Нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд-II

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд-II

Нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд-II

ХУУЧИН АВТОБУСНУУД ШАТАЖ, ШИНИЙХ НЬ МОТОР ЦОХЬСОН ШАЛТГААН

“Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг, нийслэлийн Нийтийн тээврийн газрыг 2016 оноос хойш удирдсан Д.Отгонбаатар, Ч.Сайханбаяр, С.Жавхлантбаатар нар автобусны тендер, худалдан авалтыг хэрхэн будилуулж ирсэн талаар бид өмнөх удаа мэдээлсэн. Нийтийн тээврийн салбарыг мафийн сүлжээ болгож ашигласан тэдний хэрэг ил болсноор түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорсон. Хэдийгээр сайд, дарга хоёр ёс зүйн хариуцлага хүлээсэн ч хуулийн хариуцлага дагаж байгаа. Яагаад гэвэл, тэднийг албан тушаалдаа байх хугацаанд хулгайн шинжтэй “улаан” автобусны худалдан авалт, хуучин автобуснуудын оныг залуужуулж олон нийтийг хуурдаг байсан бусармаг явдлууд гаарсан юм.

УЛААН” АВТОБУСНЫ ТЕНДЕРТ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ КОМПАНИ ШАЛГАРУУЛСАН

Сүр дуулиантай оруулж ирсэн “улаан” автобусны дөрвийнх нь мотор цохиж зогссон талаар эх сурвалж мэдээлэв. Нийслэлийнхэн анх оруулж ирэхдээ хоёр жилийн баталгаатай гэж сурталчилсан. Харин мэргэжилтнүүд Вьетнамд сэргээн засвар хийсэн “ногоон” автобусны талаар л шуугиад байгаа болохоос биш Хятадаас оруулж ирсэн “улаан” автобуснууд ч нотой гэдгийг баталж байна.

Аудитаас “улаан” автобуснуудад шалгалт хийхэд техникийн талаасаа олон зөрчил дутагдал илэрсэн гэдийг тайландаа дурдсан байгаа. Тодруулбал, “улаан” автобусны анхны тодорхойлолтод 9000сс хөдөлгүүртэй гэж заасан ч 8400сс болгож хүчин чадлыг нь бууруулан оруулж иржээ. Мөн хурдны хайрцгийг автомат гэж заасан. Гэвч механик хурдны хайцагтай байсан. Нүүрний салхины шил гурван хэсэг бүхий ойролцоогоор зургаан мм зузаантай салдаг аюулгүй байдлыг хангахаар байж. Тэгвэл салхины шил салдаггүй наамал нэг ком, хажууны шил ч мөн ялгаагүй нэг ком нийлүүлэгдсэн гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна. Тэгвэл нийслэлээс харьяа Зорчигч тээвэр нэгтгэлээс хотын үйлчилгээнд яваад нэг жил ч болоогүй байгаа 60 автобусанд сэлбэг худалдан авах тендерийг хэдхэн хоногийн өмнө зарлалаа. Нийт 400 сая төгрөгийн тендерийн хүрээнд БНХАУ-аас худалдаж авсан  шинэ “улаан” автобуснуудын цонхны шилүүдийг солихоор болсон байгаа юм.

Нийслэлээс 2021 онд автобус худалдаж авах тендер зарлахад, “Сүндэрхан минералс” гэдэг компани ногоон гэрлээр шалгарсан байдаг. Тус компани БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” буюу “Шимен голден драгон бас” үйлдвэрийн автобусыг импортлон оруулж ирсэн. Гэвч Сангийн яамнаас уг тендер шалгаруулалтын явцад будлиан орсон гэж үзэн, санхүүжилтийг нь зогсоосон байдаг. Тухайн үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, тухайн тендерт “Сүлдэрхан минералс” компани шалгарсан. Гэтэл тендерт оролцсон бусад компани 18 зүйлээр гомдол гаргасан. Манай улсын байцаагч 18 зүйлийн гомдлыг шалгахад шаардлагыг “Сүлдэрхан минералс” компани хангаагүй байсан гэж дүгнэсэн. Сангийн яамны зүгээс зарчмын хувьд энэ нь буруу гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө, нийтийн баялгаас олсон мөнгийг хэдхэн хүн нууцаар шууд гэрээ байгуулж болохгүй. Татварын мөнгө, төрийн өмчит компаниудын төсвийн зарцуулалт олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Ялангуяа худалдан авах ажиллагаа шударга болох ёстой. Сангийн яам нь ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг эрх зүйн үндэс байхгүй учраас хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй” хэмээн мэдэгдэж байлаа.

Хотын дарга Д.Сумъяабазар үүнд маш ихээр уурссан. Олны өмнө үүнийгээ илэрхийлсэн. Харин тендерт оролцсон компаниудын зүгээс хотын дарга Д.Сумъяабазар 19 тэрбумын тендерийг захирал, нягтлан хоёроос өөр ажилтангүй, маш их өр төлбөртэй компанийг хүчээр шалгаруулсан гэдэг маргаан өнөөдөр ч өрнөж байна. Нийслэлийн удирдлагууд энэхүү тендерээс хойш автобусны худалдан авалтаа нууцад оруулснаар хулгай луйвар гаарсан билээ. Мөн өнгөрсөн хугацаанд 17 автобус шатсан гэдэг мэдээллийг нийслэлээс тарааж олон нийтийг айдаст автуулахаа мартаагүй.

ХУУЧИН АВТОБУСНЫ МӨНГӨ УГААЛТAAР ГАРШСАН “ЭРДЭМ ТРАНС”, “ТЭНҮҮН-ОГОО” КОМПАНИУД

Тэгвэл элэгдэлд орж, шатсан 17 автобус бүгд “Эрдэм транс”, “Тэнүүн-Огоо” гэх хоёр компанийнх байгаа. Учир нь тэд 2009-2010 онд оруулж ирсэн автобусны аралын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсээр ирсэн. Авлигатай тэмцэх газраас “Тэнүүн-Огоо” компанийн нийлүүлсэн “ногоон” автобусны хэргээс гадна “Эрдэм транс” компанийн хэргийг зарласан. Тус компани Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь тогтоогдсон байгаа юм. “Эрдэм транс”-ын захирал нь Я.Эрдэмбилэг. А.Ганхуягийн адилаар хотын үе үеийн дарга нар, нийтийн тээврийн газрын удирдлагуудыг санхүүжүүлж ирсэн гэдгийг салбарынхан бүгд мэддэг. Жишээ нь “Эрдэм транс” ХХК-ийн үйлчилгээнд гарч буй автобусны 50-60 хувийнх нь оныг зассан гэдгийг хот болон тээврийн хяналтын байгууллагууд харсан ч хараагүй мэт өнгөрөөж иржээ. Үр дүнд нь автобус олноороо шатаж, хүний амь нас эрсдэх дөхсөн.

Нийслэлээс 2009 онд Солонгослын хуучин автобусаар парк шинэчлэл хийхэд “Тэнүүн-Огоо” 50 автобус авч байсан бол “Эрдэм транс” компани 30-ийг авч байжээ. Түүнээс хойш автобусныхаа төлбөрийг хийлгүй улсыг хохироосон этгээдүүдийн нэг нь Я.Эрдэмбилэг юм. Тэд хуучин автобусны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, будаж янзлахаас гадна нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ байнга дутуу гүйцэтгэж иржээ. Нийслэлээс улирал тутамд автобусны эргэлт, ажилласан цагийг тооцон компаниудад татаас өгдөг.  Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлсэн буюу автобусаа тоо ёсоор нь үйлчилгээнд гаргаагүй “Эрдэм транс”, “Тэнүүн-Огоо” компаниуд гүйцэтгэлээ 100 хувь гэж дүгнүүлж, татвар төлөгчдийн мөнгийг залилж ирсэн. Үүнийг нь нийслэлийн Нийтийн тээврийн газрыг 2016 оноос хойш удирдсан Д.Отгонбаатар, Ч.Сайханбаяр, С.Жавхлантбаатар хаацайлж ашиг сонирхлын хэрэг үйлдсэн байгаа юм. Энэ мэт нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд ил болсоор байна. Салбарынхан ч энэ талаар шүгэл үлээж эхэлжээ.

НИЙТИЙН ТЭЭВЭР ДЭХ МАФИЙГ ХЭРХЭН ЗАДЛАХ ВЭ?

Сайд, дарга нар ёс зүйн хариуцлага хүлээж байхад нөгөө талд компанийн захирлууд, төрийн дунд шатны албан тушаалтнууд хоригдож байна. Тэгэхээр хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Мөн автобус худалдан авахаар нууцалсан гэрээг ил болгохыг олон нийт шаардаж буй. Ер нь хотын үе үеийн удирлагуудын баяжих арга нь нийтийн тээврийн парк шинэчлэл байжээ. Тэр дундаа төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас 100 хувь санхүүжүүлж байгаа үед нийтийн тээврийн хулгай арилахгүй. Төрийн нэрээр мафижсан нэг хэсэг бүлэг шийдвэр гаргадаг учраас олон нийтийн эрх ашгийг өөрсдөөсөө дээгүүрт тавина гэж байхгүй. Анх автобусны худалдан авалт 320-иод тэрбумаар яригдаж эхлэхэд л тэнд “ногоон” автобусны хулгай, “улаан” автобусны шахаа, хуучин автобусны сүлжээ ажиллаж байх жишээтэй. Энэ хулгай “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс” зэрэг улстөрчдийг санхүүжүүлдэг компаниудад давуу байдлаар түшиглэн явагдсан. Тэгвэл нийтийн тээвэр дэх мафийг задлах нэг л арга байгаа. Тэр улс төрийн бохир санхүүжилт явдаг “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс” компаниудын олигополь байдлыг задлах юм. Өөрөөр хэлбэл, төр 2-3 компанид давуу байдалд олгох бус энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй 17 компанийг тэгш өрсөлдөөнд оруулах ёстой.  Төр аль болох худалдан авалтаас зайлсхийж, компаниудыг арилжааны шугамаар автобус худалдан авах эрхийг нээлттэй орхих хэрэгтэй. Жишээ нь, 2014-2015 онд Казахстаны үйлдвэрлэгчид 5-8 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр автобус нийлүүлэх санал тавьж байжээ. Нийтийн тээврийн компаниуд ч үүнийг дэмжиж, арилжааны банкуудтай хамтран ажиллах хэлэлцээ явагдсан байдаг. Гэтэл нөгөө л А.Ганхуяг, Я.Эрдэмбилэг нарын лобби орж, нийтийн тээвэр мафийнхан хөдөлснөөр ажил гацсан түүхтэй аж. 

Д.Мягмардорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж