Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд маргаашнаас хэрэгжих Төрийн тэргүүний Төрийн айлчлалын багт хамт явах гэж буй хятад судлаач эрдэмтэн, номын садан, шавь Х.Баатархүүгийн сонирхолтой нийтлэлийг монгол уншигчиддаа хүргэх болсондоо баяртай байна. Дорно дахины судлаачийн өнцгөөс хоёр улсын харилцааны түүх ба одоохи байдлыг хэрхэн харж байгаагаа бичихийг бид түүнээс хүссэн. Тэрээр үнэхээр өргөн дэлгэр иж бүрэн мэдээлэл бүхий бүтээл болгож ирүүлжээ. Төрийн тэргүүний айлчлал ч иж бүрэн, өргөн агуулгатай, гүн үлдэцтэй, харилцааны түвшнийг ахиулсан томхон арга хэмжээ болно гэсэн итгэлтэй байна. Хоёр талдаа маш шаргуу ажилласан, ажиллаж ч байна. Ёстой “Гуравхан өдрийн айлчлалыг гурван жил хөөцөлдөж бүтээдэг” гэдгээ дахинтаа тэмдэглэе.
Эл бүтээлийг news.mn-ий уншигчид таалан соёрхоно уу – Редактор ахмад Элчин сайд, судлаач-профессор Д.Баярхүү
МИНИЙ ДУРСАМЖ ДАХЬ ЧЕХ ОРОН
Тэртээ 1951 оны өвлийн сүүл сарын эхээр хот хүрээ тийш жин тээсэн өвөө маань алс бөглүү говь нутагт нэн ховор, бас урьд үзэгдээгүй нэгэн чухал зүйл худалдан авчирч нутаг усаар нь яриа хөөрөө болж багахан сумын наадам шиг л манайд цуглан сонирхож байлаа. Энэ бол манай суманд анхны Чехийн “Мила” нэртэй оёдлын машин ирсэн байлаа. Манайхны 4 үеийн тоймгүй олон дээл хувцсыг оёсон алтан шаргал тоногтой, хар өнгөтэй маш удаан жилийн эдэлгээтэй оёдлын машин байсан нь бага насны минь дурсамжид тодхон хоногшжээ.
Хожим үеийн хүүхдүүдийн адилаар хурдны морь унан аймгийн наадмыг зорих замдаа улаан алаг өнгийн бөмбөгөр урт “Карасо” автобустай олон гадаад хүмүүстэй хээр талд тааран тэврүүлэн байж зургаа авхуулж нүдний гэм чихэр амттан бэлэг сэлт авч байхдаа 7-той хүүхэд надад хувцас хунар ба хүмүүсийнх нь яриа бидний олонтоо харж байсан Орос хүмүүсээс өөр байсныг баттай анзаарсан бөгөөд орчуулагч эгчийн Чех гэдэг үг тодоос тод ба цээжлэхэд их хялбар санагдаж билээ. Ингэж анх Чехийн улсын тухай сонсож байсан би 4-р ангидаа нутгийн танил ахынд Ш.Очирбат гэдэг хүний орчуулгаар 1965 онд хэвлэгдсэн Ярослав Хашекийн “Эрэлхэг цэрэг Швэйк” ном байсныг нь гуйж аваад өдөржин шөнөжин тавилгүй уншиж Чехийн уран зохиолын гайхамшигт өв сангаас танилцах боломж олдож билээ.Харин Ярослав Хашек 1920 онд “Монголын Үнэн” сонины анхны дугаар гаргахад оролцож байсныг сонсож билээ. 1970-д оноос эхлэн Монгол орны хот хөдөөгүй Чехийн улаан “Ява” хэмээх бас нэгэн итгэлт хүлэг гарч ирсэн нь цаг үе нийгмийн өөрчлөлтийг түүчээлсэн, ард олны зам харилцааны хөгжил хийгээд техникийн нийтийн боловсролд хөтөлсөн том дэвшил байлаа. 1929 онд Прага хотод Франтишек Янечекийн үүсгэн байгуулсан Jawa Motor компанийн мотоциклууд 1930-аад оны дунд үеэс эхлэн Европ даяар худалдаалагдаж 1953 оноос эхлэн нэг цилиндртэй Ява-353, 1955 оноос 2 цилиндртэй Ява-354 загварууд ЗХУ-аар дамжин манай улсад орж ирэн хотын албан хаагчид гудамжаар гангарч, олон зууны турш морины нуруун дээр цахилсан монгол эрс хөдөөгийн уудам талаар салхи татуулан давхих болж өөр нэгэн төмөр хүлэгтэй болсон нь энэ. Бас 1970-аад оны эхээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг иж бүрэн хийн БНЧСУ-д үйлдвэрлэгдсэн том оврын гурван хаалгатай улаан “Карасо” автобус хотын үндсэн гол шугамд их олон жил үйлчилсэн, ард олноос “төв замын түрэмгий улаан” гэж нэр хүртсэн, эдэлгээ сайтай зай багтаамж сайтай, саруулхан хурдтай, хаалга нь өвөрмөц онгойдог байсан их хотынхны хайртай унаа байлаа гэж ахмадууд дурсан өгүүлдэг. 1924 онд Зүүн Сэлбийн баруун дэнж дээр байгуулагдсан архины завод 1925 онд хуучны Богдын цэргийн байранд нүүн орсон нь одоогийн АПУ компанийн байрлаж буй газар юм. 1927 онд Чех технологиор анхны шар айраг үйлдвэрлэж эхэлсэн нь өнөөгийн Боргио брэнд билээ.
СОЦИАЛИСТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ИХ ЗАМД ХАМТДАА
Дэлхийн II дайн дуусаж даян дэлхийд энх тайвныг цогцлоох их үйлсэд улс гүрнүүд шамдсан 1950.04.25-нд БНСЧСУ нь манай улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол улстай дипломат харилцаа тогтоосон 7 дахь улс болж хоёр талын харилцаа хамтын ажиллагаа маш хурдан хөгжих худалдааны эргэлтийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж, техник эдийн засгийн тусламж хөнгөлөлттэй зээлийн төслүүд хэрэгжиж манай улсын зүүн Европын гол түнш орны нэг болсон билээ. Анх 1956 онд БНСЧСУ-ын Элчин сайдын яам өнөөгийн Эрдэнэтийн төлөөлөгчдийн газрын байранд байрлаж байсан бол 1980-аад оны эхээр ЭСЯ-ны барилга баригдсан бөгөөд түүний эргэн тойронд бусад Элчин сайдын яамны барилга сүндэрлэж, сүүлд энэ гудамжийг Элчин сайдын яамны гудамж гэж нэрлэсэн билээ. Монгол Улсаас БНСЧСУ-д суух анхны Элчин сайд Д.Адилбиш гуай тус улсыг Москвагаас хавсран сууж байсан ба БНСЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Запотоцкийд 1953.05.12-нд итгэмжлэх жуух бичгээ барьж байжээ. Харин манай улсаас Чех улсад суурин суух анхны Элчин сайд бол хожмын хурандаа генерал С.Равдан гуай байв. Монгол Улс 1956 онд Прага хотод Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны байр нь Прага хотын түүхэн дурсгалт барилгын тоонд ордог. Энэ байшинг Чехийн алдарт архитектор Ёзэф Гочарын зургаар 1925-1926 оны хооронд барьж, ашиглалтад оруулжээ. Прага хотын Прага 6 дүүргийн Бубенеч хороололд На Марне 5-д байрладаг. Монгол Улсын ЭСЯ 1964 оноос хойш энэ байшинд байрлаж байна. Энэ байрыг тухайн үеийн Элчин сайд Шадавын Цагаандорж гуай хүлээн авч байжээ.
1950-оод оноос эхлэн чех-словак нөхөд манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой дэмжлэг үзүүлж буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж цөөнгүй томоохон барилга байгууламж, үйлдвэр аж ахуйн газрууд сүндэрлүүлжээ.
Манай улс 1956-1990 онд БНСЧСУ-аас буцалтгүй тусламж болон урт хугацааны зээл авч Улаанбаатарт Шеврет, шевро, хром-юфт, том шир, гутлын үйлдвэрүүд (Арьс ширний нэгдэл), Улсын төв Нэгдүгээр эмнэлэг, Механик засварын цех, Баян-Өлгийн ДЦС, Дарханы цементийн завод зэрэг үйлдвэр, газрын зураг төсөл хийх болон тэдгээрийг барьж байгуулах, өргөтгөн шинэчлэхэд ашигласан байна. Эдгээр үйлдвэрийн газрууд нь тухайн үедээ хүчин чадлаараа бүрэн ажиллаж манай улсын эдийн засгийн хөгжилд багагүй үүрэг гүйцэтгэсэн билээ.
Монгол Улсад арьс боловсруулах, гутлын болон хүнсний үйлдвэрийн үндэс суурийг тавихад олон зуун чех болон словак мэргэжилтэн ажилласан бөгөөд барилгын материалын үйлдвэрлэл болон эрүүл мэндийн салбарт ч хувь нэмрээ оруулжээ. Монгол Улсын ашигт малтмалын баялгийн газрын зураглалыг хийхэд Чехийн геологичид манлайлан оролцож Монгол-Чехословакийн Засгийн газар хооронд 1963.06.18-нд Эрдэнэтийн овооны талбайд геологи хайгуулын ажил хийх гэрээ байгуулж, дараа жилийн намраас хоёр орны геологичид дөрвөн гэр, дөрвөн майхантай ажлаа эхлүүлжээ. Ингээд геологич Моймир Картур, Владимир Миклаш, Эмануэль Коминек, Мягмар Сандуйжав нарын баг Төв, Оюутын хэсэгт Монгол-Чехословакийн геологичид эрэл, эрэл үнэлгээ, урьдчилсан хайгуулын ажлыг 1964-1968 онд хийж, Төв хэсэгт нөөцийг В+С зэргээр тооцож, 412.2 сая тонн хүдэр, 1.4 сая тонн молибден агуулагдаж байгааг тогтоосон байна. Мөн Хэнтий аймгийн Баян мод, Хужихааны цагаан тугалга, Төв аймгийн Онгон хайрхны гянт болдын орд, Чулуут цагаан дэл”-ийн жоншны хайгуулыг чехүүд хийж түүндээ түшиглэн 1980 онд цагаан тугалга, гянт болд, зэс, хайлуур жонш, эрдэс түүхий эд олборлон боловсруулах “Монголчехословакметалл” үйлдвэрийн газрыг барьж байгуулжээ.
Аж үйлдвэрийн салбартаа тэргүүлэх Гутлын үйлдвэрийг БНСЧСУ-ын тусламжаар барихаар 1958 оноос бүтээн байгуулалтын ажлуудыг нь эхлүүлж улмаар хамгийн түрүүнд шевретийн үйлдвэрийг барьж байжээ. Гутал болон савхин эдлэлийн үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилгоор уг үйлдвэрийг байгуулсан бөгөөд 1960-аад онд туршилтаар ажиллуулж эхэлжээ. Социалист бүтээн байгуулалтын оргил үеийн эхлэлд буюу 1969 онд гутлын үйлдвэр техник, технологио шинэчилж харин 1982 онд иж бүрэн цогцолбор болог өргөжиж байлаа. 1979-1981 онд гутлын үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг байгуулж 3500 ажилтантай болж улмаар жилд дөрвөн сая гутал үйлдвэрлэж эхэлсэн байна. Тухайн үед төр засгаас аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогодоо онцгой анхаарч нийт ажилчны 70 орчим хувь нь Чехословак улсад мэргэжил дээшлүүлдэг байлаа. Тэндээс жилдээ 20-30 мэргэжилтэн ирж ажилладаг байв. Гутлын үйлдвэрийн оргил үе нь 1985 онд тохиож тухайн жил 3.5 сая гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ жилд 500 мянган хос гутлын түрий оёж БНСЧСУ руу экспортолж байлаа. Чехийн технологийг өргөнөөр ашигласнаар таван хошуу малын бүх дайвар бүтээгдэхүүнийг ашиглаж тухайлбал хонины ноосных нь зунгагаар цавуу үйлдвэрлэдэг мөн желатин гаргаж аваад гэрэл зургийн хальс, рентгений хальс хийдэг байжээ.
Боловсролын салбарт Монгол, Чехийн харилцаа олон жилийн түүхтэй. 1990 оноос өмнө 20 000 шахам монгол залуучууд БНСЧСУ-ын их дээд сургууль болон мэргэжлийн сургуулиудад суралцаж төгссөн байдаг. Одоо ч гэсэн манай улсын 130 орчим оюутан их, дээд сургуульд суралцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 8 оюутан Прага хотын Техникийн Их сургуульд суралцаж байгаа бөгөөд 2024/2025 оны хичээлийн жилд 21 оюутан Карлын Их сургуулийн чех хэлний бэлтгэлд ангид суралцаж байна.
Социализмын цаг үед Алтан Прагийн тухай дурсамж хөвөрсөн яриа хот хөдөөгүй түгж Улаанбаатар хотын гудамжаар "Шкода" автомашин, хожим нь "Кароса" брэндийн улаан автобуснууд, мөн түүнчлэн Прага, Татра, ЛИАЗ машинууд давхилдаж, Монгол хүүхдүүд "Сохор номин", "Пат Мат", "Арабела", "Нисдэг Честмир" гэх мэт Чехословакийн телевизийн олон ангит кинонуудыг үзэж өссөн.
Тэр үе БНСЧСУ нь манай улсын худалдааны хоёр дахь том түнш (гадаад худалдааны 6%) байсан ба үр дүнд нь монголчууд дэлхийд танигдсан олон Чех брэндүүдийг нэршлээр нь төсөөлдөг, жишээ нь Ява мотоцикил, Татра ачааны машин, Батяа гутал, Шкода машин, Кароса улаан автобус гэх мэт.
ШИНЭ ЭРИН ҮЕИЙН НӨХӨРЛӨЛ
1992.12.31-нд БНСЧСУ нь Чех, Словак улсууд болон салж шинэ хоёр улс байгуулагдсан. 1993.01.01-нд манай улс БНЧУ-тай дипломат харилцаа тогтоосон ба тэр цагаас найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хадгалсан идэвхтэй харилцаатай явж иржээ. 2024 оны байдлаар худалдааны нийт эргэлт 18 сая ам.доллар, манай экспорт 304 мянган ам.доллар, импорт 17.7 сая ам.доллар байгаа бол өнөөдрийн байдлаар Монгол Улсад Чехийн хөрөнгө оруулалттай 95 гаруй компани худалдаа, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. БНЧУ нь 1996 оноос эхлэн манай улсад Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт олон салбарт 50 гаруй сая ам.долларын төслүүдийг хэрэгжүүлсэн билээ. “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл нь 2011 оноос хэрэгжиж байгаа бөгөөд 40 шахам тахийг Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулаад байна.
2025.01.01-ний өдрийн байдлаар Чех улсад манай улсын 14 071 иргэн хууль ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч, амьдарч байгаа бөгөөд манай иргэд Чех улсад оршин суугаа гадаадын иргэдийн тоогоор 8 дугаарт ордог. 1999 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНЧУ-д төрийн айлчлал хийж байсан бол Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор БНЧУ-ын Ерөнхийлөгч В.Клаус Монгол улсад тєрийн анхны айлчлал хийсэн. 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-д төрийн айлчлал хийж, 2016 онд БНЧУ-ын Ерөнхийлөгч Милош Земан АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцсон билээ.
2025 он бол манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн жил бөгөөд холын анд БНЧУ-ын Ерөнхийлөгч Петр Павелийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Төрийн айлчлал нь Монгол Улс ба Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хийж буй айлчлал юм.
Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн айлчлалын хүрээнд өнө эртний түүхт Европ тивийн зүрх болсон алтан Прагад хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд дэлгэгдэх “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийж, Монгол Улсын морин хуурын чуулга Чех Улсын Филармони “Рудольфинум”-д тоглож, Карлын их сургуульд монгол судлалынхан цуглаж, бизнес эрхлэгчдийн форум-үзэсгэлэн зохион байгуулагдаж, Чехэд төгсөгчид уулзан олон жилийн нөхөрлөлөө хүүрнэж, үзэсгэлэнт Влтава мөрний эрэгт хоёр улсын Төрийн далбаа мандан Монголоор дүүрэн амьсгалах өдрүүд айсуй! Аян замын ерөөл бат оршог ээ!
Олон улс судлалын доктор (Ph.D) Х.Баатархүү
Нэргүй 2025-03-08 122.201.23.83
Оросын колони байсан улсууд.
Нэргүй 2025-03-08 73.132.11.36
het nurshuu, huviin dursamjaa uls hoorondiin diplomat hariltsaatai holij hutgasan bichiglel boljee, uuul ni tsgetstei, onovchtoi ugeer tsomhon zuvhun 2 ulsiin asuudliig bichsen bol. deerhen neg udaa erdem shinjilgeenii vural deer hiliin gereenii tuhai tuuh yarisaar garaad yavsan, erdem shinjilgeenii vural geden shine zuil, shine sanaaa baih yostoi baidag yumsan,
Шаравсамбуу 2025-03-08 66.181.188.85
1950 онд БНМАУ. ЧЕХСЛОВАК улс дипломат харилцаа тогтоосны дараа хоёр улсын засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр байгуулж, хоорондоо гадаад худалдаа хийж эхэлсэн. Энд Ява мотоцикл зэрэг барааг ЗХУ-аар дамжуулан авч байсан мэтээр бичигдсэн нь буруу, хоёр улсын гадаад худалдааны хөгжлийн асуудал шүү. Мөн 1980-аад оны эхээр манай зах зээлд зарим барааны хомсдол тохиолдсон үед манай талын хүсэлтээр Чехсловак улсын засгийн газраас өргөн хэрэглээний барааны тусламж үзүүлж байсаан.
Нэргүй 2025-03-08 66.181.178.223
Баатархүүдээ баяр хүргэе. Хятадыг төдийгүй Чехийг судлачихсан гадаад харилцааны том мэргэжилтэн…
Нэргүй 2025-03-08 176.66.87.78
Чехэд монгол я***н хүүхнүүд язганаж бна ажилын гэрээнээр очоод я***н болдог…
Нэргүй 2025-03-08 103.57.95.176
Газар шагайж баас хайж харж явахаар,,,,ядаж,,,цэх хараад явчихаж сур,,,,,
Нэргүй 2025-03-08 59.153.113.35
2009 оны дэлхийн эдийн засгын уналтаар Чехийн засгын газар сайн дураараа нутаг буцсан цагаач ажилчдад онгоцны үнэгүй тийз, 500 евротой мөн дахин Чехд ирж ажиллаж болно гэсэн болзолтойгоор хөтөлбөр гаргахад маш олон Монголчууд уг хөтөлбөрт хамрагдсан даа.. Хуучины соц-ст орнуудаас Чех, Герман 2 улс л ийм сэтгэл гаргаж байсан даа.
Нэргүй 2025-03-08 59.153.113.35
Чех улс 10-хан сая хүн амтай боловч эдийн засгаараа Төв Европын өндөр хөгжилтэй улс. Монголчууд хамгийн олноороо амьдардаг 3 дахь орон. Гэрээгээр 13-15 000 Монголчууд ажилладаг. Харласан Монголууд нь мөн төдий тооны.
Нэргүй 2025-03-08 122.201.31.152
хөөрхий цэдэнбалын бүтээн байгуулалт биш соц системийн орнуудын тусламж л байж дээ
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХҮҮ БАЙНА. 2025-03-08 103.212.117.27
ЭНЭ ЗАЛУУГ ЗӨВХӨН ХЯТАД СУДЛАЛААР ДАГНАСАН ХҮН БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЧИНЬ ӨРГӨН ХҮРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ЮМ БАЙНА.Сайн байна. Хүний хамгийн чухал эрх чөлөө бол мэдлэгтэй, чадвартай, ёс суртахуунтай байх явдал. ИЙМ ХҮН БУСДААС ХАРААТ БУС, ХАМААРАЛГҮЙ, ХҮНИЙ ӨӨДӨӨС ЭГЦ ХАРААД МЭНДЭЛЧИХ НҮҮРТЭЙ байдаг юм.
зочин 2025-03-08 103.57.92.50
Чех улс лав л оросуудыг үзэн ядагч,дайсагнагч барууны хүчний талд хатуу зогсож байгаа орон, Манайх тэдэнтэй учиргүй найзархаж, савсагнах хэрэг байна юм уу даа, Хөрш орнуудынхаа эсрэг дайсагнах нэг илрэл л болох б**х,
Нэргүй 2025-03-08 103.168.34.176
UNEN
Нэргүй 2025-03-08 59.153.113.35
Чиний энийг одоо тэнэг хүний бодол гэхэд хаашаач юм дээ, Гэхдээ чиний ээж аав чинь 5 хошуу малынхаа 6 дахь хошуу малаасаа нээх ялгарахгүй нь бололтой
Нэргүй 2025-03-08 122.201.31.197
bagaasaa sumiin atamandaa zoduulj aij ussun huuhed neg iimerhuu boldog yum
зочин 2025-03-08 66.142.222.33
Баярхүүд баярлалаа нүдэнд харагдтал маш сайн бичжээ. Монголчууд бидэнд сэтгэлд мащ дотно ул мөрөө үлдээсэн улс бол Чехсловак орон байдагаа чехууд мантугай