Маргааш Ардчилсан намын жинхэнэ дарга тодорно

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

Маргааш Ардчилсан намын жинхэнэ дарга тодорно

Маргааш Ардчилсан намын жинхэнэ дарга тодорно

Энэ долоо хоног Монголын улс төрд халуухан үйл явдлууд өрнөнө. Учир нь парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, зарлана. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30-наас ирэх сарын 2-ны өдрүүдэд болно. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зохион байгуулагдахаараа онцлог. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Энэхүү заалт нь батлагдсан цагаасаа хойш маргаан дагуулж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин өрсөлдөх боломжтой эсэх асуудал асуултын тэмдэг байсаар өнгөрсөн долоо хоногт шийдэгдэв. Тодруулбал, Цэц Үндсэн хуульд тусгасан дээрх заалтыг оны өмнө баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийг УИХ хүлээн авсан.

Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Тиймээс ойрын үед УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, Үндсэн хуулийн дээрх заалтыг тусгана.

ХОЁР ДАРГАТАЙ АН-ЫН АСУУДЛЫГ ДЭЭД ШҮҮХ МУХАРЛАНА 

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор маргаан дагуулсан нэг асуудал нь ийн шийдэгдсэн бол хоёр дахь асуудал нь Мягмар гаригт буюу маргааш тодорхой болно. Өөрөөр хэлбэл, АН-аас шинээр "төрсөн" хоёр даргын хэнийг нь жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар мухарлана. Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд АН хоёр тусдаа намын даргаа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө тэдний хэн нь албан ёсоор АН-ын даргаар бүртгэгдэх вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Одоогоор хоёр тал тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар өмнөх НИЙТЛЭЛДЭЭ онцолсон.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарласан нь Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар юм. Мөн Э.Бат-Үүл,  Х.Тэмүүжин, З.Энхболд нар горилж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өрсөлдөнө гэсэн мэдээлэл ч бий. Гэхдээ түүний хувьд одоогоор бие даагч статустай.

МАН-ын хувьд намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой. Нөгөөтэйгүүр МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүх гишүүдээсээ бус, намын Их хурлаараа тодруулдаг. Харин АН-ын хувьд бүх гишүүд дундаасаа буюу дотоод сонгууль зохион байгуулж, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ. Уг дотоод сонгууль энэ долоо хоногт явагдаж, дээрх нэр бүхий горилогчдын хэн нь гишүүдээсээ олон санал авна тэр хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших визээ авна гэсэн үг. Гэхдээ үүнээс өмнө АН дотоод учраа олж нэгдэх зүй ёсны шаардлага тулгарч байна.

Өнгөрсөн хугацаанд уг асуудлаар хоёр тал хэдэнтээ уулзалт хийж, зөвшилцлийн ажлын хэсэг хүртэл байгуулсан боловч тусыг эс олсон. Иймдээ ч намын даргын дотоод сонгуулийг хоёр тусдаа зохион байгуулсан нь өдгөө Дээд шүүхийн эцэслэх асуудал болж хувирсан. Шинээр сонгогдсон дарга нарын хандлага, харилцан буулт хийх чадвараас намын эв нэгдэл хамаарна гэдгийг АН-ын зарим гишүүн хэлж буй.

МАХН МАН-ТАЙ НЭГДЭХ ҮҮ?

УИХ-д суудалтай МАХН болон ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор тун бүрхэг байна. МАХН-ын хувьд МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй. Уг яриа удаан хугацаанд яригдаж ажлын хэсэг ч байгуулсан. МАХН-аас сонгогдсон ганц гишүүн болох С.Ганбаатарын хувьд МАН-тай нэгдэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Түүний хувьд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай нь. Өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байсан. МАН, МАХН нэгдсэн ч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Учир нь “Та бидний эвсэл”-д хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь хэвээрээ байгаа юм.

УИХ-д суудалтай ХҮН-ын тухайд, санал асуулгаар хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ мэдэгдэж, хавь ойрын хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлэхийг уриалсан. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Улсын эрх ашиг чухал үед АН, МАН, чөтгөр байсан ч бид нэгдэнэ" гэж хэлсэн юм.

Ямартай ч ирэх өдрүүдэд улс төрийн "халуун" үйл явдлууд өрнөх бөгөөд намуудын хувьд хариуцлагатай үе ирж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж