмжээнд уушиг судлал, эрчимт эмчилгээ, эх барих, халдварт, мэс засал зэрэг олон чиглэлээр орон нутагт шаардлагатай тохиолдолд дайчлагдан зөвлөгөө өгөх, эмч мэргэжилтнүүдийг шинэ мэдлэг, мэдээллээр хангах, ард иргэдэд нотолгоотой, баталгаажсан эх сурвалж бүхий мэдээлэл, анхааруулга, зөвлөгөө өгөх ажлуудыг явуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухай бүрт дагаж мөрдөх түр зөвлөмжүүдийг шинэчлэн гаргаж байна. Уг түр зөвлөмжүүдийг үндэслэн Монголынхоо нөхцөлд дагаж мөрдөх эмчилгээ, оношлогоо, халдвар хамгааллын түр зөвлөмжийг гаргаж, орон нутагт цахим хэлбэрээр сургалт мэдээлэл өгч ажиллаж байна. Энэ долоо хоногт Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын дагуу бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн баг хамтран төлөвлөгөөт сургалтууд хийж эхэлсэн.

Салбар яамнаас уушигны хатгалгааны улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг талаар мэдээлсэн. Үүний гол шалтгаан нь юу байна вэ?

-Зөвхөн энэ жил гарч буй тоон мэдээлэл биш л дээ. Уушиг судлалаар олон жил мэргэшсэн эмчийн хувьд сүүлийн 10 жилийн эмнэл зүйн ажиглалтаас харахад хэв шинжийн бус уушгины хатгалгааны өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байна. Өмнө нь уушигны хатгалгаа 5-7 хоногт эдгэдэг байсан бол одоо үед хэв шинжит бус, маш хүнд хэлбэрийн хатгалгаа богино хугацаанд хүндэрч, амьсгалын дутагдалд оруулах, бусад эрхтний системийн хурц дутагдал оруулж эрсдэлт байдалд хүргэх тохиолдлууд нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, улирлын томуугийн дэгдэлтийн үеэр уушигны хатгалгаагаар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хэв шинжийн бус, шалтгаан нь тодорхойгүй, үүсгэгч нь тодорхойлогдоогүй, богино хугацаанд амьсгалын дутагдалд оруулж буй хатгалгааны талаар мэргэжлийн зөвлөмжийг тухай бүрт нь гаргаж, уушиг судлалын эмч нарт мэдээлэл сургалтыг явуулж байна.

Ер нь хэв шинжит бус уушигны хатгалгаа нэмэгдэж байгаа нь нэгдүгээрт агаарын бохирдол, хүн амын дархлаа сул байгаатай холбоотой. Хүний дархлаа сул байгаа нь хувь хүний эрүүл мэндийн хариуцлагатай холбоотой. Тиймээс иргэд хүйтэн сэрүүний улиралд аль болох өөрсдийнхөө эрүү мэндэд илүүтэй анхаарч, дархлаагаа дэмжих нь маш чухал.

-Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд уушигны хатгалгаа тусч байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Хатгалгаагаар өвдсөн хүмүүсийг насны хувьд ангилвал?

-Ер нь уушигны үрэвсэл хүндэрч, нас барж буй иргэдийн статистик тоо мэдээллийг  жил бүр Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг. Монгол Улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх таван шалтгааны нэг нь амьсгалын эрхтний эмгэг юм. Өнгөрөгч 2019 онд 400 гаруй хүн уушигны үрэвслээр нас барсан. Ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна.

Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтай учраас өвлийн улиралд томуугийн өвчлөл зайлшгүй дэгддэг онцлогтой. Тиймээс энэ үед дархлааны тогтолцоо нь хараахан тогтворжоогүй бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, төрсний дараах ээжүүд болон хавсарсан архаг өвчтэй хүмүүст уушигны хатгалгаа хүнд хэлбэрээр тусах магадлал өндөр байдаг. Энэ нь практик дээр ч нотлогдож байгаа юм. Монголчуудын дунд шинэ коронавирусийн халдвараас илүүтэй уушгины хатгалгаа газар авч байна.

Насанд хүрэгчдийн хувьд бактер, вирусийн гаралтай уушигны хатгалгаа болон мэргэжлээс шалтгаалах чиглэлийн уушигны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл буурахгүй байна. Мөн сүүлийн 10-15 жилд уушигны завсрын эдийн хатгаа улам нэмэгдэх хандлагатай болсон. Энэ нь зам тээвэр, барилга, хотжилт, уур уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор нэмэгдэж байгаа. Уушигны хавдар нь манай улсын нийт хавдрын тохиолдлын гуравдугаарт бичигдэж байна.

