Ерөнхийлөгчийн сонгууль: АН-ын шалгуур ба санаархагчид

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Ерөнхийлөгчийн сонгууль: АН-ын шалгуур ба санаархагчид

Ерөнхийлөгчийн сонгууль: АН-ын шалгуур ба санаархагчид

Улсын дээд шүүхийн энэ сарын 23-ны хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, АН-ын хоёр талаас шинээр сонгогдсон даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

Тодруулбал, дотроо хоёр хуваагдсан АН шинэ даргаа тус тусдаа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр намын даргатай болсон. Тэдний хэнийг нь АН-ын жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв Дээд шүүх алийг нь ч намын даргаар бүртгэхээс татгалзвал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН дотроо учир зүйгээ олж нэгдэх шаардлага зайлшгүй тулгарна.

Одоогоор хоёр тал тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байна. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд хоёр талынхан уулзалдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дундаасаа тодруулах талаар хэдэнтээ ярилцаж, санал солилцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 9-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Дээрх хугацаанд багтаан АН нийт гишүүдийнхээ дунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийг зохион байгуулахаар ажлыг хэсгийг байгуулсан. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн хүмүүс АН-ын дотоод сонгуульд өрсөлдөнө. Дотоод сонгуулиар гишүүдээсээ хамгийн олон санал авсан хүнийг тавдугаар сарын 2-нд болох Их хурлаараа ёсчлон батламжлах юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд "Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон. Мөн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заажээ. Дээрх шалгууруудыг хангасан хүнийг намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр  Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин нар горилж байна. Х.Тэмүүжингийн хувьд О.Цогтгэрэлийн талын АН-аас нэр дэвшихээр төлөвлөжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч өрсөлдөх сонирхолтой байгаа аж.

Түүнийг 2020 оны сонгуулиас өмнө АН-ын гишүүнээс хассан. Тиймээс өнгөрсөн сонгуульд бие даан нэр дэвшсэн. “Намаас хассан дээрх шийдвэрийг буцааж, залруулах байх” гэж тэрбээр өмнө нь хэлж байсан юм. Хэрэв намын гишүүнээр нь буцаан бүртгэвэл Ерөнхийлөгчид сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.

М.Тулгат даргатай АН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх таван ч ажлын хэсгийг байгуулсан. Өчигдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал цахимаар хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох шалгаруулах журам болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчид АН-аас тавигдах шалгуурын төсөл зэрэг үндсэн таван асуудлыг хэлэлцжээ. Нэр дэвшигчдэд АН-аас тавигдах шалгуурын төслийн ажлын хэсгийн даргаар Б.Гарамгайбаатар ажиллаж буй. Төсөлд ҮБХ-ны гишүүдийн санал тус бүрийг нь тусгаснаар эцэслэн батлах юм. Одоогоор төсөлд тусгагдаад буй Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд АН-аас тавигдах шалгуурыг  хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС НЭР ДЭВШИГЧИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:

  1. Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна.
  2. Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлага гаргахгүй байна.
  3. 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох Парламентийн засаглалыг тууштай хамгаалагч байна.
  4. Хүн төрөлхтөний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачлага гаргахгүй байна.
  5. Улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна.

Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна.
  2. Монголын болон монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна.
  3. Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна.
  4. Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна.
  5. Хоёроос доошгүй гадаад хэлийг эзэмшсэн байна.

Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

  1. Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна.
  2. Өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байна.
  3. Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна.
  4. Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.
  5. Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж