“Ногоон” автобусны хэргээр хорихын хаалга татсан “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нийслэлийн Нийтийн тээврийн газрын үе үеийн удирдлагыг удирдаж иржээ. Түүний хууль бус үйлдлүүдийг хотын үе үеийн дарга нар хөхиүлэн дэмжиж ирсэн баримтуудыг дэлгэж байна.
- “Тэнүүн-Огоо” компани улсын төсвөөс 2009 онд хийсэн нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400 хуучин автобус оруулж ирсний 50-ийг нь авсан байдаг. Гэвч нэг ч төгрөг төлөөгүй. Тус компанид өгсөн 50 автобусны араас хэн ч хөөцөлдөөгүй бөгөөд 2009 оноос хойш 14 жил өнгөрчээ. А.Ганхуяг хэдхэн хоногийн өмнө баригдахдаа тэрхүү 50 автобусыг “Шалгарсан унаа” гэж тодорхойлсон. Энэ хугацаанд тэдгээр автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн.
- А.Ганхуяг нийтийн тээврийн дарга асан Д.Отгонбаатарыг ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж, зодож дарамталдаг байсан гэдгийг тухайн үеийн ойрын эх сурвалжууд баталж байгаа. Мөн “Тэнүүн-Огоо” компани нийслэлийн тээвэрт хаанчлалаа тогтоогоод байсныг Д.Отгонбаатар эсэргүүцсэн байх магадлалтай. Эсвэл авлига, ашиг сонирхлын зөрчилдөөн байсан уу гэдгийг хуулийнхан одоо шалгаж ил гаргах ёстой. Ямартай ч Д.Отгонбаатар 2017 онд ажлын албан өрөөндөө зодуулж, 3 сар эмнэлэгт хэвтсэн байдаг. Харин А.Ганхуяг ямар нэг ял зэмгүй өнгөрсөн. Удалгүй Д.Отгонбаатар ажлаа өгч, “Тэнүүн-Огоо” компанийн нөлөө нийтийн тээврийн салбарт улам тэлсэн. Д.Отгонбаатар 2016-2019 онд нийтийн тээврийн газрыг удирджээ.
- Д.Отгонбаатарын араас Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар Ч.Сайханбаяр томилогдов. Ч.Сайханбаяр нь цэвэр А.Ганхуягийн нөлөөний хүн гэдгийг нийтийн тээврийнхэн баталдаг. Тэрбээр 2019-2022 онд хотын нийтийн тээврийн салбарыг удирдахдаа парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснуудын худалдан авалтын эхлэлийг хийсэн. Өнөөдөр нийслэлийг донсолгоод буй “Улаан” болон “Ногоон” автобусны худалдан авалтын эхлэлийг тавьсан нөхөр гэж болно. “Тэнүүн-Огоо” компани тэр үеэс “Ногоон” автобус нийлүүлэх гэрээ хэлцлийг эхлүүлсэн байх нь. Ч.Сайханбаяр одоо Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа. Ийнхүү нэг газрын даргаас нөгөө газарт даргаар шилжихэд А.Ганхуягийн автобуснаас олсон хөрөнгө, нөлөө дэмжлэг болжээ.
- Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарыг суудлаас нь ховхолсон “ногоон” автобусны хэргээр шалгагдаж буй С.Жавхлантбаатар 2022 оноос Нийслэлийн нийтийн тээврийн газрыг удирдах болов. Түүнээс хойш “Тэнүүн-Огоо” компанийн луйврын автобусны хэргүүд ил болж, С.Жавхлантбаатар өөрийгөө хутгалан амиа хорлохыг завдсан. С.Жавлантбаатар нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн тасгийг олон жил удирдсан, хурандаа цолтой нэгэн. Тэтгэвэрт гараад байсан түүнийг Д.Сумъяабазар нийтийн тээврийн газрын даргаар томилсон нь өнөөдрийн байдалд хүргэсэн. Яагаад гэвэл, шинэ автобус худалдан авах гэрээ 2022 оны аравдугаар сараас хойш зурагдаж байлаа.
- Хотын дарга Д.Сумъяабазар “Тэнүүн-Огоо” компаниас хуучин автобус худалдаж авсан асуудлаас болж огцрох үедээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар зуучлуулан анх А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзсан гэж хэлсэн. Тэгвэл Д.Амарбаясгалан үүнд тайлбар хийхдээ, А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Түүнийг Дарханаас гаралтай улстөрчид ивээлдээ байлгадаг гэх үг унагаасан юм. Гэтэл “Тэнүүн-Огоо”-гийн “но-той ногоон” автобуснаас болж, ёс зүйн хариуцлага хүлээж буй нэрээр үтэр түргэн ажлаа өгсөн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан хотоос гаралтай улстөрч байж таарсан. Мөн төрийн худалдан авалтын хамгийн гол албан тушаалтан Сангийн сайд Б.Жавхлан Дарханаас сонгогдсон гэх мэт А.Ганхуягийг тойрсон улс төр өрнөж байна. А.Ганхуяг нийслэлд чанаргүй автобус өндөр үнээр шахсан гэх хэргээр хоригдож байгаа бөгөөд нийтийн тээвэр дэх мафийн толгойлогчоор тодров. Тэрбээр “ногоон” автобусны санхүүжилтэд 60 тэрбум төгрөг авсан гэх. Тэр мөнгө солонгос брэндийн нэр барьсан Вьетнам дахь хуурамч үйлдвэрийн данс руу ороод алга болсон.
Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг сүүлийн өдрүүдэд “ногоон” автобусны гэх хавтаст хэрэг нээн ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг болон зөвлөх инженер Ж.Эрдэнэбат, нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байгаа юм.
Харин 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн нийтийн тээврийг удирдсан Д.Отгонбаатар, Ч.Сайханбаяр сул чөлөөтэй зугаалж, С.Жавхлантбаатар өөрийгөө хороохыг завдан эмнэлэгт хэвтэж буй.
Ер нь нийслэлийн тээврийн салбарт нийт 17 компани үйл ажиллагаа явуулдаг гэх ч “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс”, “Сутайн буянт” гэсэн 3 компани ноёлсоор ирсэн. Түүнчлэн энэ салбарт 3 холбоо үйл ажиллагаа явуулж байгаа нэртэй ч “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийн нөлөөний “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”, 135 хуучин автосны хэрэгт ороод буй “Эрдэм транс” тэргүүтэй компаниудын нэгдэл “Онц тээвэрчин холбоо” төрийн хамаг тендерийг хамдаг. Бид дараагийн удаа “Эрдэм транс” компанийн хуучин автобус нийлүүлж ирсэн түүх болон Хятадын “улаан” автобусны тендер шалгаруулалтын талаар мэдээлэх болно.
Д.Мягмардорж
Холбоотой мэдээ