Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
“МОНГОЛ УЛС ТӨСВӨӨ ТЭЛЖ БАЙГАА НЬ ДЕФОЛТ ЗАРЛАХАД ХҮРГЭХ ЭРСДЭЛТЭЙ”
Оны эхэнд нүүрсний үнэ буурч, Хятадын эдийн засаг саарч, инфляци есөн хувьтай болсон нь Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.
-Төсвийн зардал, цалингийн өсөлт, цахилгаан дулааны үнэ, зудын хүндрэл зэргээс шалтгаалж инфляци 9 хувьд хүрсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Он гарснаас хойш Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзвэл ямар дүр зураг ажиглагдаж байна?
-Монгол Улсын эдийн засаг импорт болон түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байдаг нь 2025 онд ч ялгаагүй тийм л байна. Инфляци 9 хувьд хүрсэн нь хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Төсвийн зардлын тэлэлт, суурь үнийн өсөлт ялангуяа цахилгаан, дулааны үнийн өсөлт ихээхэн нөлөөлж байна. Цаашид ч мөн ялгаагүй үнийн өсөлтийг өдөөх болно.
Учир нь эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг өсгөж, улмаар хэрэглээний үнийг нэмэгдүүлэх нөхцөл нь болдог. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай байдлын нөлөө ч их хэвээр үргэлжилнэ. Олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хятадад нийлүүлж байгаа нүүрсний үнийн бууралт нь манай экспортод сөрөг нөлөөлөхөөр байна.
Энэ нь гадаад худалдааны тэнцэл алдагдалд орох магадлалтайг харуулж байгаа. Ингэснээр хүн амын худалдан авах чадвар инфляци, үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, ялангуяа бага орлоготой өрхүүдэд уг хүндрэл мэдэгдэхүйц нөлөөлөх эрсдэлтэй. Энэ байдал нь бид дунд, урт хугацаандаа төсвийн сахилга баттай байх, импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх чиглэлд онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг илтгэж байна.
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард 1072 хувьцааны ногдол ашиг тараасан. Ирэх сараас мөн дахин ногдол ашиг өгч магадгүй гэх хүлээлт иргэдийн дунд үүсээд байна. Удахгүй дөрөвдүгээр сарын 1-нээс цалин нэмнэ гэж байгаа. Энэ бүхэн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, эдийн засагт савлагаа үүсгэх эрсдэлтэй юу?
-Энэ байдал эдийн засагт нөлөөлөх нь тодорхой. Тухайлбал, 1072 хувьцааны ногдол ашиг тараах нь иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлж, зах зээл дээрх эрэлт өсөхөд хүргэдэг. Цалин нэмэгдүүлэхнь ч мөн адил шалтгааныг өдөөнө. Эдгээр эрэлтийн шинжтэй өсөлт нь инфляцийг өдөөх эрсдэлтэй. Энэ байдал нь 1072 хувьцаа нь хувьцааны шинжийг агуулаагүй, эдийн засгийн харилцааны шинжгүй халамжийн шинжтэй байгаа учир дээрх эрсдэлийг дагуулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, богино хугацааны үнэ өсөлтөд хүргэх эрсдэлийг бий болгоно гэсэн үг. Тиймээс үнийн өсөлтийг хянах зохицуулалтуудыг хийж, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах арга хэмжээг авах хэрэгтэй. Үргэлжлэлийг https://news.mn/r/2779159/ эндээс уншина уу.
"ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ СЭТГЭЛ ГУТРАЛД ӨРТӨХ ЭРСДЭЛИЙГ 80 ХУВЬ НЭМДЭГ"

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн сэтгэцийн эмч Д.Номиунтай ярилцлаа.
-Техник, технологи хөгжхийн хэрээр хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байна. Дэлгэц, гар утасны хэт их хамаарлыг донтолтын эмгэг гэж тодорхойлох нь зөв үү. Ямар тохиолдолд хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзэх вэ?
-Интернет эсвэл дэлгэцийг хэрэглэх ёстой хэмжээнээсээ илүү ихээр буюу олон цаг, өдөр, сараар байнга хэрэглэх, өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэмнэл алдагдах, зарим үүрэг хариуцлагыг үл тоох зэргээр өөрийгөө хянах чадваргүй болж, түүнээсээ хамааралтай болдог эмгэгийг дэлгэцийн донтолт гэнэ. Дэлхий дахинаа өдөрт нэг хүн дунджаар 6 цагийг интернэт хэрэглээнд зарцуулдаг.
АНУ-д хийгдсэн судалгаанаас үзэхэд 8-10 насны хүүхдүүд өдөрт дунджаар 8 цаг, 10-18 насныхан 11-ээс дээш цагийг цахим хэрэглээнд зарцуулж байна. Энэ бүх хэрэглээ нь хөгжиж буй тархинд хэрхэн нөлөөлдөг талаар одоогоор эрчимтэй судалгааны ажлууд өрнөсөөр байгаа.
-Дэлгэцийн донтолт үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл юу вэ?
-Ихэвчлэн хүүхдийг үл хайхрах, стресс тайлах арга эзэмшүүлээгүй, гэр бүлийн болон нийгмийн сөрөг харилцаа, өөртөө итгэлгүй байдал зэрэг нөлөөлдөг гэж үздэг.