-Шинэ коронавирус нь уушигны хатгалгаатай төстэй шинж тэмдгээр илэрч байна. Чухам ямар шинж тэмдгээр нь энэ хоёр өвчлөлийг ялгаж болох вэ?

-Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусийн онцлог нь нууц хугацаа нь 7-14 хоног байна. Эхний 7-8 дахь хоногт амьсгаадах, ханиалгах, цэр гарах, цөөн тохиолдолд цустай цэр гарах шинж илэрч байгаа юм байна. Өвчний эхний 9-10 хоногт амьсгалын дутагдалд орж, хүндрэх шинж тэмдэг илэрч байна гэдгийг ДЭМБ болоод олон улсын нотолгоо бүхий албан ёсны эрүүл мэндийн сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байгаа.

Нийтлэг хэлбэрээр томуугийн үед илэрдэг толгой өвдөх, бага зэрэг халуурах шинж тэмдэг харьцангуй бага байгаа юм. Хамгийн гол нь өндөр халуурах, амьсгаадах, амьсгалын дутагдалд орох шинж тэмдэг давамгайлж байна гэсэн нотолгоотой мэдээллүүдийг өгч байгаа. Мөн амьсгалын маш хүнд дутагдалд орж, амин чухал эрхтний хурц дутагдлаар нас барах тохиолдол гарсан байгаа. БНХАУ-д халдвар авсан хүмүүсийн ихэнх хувийг эрэгтэй хүмүүс эзэлж байгаа бөгөөд ихэнх нь 40-өөс дээш насныхан байгааг судлаачид мэдээлсэн.

-Манай улсад уушиг судлалын чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтэн хэр бэлтгэгдсэн байдаг вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлэгт үндэсний хэмжээний лавлагаа тусламжийг үзүүлж байна.  Жилээс жилд уушигны чиглэлээр бэлтгэгдэж буй эмч нар нэмэгдэх хандлагатай байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихтэй, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа учраас энэ салбарыг сонирхож буй эмч мэргэжилтнүүд нэмэгдэх болсон.

Гэхдээ энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэх асуудлыг анхаарах зайлшгүй шаардлага байна. Уушиг судлалын оношлогоо, эмчилгээг орчин үеийн түвшинд хүргэх, амьсгалын замын цочмог хам шинжээр хүндрэх болон томуу төст өвчлөлийн үед хэв шинжит бус хатгалгаагаар хүндэрч буй энэ тохиолдлуудыг оношлох, эмчлэх хамгийн сүүлийн үеийн арга технологиудыг нэвтрүүлэн сайжруулах хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байгаа.

-Улсын эмнэлгээс гадна хувийн хэвшлийн эмнэлэгт өвчнийг оношилдог ч бүрэн хэмжээнд эмчилж чадахгүй байна гэх шүүмжлэл бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Одоогийн байдлаар хувийн эмнэлгүүдэд уушиг судлалын чиглэлээр өндөр түвшинд тусгайлан ажиллаж байгаа эмнэлэг байхгүй байна. Улаанбаатар хот болон үндэсний хэмжээний лавлагаа тусламжийн ачааллыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгүүд үүрч, ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 458 дугаар лавлагаа тусламж үзүүлэх тушаалын дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэг үндэсний хэмжээнд зүрх, мэдрэл, уушигны чиглэлээр лавлагаа тусламж үзүүлэх үүргийг хүлээн ажиллаж байна. Энэ үүргийнхээ хүрээнд Уушиг судлалын нийгэмлэгтэй хамтран жилдээ олон удаагийн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг мэргэжлийн эмч мэргэжилтнүүдэд төдийгүй ард иргэдэд зохион байгуулан ажилладаг.

-Замбараагүй эмийн хэрэглээ уушигны хатгалгааг хүндрүүлэх шалтгааны нэг болж байна. Өөр ямар шалтгаанаар уушигны хатгалгаа хүндэрч байна вэ?

-Уушигны үрэвсэл хүндэрч ирж байгаагийн шалтгаан нь агаарын бохирдол, хүнс тэжээлийн хомсдол, дархлааны түвшин сул байдал, хавсарсан өвчнөөс шалтгаалахаас гадна антибиотикийн замбараагүй хэрэглээ ихээр нөлөөлж байна. Энэ аюул ганц уушигны өвчлөлд ч бус бусад өвчний эх суурь болж байна. Эмчийн заавар зөвлөмжгүйгээр хэдий чинээ эм хэрэглэнэ төдий чинээ өвчлөл үүсэх, хүндрэх шалтгаан нь болдог. Замбраагүй антибиотик дур мэдэн өөрөө хэрэглээд эмнэлэгт ирсэн өвчтөнд тухайн өвчнийг нь эмчлэхэд маш хүндрэлтэй болдог. Гэрээсээ өвчин нь хүндрээд ирж буй хүмүүс маш олон төрлийн эм хэрэглэчихсэн, зарим нь зөвхөн эмнэлгийн нөхцөлд үүсдэг бактери халдвараар өвдсөн байх жишээтэй.

Эмийн замбараагүй хэрэглээ дархлаа сулруулдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж сануулсаар байна. Хэрвээ ямар нэг өвчин туссан л бол мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эм, тариаг хэрэглэх ёстой.

-Монгол хүний дархлаа эрс тэс уур амьсгал, хоол хүнснээс шалтгаалан сайн байдаг уу. Энэ талаар хийсэн судалгаа байдаг болов уу?

-Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас ард иргэд хүйтэн, сэрүүний улиралд хоол хүнсэндээ махыг түлхүү хэрэглэдэг. Ер нь тухайн улс үндэстний газар зүйн байршил, цаг агаар, нийгэм эдийн засгийн хүчин зүйлс, хоол хүнсний хэрэглээ гээд маш олон хүчин зүйлстэй холбоотойгоор тухайн үндэстний дархлааны онцлог шинж чанар байж болно.

-Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байгаа. Таны хувьд ямар зөвлөгөөг өгөх вэ? 

-Одоогоор Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илэрч, бүртгэгдээгүй байгаа. Өнгөрөгч 2019 оны шинэ коронавирусийн халдварын үед нийт өвчлөгсдийн 98 хувьд 38 хэмээс дээш халуурах шинж тэмдэг илэрсэн. Ханиалгах хам шинж 76 хувьд илэрсэн бол цөөн тооны хүмүүст цус, цэртэй ханиалгах хэв шинж илэрч байна. Нийт өвчлөгсдийн 50-аас дээш хувьд амьсгаадах шинж тэмдэг илэрч, мөн булчингаар өвдөх, тамирдаж сульдах, ядрах, толгой өвдөх дагалдах хам шинжүүд илэрч байна гэсэн албан мэдээл өгсөн байгаа.

Иргэдэд хандаж хэлэхэд амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчний ид дэгдэлт явж байгаа энэ цаг үед хамгийн гол нь томуугийн халдвараас өөрийгээ болон хайртай хүмүүсээ, гэр бүлээ, хамт ажиллаж буй хүмүүсээ урьдчилан сэргийлэх аргад зөв суралцах, элдэв цуу яриа, нотолгоо баталгаагүй мэдээлэлд автахгүй байх, эрүүл ахуйн дэглэмийг чанд мөрдөх, шаардлагатай бол өөрт ойр байгаа эмнэлгийн байгууллагад хандан эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө,тусламж авах хэрэгтэй. Мөн амны хаалтаа зүүж, гараа тотмол угааж, ариутгах нь зүйтэй. Халуун хоол ундаа сайн хэрэглэх, манай уламжлалт хэвшсэн олон аргууд бий. Тухайлбал, аньс чацаргана, сүү цагаан идээ, сонгино, сармисаа түлхүү хэрэглэх нь зөв юм.

БНХАУ-д шинэ халдвар гарлаа гэхэд нийгмээрээ айдаст автаж, уушигны өвчлөлөөр өвдсөн хүнийг халдвар авсан мэтээр дэвэргэж ярих хандлага ажиглагдаж байна. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдийн дур мэдэн нотолгоо, баримтгүй буруу мэдээллийн дагуу иргэд хэт туйлширч байгаа нь маш ноцтой юм. Хэрвээ Монгол Улсад шинэ вирусийн халдвар гарч бүртгэгдсэн тохиолдолд манай улс ДЭМБ-ын гишүүн орон учраас Эрүүл мэндийн яамнаас хариуцлагатайгаар шууд мэдээлэх үүрэгтэй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гэтэл зарим иргэд коронавирусийн мэдээллийг нуугаад байна гэх хардлагыг төрүүлж байгаа нь туйлын буруу явдал. Тиймээс иргэд зөв, баталгаа, нотолгоотой мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудаснаас авч үнэхээр тэгж их мэдээлэл түгээх сонирхол байгаа юм бол үнэн зөв, нотолгоо баримттай мэдээллийг өгч болох байх. Энэ зохисгүй үйлдлээрээ тухайн хүн өөрийнхээ ухамсаргүй байдлаа харуулахаас гадна олон олон үйл ажиллагаанд ноцтой саад тотгор учруулж байгаагаа ойлгох хэрэгтэй юм. Салбар яамны цахим сайтад үнэн бодит, нотолгоотой тоо баримт мэдээллүүдийг цаг тухайд нь өгч байгаа.

