Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хэвлэл мэдээллийн салбарын уран бүтээлчид болон сэтгүүлчдийн дунд зарласан билээ. Уг уралдааны зорилго нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд, богино хугацааны бодлого, үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл, хандлага, ойлголтыг төлөвшүүлэх, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах болон агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Уралдаанд 30 гаруй сэтгүүл зүйн бүтээл ирсэн бөгөөд мэргэшсэн сэтгүүлчид болон БОАЖЯ, АХБ-ны зөвлөхийн бүрэлдэхүүнтэй баг, шилдэг бүтээлүүдийг шалгаруулан тавдугаар сарын 19-ний өдөр шагнал гардууллаа.
Уралдааны тэргүүн байранд NEWS.MN сайтын бэлтгэсэн “Хятадын агаарын “цэвэрлэгчид” буюу нүүрсэн яндангийн наймаачид” сурвалжлага нийтлэл, тусгай байранд Eagle телевизийн сэтгүүлч Э.Оюун-Эрдэнийн “Агаарын бохирдлын өвчлөл” нэвтрүүлэг шалгарсан юм.
Тэргүүн байрын бүтээлтэй ЭНД-ээс танилцана уу.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Азийн хөгжлийн банк” болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл”-ийн ажлыг хэрэгжүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд 2019-2020 оны хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлж, ард иргэдийг соён гэгээрүүлэхэд идэвхтэй зүтгэлтэй ажилласан сэтгүүлчдийг шалгаруулан урамшуулал олгож байна. Энэ төслийн хүрээнд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний үр дүнд агаарын бохирдлыг эрс бууруулж чадлаа. Мөн төрийн болон төрийн захиргааны байгууллагууд, эмнэлгүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлсэн бөгөөд олон жилийн насжилттай 400 гаруй тээврийн хэрэгсэлд, бүрэн шаталтыг дэмжих тоног төхөөрөмж суурилуулсан. Цаашид агаарын бохирдлыг бууруулах ажлууд үргэлжлэн явагдах болно. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийн иргэд олон нийтийг зөв хандлага, зөв ойлголтод чиглүүлэх ажлууд нь агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй юм. Энэхүү уралдаанд бүтээлээ илгээсэн нийт сэтгүүлчдэдээ талархлаа, шагналтнууддаа баяр хүргэе” хэмээв.
Засгийн газар, БОАЖЯ-ны зүгээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Ялангуяа түүхий нүүрсний хэрэглээг хориглосноор агаарын бохирдол өмнөх жилүүдээс буурсан, Тавантолгой шахмал түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангаж эхэлснээс хойш агаарын бохирдол буурсан. Мөн энэ жил дахин Тавантолгой түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр дахь үйлдвэрийг барих Засгийн газрын тогтоол гаргаж, бэлтгэл ажилдаа ороод буй.
Төр, засгийн зүгээс шийдэмгий, тодорхой арга хэмжээнүүд авч байгаа энэ үед агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо маш чухал. Тиймээс News агентлагийн зүгээс агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо чухал хэмээн үзэж, нийтлэл, сурвалжлагаа бэлтгэн хүргэсэн билээ.
Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