Хэн ч, хэзээ ч нэг өдрийн дотор донтогч болдоггүй. Энэ нь өөрийн гэсэн үе шатыг дамжиж алгуур үүсдэг процесс юм.
Хүүхэд бүрт дэлгэцийн донтолтод хүргэх хүчин зүйлсийн нөлөөлөл хэр их байгаагаас хамаарч өөр өөр хугацаанд, ялгаатай байдлаар дэлгэцийн донтолт үүсдэг. Түүнчлэн дэлгэцийн донтолт үүсгэх биологийн болон нийгмийн хүчин зүйл гэж бий. Биологийн сөрөг хүчин зүйл гэдэгт удамшил /генетик суурь/, тархины нейротрансмиттерийн идэвхт чанар болон ялгарлын өөрчлөлт, хүүхдийн хувийн онцлог шинж чанар хамаарна. Харин нийгмийн сөрөг хүчин зүйлд ахуйн орчинд дэлгэц, технологийн хэрэгсэл ихтэй, гэр бүлийн харилцаанд хүүхдийн оролцоог төдийлөн дэмждэггүй байдал зэрэг орно.
Түүнчлэн гэр бүлийн гишүүд, найз нөхөд дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээ, донтолттой, энэ байдлаараа үлгэрлэх хэн нэгэн байдаг бол хүүхэд дэлгэцийн хамааралтай болох нь ихэсдэг.
Мөн гэр бүлийн харилцааны асуудал, салалт, хүчирхийлэл, хүүхдийн орчин нөхцөл, сургууль өөрчлөгдөх, хайр дурлал, нөхөрлөл бүтэлгүйтэх үед хүүхэд дэлгэцийн хамааралд өртөх эрсдэлтэй. Үүнээс гадна хүүхэд хүмүүжлийн асуудлууд гол нөлөө үзүүлнэ. Жишээлбэл, хүүхдээ хэт эрхлүүлэх, эсвэл эсрэгээрээ хараа хяналтгүй орхих нь голлох шалтгаан болж байна. Үргэлжлэлийг https://news.mn/r/2779436/ эндээс уншина уу.
"МАНАЙ АРДЧИЛСАН НАМ МАН-ЫН БАРЬЦААНД ОРСОН"

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Таныг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зөвлөх болсныг дуулаад зарим нь Ардчилсан намаасаа урвалаа гэж шүүмжилж байна. Зөвлөхөөр ажиллах саналыг хэн тавьсан бэ?
-Намайг намаасаа урваж, шарвалаа гэх яриа гарсныг дуулсангүй. Хүмүүс янз бүрийн сэтгэгдэл бичсэн байна лээ. Тэр дунд намайг харамласан өнгө аястай яриа их байсан. Манай найз Д.Сосорбарам хүртэл намайг харамлахдаа бухимдлаа илэрхийлсэн байсан. Тэгж хардаж, харамлах хэрэггүй. Яагаад гэвэл Засгийн газарт АН, МАН, ХҮН нам хамтарч, МАНАНХҮН байгуулчихсан. Би энэ хамтарсан Засгийн газартай ямар нэг байдлаар холбогдохыг хүсдэг ч үгүй, холбогдох ч үгүй.
Хотын дарга байсан хүний хувьд нийслэлийн шинэ төлөвлөлтийн талаар байр сууриа илэрхийлж, зөвлөгөө дэмжлэг авмаар байгаагаа Улаанбаатар хотын Засаг даргын орлогч дарга Т.Даваадалайгаас санал тавьсан. Дараа нь энэ саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тавьсан.
Улаанбаатар хот бол миний өсч төрсөн хот. Энэ бол миний гэр орон. Гэр орны маань хувь заяа яригдаж байхад хөндлөнгийн хүн шиг сууж чадахгүй. Одоо Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд сайн зүйл байхаас гадна санаа зовмоор асуудлууд байна. Тэр болгоныг чимээгүй хараад сууж боломгүй. Хот төлөвлөлтийн уялдаа холбоонд жаахан доголдол байна уу гэж харсан. Тийм учраас сайн дураараа ажиллаад, санаа оноогоо хэлнэ. Би угаасаа сошиалд “Хотын даргад зөвлөцгөөе” контент хийдэг. Одоогоор контентын 10, 20 дугаар цацагдсан. Магадгүй хотын шинэ удирдлагууд тэр контентыг үзээд надад санал тавьсан байх л даа.
–Ирэх хаврын чуулганаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэнэ. Та Улаанбаатарын анхны ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Одоо зургаа дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөнд таны "санаа зовоосон" ямар асуудлууд байна вэ?
-Мэдээж олон асуудал бий. Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол хотын дэд төвүүд болон дагуул хотуудыг холбосон их багтаамжтай нийтийн тээврийн сүлжээ суурь нь байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, их багтаамжтай нийтийн тээврийн сүлжээн дээр суурилсан төлөвлөлтийг миний үед хийж, УИХ-аар батлуулсан. Ийм төлөвлөлтийг орчин үеийн дэлхийн хотууд хэрэгжүүлдэг болсон. Хүн амын нягтаршил, хөрсний бохирдол, автомашины түгжрэлээс болоод нийтийн тээврийн сүлжээнд суурилсан төлөвлөлтийг хийж байна. Хоорондоо цагийн графикаар холбогдсон нийтийн тээврийн сүлжээг бий болгодог. Нийтийн тээврийн автобус ирэхэд метро нь байж байдаг. Метро хөдлөхөд тусгай замын нийтийн тээвэр нь ирж байдаг гээд цаагуураа холбогддог сүлжээ бий. Дэлхий дахинд хүн амын хөдөлгөөнийг зохицуулахдаа нийтийн тээврийн урсгалаар зохицуулж байна.
Гэтэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хурдны замаар хотын төвүүдийг холбохоор төлөвлөж байна. Тэгэхээр хотын ерөнхий төлөвлөлтийн үндсэн зарчим өөрчлөгдөнө. Учир нь хурдны зам тавиад байвал нийтийн тээврийн хэрэгцээ багасч, орлого багатай иргэдийн үйлчилгээний хэрэгсэл болж хувирна.
Жишээлбэл, Дархан-Улаанбаатарыг холбосон хурдны авто зам ашиглалтад орсноор энэ чиглэлийн төмөр замын үйлчилгээ орлого багатай болсон. Иргэд тав тух, цаг хугацаа хэмнэж хувийн машинаараа явахыг илүүд үзэж байна. Тиймээс би хотын удирдлагад саналаа хэлэхдээ энэ асуудлыг анхаараарай гэсэн. Одоо бидний үед төлөвлөж байсан нийтийн тээврийн сүлжээг үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болно. Яагаад гэхээр нийтийн тээвэртэй өрсөлдөөд хурдны зам орж ирж байна. Тиймээс одоо энэ хоёроо уялдуулж, нийтийн тээвэр хүрэхгүй газар руу хурдны замаа тавья. Нийтийн тээвэр, хурдны замаа давхцуулж, дампууруулахгүй байх хэрэгтэй. Хурдны замаа тавихдаа Богд уулаа нүхлээд Хүннү хот руугаа явуулж, Налайх болон Сонгинохайрхан дүүргийн нэвтрэх гарц болно. Харин хотынхоо хөндлөн чиглэлд нийтийн тээврээ явуулах нь зөв. Үргэлжлэлийг https://news.mn/r/2779638/эндээс уншина уу.
"СУРАХ БИЧГИЙН ЦАХИМ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ХУВИЛБАРЫГ БИЙ БОЛГОНО"

Боловсролын салбарт хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар Боловсролын яамны, боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаатай ярилцлаа.
-Одоогийн байдлаар хэчнээн багшийн орон тоо сул байна. Ямар, ямар хичээлийн багш дутагдалтай байгаа вэ?
-Багшийн дутагдал бол боловсролын салбарт хамгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө нэлээд багш дутагдалтай байлаа. Багшийн дутагдал гэдэг нь батлагдсан орон тоон дээр багшлахгүй байгаа багшийн тоог хэлдэг. Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 1,319 багш дутагдалтай байна. Үүнээс англи хэл, физик, математик, бага ангийн багш, технологи, химийн багш нар дутагдалтай байгаа. Мөн цэцэрлэгийн багш нар бас дутагдалтай байна.
Боловсролын хуулиндаа цэцэрлэгийн туслах багш ажиллуулна гэж заасан байдаг.
Цэцэрлэгийн 200 орчим туслах багш дутагдалтай байгаа. Мөн дуу хөгжмийн багш нэлээд дутагдалтай буюу 241 багшийн сул орон тоо байна. Дээрээс нь бүлгийн багш 164, биеийн тамирын багш 179 нийт 726 багшийн сул орон тоо бий. Олон шалтгааны улмаас багш дутагдаж байгаа.
-Багшийн дутагдлыг нөхөхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Цаашдаа багшийн дутагдлын нөхөхийн тулд “Багшийн гурван тулгуурт бодлого” гаргасан. Энэ хүрээнд багш нарыг хөрвөх сургалтад хамруулж, багш мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүдийг 100 хувь сургалтын төлбөрөөс чөлөөлж байна. Мөн өөр мэргэжлээр их, дээд сургууль төгссөн хүмүүсийг багшлах эрхийн сургалтад хамруулж байна. Багшлах эрх аваад сайн ажиллаж байгаа хүмүүсийг хөрвөх сургалтад хамруулах гэх мэт ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Мөн багш мэргэжлээр төгссөн 20-иод мянган хүн хөдөлмөрийн зах зээл дээр байна. Эдгээр хүмүүст зориулсан ажиллах зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа.
Дээрээс багшийн цалинг инфляцтай уялдуулж үе шаттай нэмнэ.
Энэ мэт арга хэмжээнүүдийг авснаар багшийн хомсдол цаашдаа тодорхой хэмжээгээр багасна гэж тооцоолж байна. Үргэлжлэлийг https://news.mn/r/2780387/ эндээс уншина уу.
3,569.17























































Холбоотой мэдээ