-Тэгвэл хүмүүс уушигаа хэрхэн эрүүл байлгах вэ?

-Улаанбаатар хотын хувьд энэ өвөл харьцангуй агаарын бохирдол буурсан. Гадуур явахдаа аль болох амны хаалт хэрэглэх, бага насны хүүхэд, жирэмсэн ээжүүд олон нийтийн газар явахгүй байх, нөгөө талаар уушигаа эрүүл байлгахын тулд иргэд хорт зуршлаасаа салах хэрэгтэй. Ялангуа улсын хэмжээнд тамхидалт маш их байна. Аль болох агаар салхинд гарч, томуу төст өвчнөөр өвдөхгүйн тулд дархлаагаа дэмжих нь чухал. Уламжлалт арга болох аньс, чацаргана жимс ,сүү цагаан идээ, сонгино сармис хоолондоо хэрэглэхээс гадна хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслах хэрэгтэй.

БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарсан тул эрүүл мэндийн салбарт онц байдал зарлалаа. Үүний зэрэгцээ улирлын томуугийн дэгдэлтийн улмаас бүх шатлалын эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Танай эмнэлэг энэ нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байна вэ?

-Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн улирлын томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл  ачаалалтай ажилласаар байна. Ер нь өвлийн улиралд амьсгалын замын болон уушгины хүнд хэлбэрийн эмгэгээр ирж эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Тиймээс эмнэлгийн уушигны тасгийн ачаалал өндөр хэвээр байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдварын улмаас болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал хангах хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Салбар яамнаас бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн. Ялангуяа төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд тасалтгүй тусламж үйлчилгээ үзүүлэхийн хажуугаар шинэ коронавирусийн болзошгүй тохиолдол илэрэхэд хэрхэн арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөг гаргаж, бэлтгэл хангаад байна. Тухайлбал, манай эмнэлгийн хувьд бүх шатны эмч, ажилтнууд болон одоо суралцаж байгаа резидент эмч мэргэжилтнүүддээ шаталсан байдлаар шинэ коронавирусийн халдварын талаарх сургалт, мэдээллийг төлөвлөгөөтэйгээр явуулж, бэлэн байдлын дадлага сургалтуудыг хэсэгчилэн давтамжтайгаар зохион байгуулж, ажиллаж байна. Хамгийн гол нь бүх шатандаа эмнэлгийн нийт ажилчдын халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлж, Яаралтай тусламж, Зөвлөх поликлиник болон бусад оношлогоо, эмчилгээ, дэмжих үйлчилгээний тасаг нэгжүүд бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

-Шинэ жилийн баяраар нийт ажилчдадаа 400 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосон гэж дуулсан. Энэ шийдвэрийг гаргах болсон тухайгаа ярихгүй юу?

-Ний нуугүй хэлэхэд аливаа баяр эрүүл мэндийн салбарын ажилчдад хүндхэн байдлаар тусдаг. Эмч мэргэжилтнүүд маань ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө 24 цаг тасралтгүй ажилладаг. Мөн эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлс сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа боловч шинэ жилийн баяр гэлтгүй аливаа баяр наадмын  зардлууд хүндхэн тусдаг. Ажилчид маань шинэ жилийн баярын дараа ар гэрийнхээ санхүүгийн асуудлыг авч явах шаардлагатай. Манай эрүүл мэндийн салбарын 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт ажилчдын 80-аас дээш хувь нь цалингийн болон бусад зээлтэй. Тийм учраас өндөр зардалтай баярууд манай ажилчдад нэлээд дарамттай байдаг. Эмнэлгийн ажилчдын 50-60 хувьд сувилагч тусгай мэргэжилтэн, үйлчилгээний ажилчид ажиллаж байна. Ялангуяа бага тушаалын бага цалинтай хүмүүст илүү хүнд тусдаг учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нэг удаа, нэг шинэ жилээ арай өөр байдлаар тэмдэглэхээр ийм шийдвэрийг гаргасан юм.

Ер нь бид оны эцсээр олгодог урамшууллаа ресторан, цэнгээний газар санхүүжүүлэхээс татгалзаж, гэр бүлдээ зориулъя гэж санаачлага гаргаж ажилласан. Доод тал нь нэг ажилтан 300 мянган төгрөгөөс дээш урамшуулал өгсөн. Олон ажилчид өр зээлээ барагдуулах, түлээ түлш, хоол хүнс, цахилгаан хэрэгсэл авах, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөх гээд бүгд л тус бүрдээ тулгамдсан асуудлаа шийдвэрлэсэн байна лээ. Энэ жилийн шийдвэрт нийт ажилчид маань маш сэтгэл хангалууун байна гэдгээ илэрхийлж байгаа.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж